Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны дарга Ц.Ариунбаттай ярилцлаа.

 

-ЦХОБА төмөр замд ямар чиг үүрэгтэй, хэрхэн ажиллаж байна вэ?

 

-Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын алба нь бүтэц орон тооны хувьд 501 ажилтантай, 13 салбар нэгж, анги, салаа гэсэн бүтэцтэй. Төмөр замын хөдөлгөөний болон ачаа, обьектын  аюулгүй байдлыг ханган, хамгаалах чиглэлээр ажил үүрэг гүйцэтгэдэг. Бид ажил үүргийнхээ хүрээнд ЗТЯ болон Замын захиргааны тухайн жилд дэвшүүлсэн зорилт, бодлого чиглэлийн дагуу ажлаа чиглүүлж, үүргээ гүйцэтгэн ажилладаг. 2024 онд Зам, тээвийн сайдын албан даалгаварт чиглэл болгон “Бүрэн цахимжсан, бүтээмжийг нэмэгдүүлж, хариуцлага, үр дүнг тооцох” тухай, Замын даргын тушаалаар “Менежментийн нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлэх жил” болгон зарласны дагуу зорилт тавьж, хэрэгжилтийг хангаж ажилласан. Тухайлбал, “Менежментийн нэгдсэн тогтолцоо” гэдэг нь байгууллагын өнгө төрх, имиж, эмх цэгц, зөв, ойлгомжтой зохион байгуулалттай, мөрдөгдөж байгаа стандартад нийцсэн байхад анхаарч, албаны гүйцэтгэж байгаа үүргээр гамшиг осол болон онцгой байдлын үед Монгол Улсад энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагын дагаж мөрдөх стандартыг хэрэгжүүлэх, хөрсөнд буулгах, зорилго чиглэлтэй. Мөн харуул хамгаалалтын чиглэлээр мөрдөгдөж буй хууль, дүрэм, Төмөр замын обьект, ачаа, вагоны хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр орчин үеийн техникийн дэвшлийг үйл ажиллагаанд ашигласан, ажлын үр дүнд дэвшил гаргасан байх тал дээр албаны удирдлага анхаарлаа хандуулан ажиллалаа. Иймээс харуул хамгаалалтын чиглэлээр мөрдөгддөг стандартыг  хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүллээ. Ер нь, нөгөө талаас нь харвал манай байгууллагын харуул хамгаалалтын үйл ажиллагаа онц аюултай, тэсэрч дэлбэрэх бодис, үнэтэй ачаа барааг хамгаалдаг нь дотоодын цэргийн үйл ажиллагаатай төстэй, ижил төрлийн ажил гэж харагддаг.

 

-Танай алба үйл ажиллагаагаа тэлж, нэлээд зүйлийг өөрчлөн МНТ стандарт хангаж ажилласан юм байна. Энэ талаараа танилцуулна уу?

 

-2023 оноос эхэлж хаанаас нь ч харсан Цэрэгжүүлэн хамгаалалт, онцгой байдлын алба юм байна гэдгийг илтгэх, өнгө төрх, үзэмж бүрдүүлэх зорилго тавьсан. Энэ байдлаа замын удирдлагад танилцуулан ойлгуулж ажилласнаар 2023 онд Зүүнхараа, 2024 онд Улаанбаатар Цэрэгжүүлсэн хамгаалалтын ангиудад 170-388 сая төгрөгийн их засварын  ажлыг гүйцэтгүүлж, ажилтны ажиллах ая тухтай орчин бүрдүүлэх, ажил үүрэг гүйцэтгэх идвэх санаачилгыг өрнүүлэх, техникийн болон тусгай хэрэгслийн хангамж, хүртээмжийг дээшлүүлэхэд түлхэц болсон үр дүнтэй ажил болсон. Эхлүүлсэн ажлаа цаашид үргэлжүүлэн 2025 онд Чойрын цэрэгжүүлсэн хамгаалалтын ангийн байранд их засварын ажил хийх 450 сая төгрөгийн зураг төсөл, төсвийг гаргуулсан. Энэ оны төсвийн төлөвлөгөөнд батлуулан засварын ажлыг эхлүүлээд явж байна. Манай албаны 13 анги, салааны долоо нь зөвхөн харуул хамгаалалт, зургаан анги нь харуул хамгаалалт, онцгой байдлын чиглэлийн гал унтраах хэсэгтэй хоёр чиглэлийн ажил үүрэг гүйцэтгэдэг. Иймд техник хэрэгслийн болон ажлын байр, конторын барилгын их засварын шинэчлэлтийг гал унтраах хэсэгтэй ангиудаас эхлүүлэн хэрэгжүүлсэн. Тухайлбал, Зүүнхараа, Улаанбаатар, Чойр, Сайншанд гэх мэтчилэн явж байна. Сайншандын цэрэгжүүлсэн хамгаалалтын анги нь өөрийн байргүй. Өмнө нь ажил үүрэг гүйцэтгэж байсан байр нь актлагдсан тул шинэ барилгын зураг, төсвийг  2.7 тэрбум төгрөгийн өртөгтэй хийлгэн батлуулж, барилгын ажлыг энэ оны хагас жилийн тодотголоор шийдвэрлүүлэхээр замын удирдлагад уламжлаад байна.

