Дуудах нэрийг эцэг, эх, дуурсах нэрийг өөрөө олдог гэдэг. Төв аймгийн Өнжүүл сумын Махбалын Жаргалсайханыг “Баянбууралын” Жаргалсайхан гэдгээр нь яруу найрагчид андахгүй. Баянбууралын ариун дагшин байгальдаа “эрхлэн хөлбөрч”, яруу найргийн онгод, гэрэл зургийн урлахуйг хөглөж суугааг хараад “Эр хүний жаргал эзгүй хээр” гэдэг л энэ байх гэж бодогдоно. Түүний өвөрт тэмдэглэлийн дэвтэр, үзэг байнга “зорчдог” бол одоо зургийн аппарат мөрөнд нь үргэлж “тухалдаг” болжээ. Гэрэл зураг эрэл зураг, бие даасан ертөнц, уншиж болдог яруу найраг гэж тэрбээр тунхагласан. Галт тэрэг орсон зураг авахгүй бол болдоггүй, хошуу ороогоод л гүүрэн дээгүүр утаагаа савсуулаад зүтгэж байгаа галт тэрэг харц булааж, тэр л агшныг гэрэл зурагт үлдээн, бусадтай хуваалцах сан гэсээр галт тэрэг орсон зураг авах зуршилтай болсон гэж ярих түүний харцанд бахдал мэдрэгдэнэ. М.Жаргалсайхан найрагчийн амьдралд алдар нэр, алдаа оноо бүгд багтдаг. “Замчин” шүлэгтээ
...Дэр моддын тоогоор шүлэг бичиж
Дэлхийд та нараараа би бахархах гэсэн юм аа
Цолмон одтой үүр шөнөөр
Цонхон цаагуур галт тэрэг өнгөрөхөд
Зүүдээ хугасалж сэрдгээ зүгээр л жаргал гэж санадаг
Алдрын гэрэлтэй ажилчин хүн Замчин таны
Асгарсан хөлсний дусал болгонд Монгол минь багтдаг...
Нутаг усныхаа тухай бичихдээ сонин содон зүйрлэл, адилтгалыг оновчтой дадамгай хэрэглэдэг түүний онцлог, хүний олж хараагүй, хэлж амжаагүй гоо сайхныг илрүүлнэ гэдэг одот эрхэс нээснээс ялгаагүй хэмээн нэгэн яруу найрагч тодотгосон.
Хэр зангарагтай яруу найрагч болохыг нь Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсан М.Жаргалсайханы “Бүлэг одны гэгээ” номын мялаалга өргөх үгэндээ, “М.Жаргалсайхан бидэн хоёр үйлийн үргүй нэг голынх. Тэр голын эрэгт таана замбагалж, адуу тургилж байдаг. Хүн жаргаж, хүүхэд төрж, мал бэлчиж, айраг сэнгэнэж, уртын дуу хангинасан нутаг. Энэ газрын диваажинд шүлэг бичихийн “донтой” хүмүүн олон төрдгийн зах зух нь бид хоёр. М.Жаргалсайхан их ишлэлттэй тодотгол хэрэглэдэг, этгээдлэн онч цэц сайтай найрагч юм... Энд бичсэн бидний шүлгийн хур цэнхэр Өнжүүлд минь бороо болон цутгаж байг...” хэмээн онцолж тодруулж өгчээ. 1997 онд “Эвтэй дөрвөн амьтан” шүлгээрээ “Ган үзэг” яруу найргийн наадамд түрүүлж байсан аж.
УБТЗ байгуулагдсаны 60 жилийн ойд зориулан гэрэл зургийн уралдаан зарлаж, сонирхогчдын гэрэл зургийн ангилалд “Тэмээт эргүүл” зураг нь тэргүүн байр эзэлж байсан түүхтэй. “Ган зам” сонины эрхлэгч Л.Сэнгээ утасдаж, “Гэрэл зураг чинь нэгдүгээр байр эзэлсэн шүү. Хаана гүйж яваад сонирхолтой зураг авчихав аа” гэж баярт мэдээг дуулгаж байжээ. Нэгэн зун Баянбууралд ирж амарсан нэгэнд говийн төмөр замчин дөрөө дарсан аттай эргүүл галт тэргэнд дохио өгдөг байсан тухай хуучилж, гэрэл зургийн хальснаа буулгах юмсан гэж хэлжээ. Түүний яриа тэр амрагчийн сэтгэлд хоногшиж үлдсэнээр дараа зун нь биеллээ олжээ. Говийн залуу Чойрт ирэхийг хүсэж, “Би энд тэмээ бэлдчихлээ, нөгөө зургаа ав” гэснээр “Тэмээт эргүүл” гэрэл зургийн хальснаа ийн буужээ.
“Их үдийн нарны зураг түлэгдээд байдаг, өглөө, оройн нарны үеэр авсан зураг гоё гардаг. Санаандгүй дарсан зураг ч их сайхан гардаг. Төмөр зам орсон зураг авах маш олон өнцөг байдаг. Төмөр зам амьтай. Замын ивүүрийг л харахад шүлэг ч төрнө, кадр ч олон дарна. Төмөр зам гэдэг халуун ам бүлд нэг л багтсан бол тэндээ амьдралаа зориулах хэрэгтэй. Өгөөжтэй, тос даасан, аяганы амсар дээшээ айл шүү” хэмээн чин сэтгэлээсээ тэр хүүрнэнэ.
Төв аймгийн Өнжүүлийн хүү төв сайхан нутагтаа бууриа сэлгэж Цээл суманд холбоочноор хэсэг ажиллаж, 1984 онд Аршаантад замчнаар, 1986 онд Баянбуурал амралтын газарт туслах ажилтан, сантехникч, уурын зууханд механикч, жижүүрээр 2015 он хүртэл ажилласан замналтай. Галт тэргэнд сууж үзээгүй түүнд энэ хүчирхэг “урт амьтан” айдас дагуулсан, суухаас ихэд жийрхдэг унаа байж. Замын мастертайгаа хот руу ажил хөөцөлдөж буцахдаа галт тэргээр зорчихдоо айдсаа даван туулжээ. “Анх удаа зорчиж байгаагаа мастертаа нэрэлхээд хэлсэнгүй. Ихэд сандарч бушуухан эхний сандал бараадан түгшүүр дүүрэн суусан. Гэтэл вагон маш зугуухан хөдөлж байна шүү. Гайхаад, өнөөдөр хүн нь ихэдсэн юм байх даа хэмээн бодож, мастерынхаа тайван царайг хараад дотор уужирч билээ” гэж дурсамжаа хуваалцсан. М.Жаргалсайханыг цэргийн найз Саяннямбуу, Эмээлтийн 84 дүгээр гармын жижүүрээр ажиллаж байсан түүний ээж Памжав нар төмөр замтай ажил, амьдралаа холбох гарааг эхлүүлж өгсөн ачтай хүмүүс.
Баянбууралын “савдаг” Жаргалсайханд төмөр замыг огшоосон утга уянгын шүлэг, найраг бичих онгодыг хөглөжээ. Төмөр замын бүх мэргэжлээр шүлэг бичсэн байна. Галт тэрэгний үйлчлэгч, замын мастер, галт тэрэгний дарга, вагон үзэгч, замчин зэрэг 20 орчим шүлгийг энд тэрлэжээ. Түм бум холхисон алтан замын уулзвар газар дээр дэлгэсэн ном шиг ордон, хүн зоны хөл тасрахгүй энэ сайхан нутагт яруу найргаараа сэтгэлээ хөглөж, гэрэл зургаар мэлмийгээ мялааж Баянбууралын тухай шүлгээ бичжээ.
...Нар туссан тэнгэрийн цэнхэр уул
Найраг шүлэг хөгжөөсөн төгс хийморь нутаг
Шувууд чуулсан хаврын нуур шиг
Шуугиан тасардаггүй, уянга дууны эгшиг цангинасан
Учрал ерөөлийн Баянбуурал аа...