Мөн ХАБЭА-н чиглэлээр ажлын тусгай хувцас хэрэглэл чанарын шаардлага хангаж байна уу, цэрэгжсэн байгууллага ямар хэмжээнд байх ёстой вэ гэдэгт анхаарлаа хандуулан нэлээд ажлыг санаачлан хийж байна. Манай алба хаагчид ганц ээлжийн хувцастай. Вагоны паркийн талбай дээр ч, баяр ёслолоор ч ганц хувцсаа өмсдөг байсан. Энэ нь ХАБЭА-д ч, өнгө үзэмжид ч ажилтаны ажил үүргээ гүйцэтгэхэд нийцэхгүй байсныг судалж үзэн Замын даргад танилцуулан, ЦХОБА-ны дүрэмт хувцас болон ажлын хувцасны шинэ загварыг гарган, журмыг боловсруулж, шинэчлэн батлуулсан. Энэ ажлыг маань ойлгож удирдлагын зүгээс дэмжлэг үзүүлэн 500 орчим сая төгрөгөөр бүх ажилтныхаа хувцас хэрэгслийг шинэчилсэн. Өдөр тутмын ажлын хувцас нь хөдөлгөөнд саад учруулахгүй, чөлөөтэй, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй стандартын дагуу шаардлагыг бүрэн хангасан байх ёстой. Энэ шаардлагын хүрээнд загвар, материал, оёдолын чанарт нь анхаарсан, Мөн ёслол, амралтын хувцас гэж огт байгаагүйг загвар, нормчлолыг гаргаж хамт батлуулсан нь ажилчдын урам зоригийг сэргээх, албандаа итгэл үнэмшилтэй, үнэнч ажиллахад түлхэц өгсөн ажил болсон гэж албаны удирдлагын хувьд үзэж байгаа. Энэ ташрамд бидний санаачилга, хүсэлтийг хүлээн авч байнга дэмжлэг үзүүлэн шийдвэрлэж байгаа Замын удирдлага, орлогч дарга нартаа хамт олныхоо өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье.

Тусгай хэрэгсэл буюу гав, бороохой, бээлий, хантааз ч шинэчлэгдсэн. Өнгөрсөн онд төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлын хантаазыг манай албанаас тусдаа шинэчлэн баталсан. Учир нь төмөр замын өртөө, паркийн  талбайд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үл тохирол гарсан үед камер болон бусад нөхцөл байдлыг үнэн бодитой тогтоох ажлын үед хамгаалалтын ажилтан уу, төмөр замын ажилтан уу гэдэг нь ялгагдахгүй байсан. Иймээс ЦЕГ-аас албан ёсны зөвшөөрөл авч ялгарах хувцас хэрэгсэлтэй болгосон. Техник хэрэгслийн хувьд албаны хэмжээнд дийлэнх тусгай зориулалтын техник, автомашины  гүйлт, норм, эдэлгээ дууссан байгаа. Ийм байдлаар гамшиг ослын үед ажил үүргийг гүйцэтгэх боломжгүй. Тиймээс гал түймэр унтраах ажлын үед ашиглагддаг орчин үеийн шаардлагад нийцсэн дэвшилтэт техник хэрэгсэлтэй байх ёстойг Замын удирдлагад танилцуулснаар эхний ээлжинд хоолой, галын хошуу, галын байлдааны хувцсыг иж бүрэн шинэчилсэн. Энэ онд гал унтраах автомашиныг шинээр худалдан авах судалгаа хийн удирдлагад танилцуулж, оны төсөв төлөвлөгөөнд тусгуулан ангийн хүн хүч, хүчин чадалд тохирсон техникийн тодорхойлолт боловруулан, одоо худалдан авах ажлыг эхлүүлэн тендер зарлаад явж байна.