Төмөр замын Баянбуурал амралтын ариун дагшин байгаль, үзэсгэлэнт Хараа гол, горхи, мөнх хөх тэнгэр, шувуудын жиргээ бүхлээрээ түүний найргийн амин сүнс. Энэ сайхан нутагт гэргийтэйгээ учирч, гал голомтоо бадраасан. М.Жаргалсайхан “Байгалийн эргэх дөрвөн улирал Баянбуурал амралтыг гоёж байдаг. Гадаа “зэлэн дээр” галт тэрэг гэдэг сайхан унаа өдөр, шөнөгүй ирж зогсдог. Хүн “дүртэй” амралт. Зарим хүмүүсийн хоёр дахь гэр нь болчихсон. Утаатай Улаанбаатараас Баянбууралаа санагалзаад гүйгүүл морь шиг хүрээд ирнэ. Анх УБТЗ-ын нэгдүгээр орлогч байсан Н.Цэрэнноров даргын санаачилгаар хойшоо 284, урагшаа Үдлэг хүртэл хоёр, гурван газраас Хараа голын эрэг дэх сайхан дэнжийг сонгосон. Уул хайрхан шүншигтэй, домог тууль ихтэй нутаг. Баянбуурал амралтын газрын дарга Ц.Цэрэндорж их зүйл хийсэн. Одоогийн амралтын дарга Д.Ганбат зориуд магтмаар байна. Бизнесийн эргэлтэд оруулж, нэгэн цул хамт олныг бий болгож, сүүлийн 5-6 жилийн дотор энэ амралтын нүүр царайг жинхэнэ өөрчиллөө. Хойд хэсэглэлд байхгүй жишиг спорт заалтай болсон гэдэг” хэмээн бахархан өгүүлж байсан.
Төмөр замын сэдэвтэй утга зохиолын санг улам баяжуулж, утга зохиолоор дамжуулан төмөр замчдын ажил үйлс, амжилт, мэргэжлийн онцлогийг олон нийтэд таниулан, соён гэгээрүүлэх замд Соёлын Гавьяат зүтгэлтэн Л.Сэнгээ “уруу татаж”, тэд Монголын зохиолчдын эвлэлийн гишүүнээр нэг өдөр элсэж байжээ. Яруу найрагч Д.Баатаржав, Монголын төмөр замын гүйцэтгэх захирал Р.Батсүх, Салхитын вагон үзэгч И.Батсайхан нартай Төмөр замын утга зохиолын нэгдлийн галыг бадрааж явсан аж. “Ган зам” сонины эрхлэгч, үйлдвэрийн дарга асан Ж.Нямдаш “Төмөр замын шүлэгтэй авьяастай хүү байна” гэж үнэлснээр “Ган зам” сонины сурвалжлагчаар хэсэг ажилласан үе түүнд бий. Төмөр замын гэрэл зурагчин Д.Лхагвасүрэн гэрэл зурагт “дурлуулсан” багш нь. Багшдаа зориулж “Дурангаар бүтээсэн амьдрал буюу гэрлээр зурсан зам” хөрөг нийтлэл бичиж “Ган зам” сонинд мөнхөлжээ. М.Жаргалсайхан “Ганзам” сониндоо хайртай, сэтгэлд дотно, долоо хоног бүр сониноо хүлээдэг. Төмөр замаар амьсгалж, төмөр замын төлөө цохилох зүрхтэй хүн бүр унших хэрэгтэй. “Төмөр замтай холбоотой бүх мэдээллийг авч байгаа жинхэнэ амьд холбоо юм. Наймдугаар нүүрний тэргүүн хэсэгт “Галт тэрэгний цонхоор”, “Сэтгэлийн анир” буланг заавал өнгийж хардаг. Төмөр замчдын индэр нь болж, ажил мэргэжлийн онцлог, эгэл замчдынхаа амьдралыг оюуны мэлмийдээ тунгаан “урладаг” сэтгүүлчийн ажил их онцлогтой хөдөлмөр шүү” хэмээн хүүрнэхийг сонсоход урамтай байлаа.
М.Жаргалсайхан сүүлийн арваад жилийн хугацаанд гэрэл зургийн хальснаа мөнхөлсөн гэрэл зураг, яруу найргийн цомог, ая дууны дээжээрээ “Учрал ерөөлийн Баянбуурал” уран бүтээлийн тайлан тоглолтоо хийхээр зэхэж буй.
...Газрын татах хүч
Ган судасны цохилготой
Өрнөх дуу нь жавар хөлөргөсөн
Өвлийн галт тэрэгний дуунаар шүлэг найргийн онгодоо хөглөж, гэрэл зургийн содон агшинтай “хөөцөлдөж”, ач зээгээ ирэх сургаар бүхнээ умартаж тэдэндээ нялхамсаж, буйдхан Баянбууралдаа сэтгэл тэнүүн сайхан амьдарч байна даа.
П.Түмэндэмбэрэл