Албаны хэмжээд зургаан ангийн 12 машинаар албан үүргээ гүйцэтгэдэг. Цаашид бүх талаараа орчин үеийн техник технологитой хөл нийлүүлсэн техник хэрэгслээр ажил, үйлчилгээг явуулах зорилготой төсөв хөрөнгийн бололцоо нөөцөд тулгуурласан, зөв бодлогыг барьж, үе шаттайгаар техник хэрэгсэлийн парк шинэчлэл хийхийг зорин ажиллаж байна. Үйл ажиллагаа нь тэр хэмжээгээр түргэн шуурхай, чанартай, хэрэгцээ шаардлагад нийцсэн байх ёстой гэсэн зорилготой юм. Техник хэрэгслийн шинэчлэлийн хажуугаар хүний нөөц, ажиллах хүчний тогтвор суурьшил, мэргэжил, боловсролыг дээшлүүлэх, ур чадварыг ахиулах, сургалтын чанарыг шинэ түвшинд хүргэхэд анхаарч бодлогын баримт бичиг, дүрэм, журмуудыг шинэчлэн батлуулж ажиллаж байна.

 

-Одоо ямар асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна вэ?

 

-ЗТЯ-аас харьяа салбар байгууллагуудаа цахимжуулах, үйл ажиллагааг ил тод, шуурхай, хүртээмжтэй, ойлгомжтой байлгах талаар шаардаж, үүрэг чиглэл өгч, зорилт тавьж байгаа. Үүнтэй нийцүүлэх, аливаа ажил үйлчилгээг явуулахдаа цаасан хэлбэрээс аль болох татгалзах, ажлын үр дүнг дээшлүүлэх, хялбар болгох зорилгоор УБТЗ-ын хэмжээнд хэрэгжих “Цахим харуул” хөтөлбөрийг боловсруулан техник эдийн засгийн судалгааг холбогдох албадтай хамтран гаргаж, удирдлагад танилцуулан шийдвэрлүүлэхээр холбогдох албанд хүргүүлээд байна. Хөтөлбөрийн зорилго нь харуул хамгаалалтын ажлыг орчин үеийн, техникийн дэвшлийг ашиглан чанартай, түргэн шуурхай үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх юм. Одоогоор төмөр замын 12 зангилааны 78 байгууллагын 99 байршил энгийн харуул хамгаалалттай байна. “Цахим харуул” хөтөлбөр хэрэгжсэнээр ЦХОБА-ны салбар ангиуд УБТЗ-ын харьяа салбар нэгж байгууллагуудыг бүрэн хамгаалалтад авна гэсэн үг.

Ерөнхий хороо, Замын удирдлагаас албаны бүтэц  орон тоог оновчтой болгох, ажил үүрэг гүйцэтгэлийн давхардлыг арилгах, удирлагын хөдөлмөр зохион байгуулалтыг  сайжруулах зэрэг чиглэл өгсөн. Уг шаардлагыг анхаарч үзэн бид орон тоо нэмэхгүй, харуул хамгаалалтын үйл ажиллагааны чанарыг сайжруулах зөв гарц нь камерын хяналтын системд шилжих явдал юм. Цахим харуул гэдэг нь камерын хяналт гэсэн үг. Одоогоор нэг постонд таван хүн үүрэг гүйцэтгэдэг. Чанар стандартын шаардлагад нийцсэн камер ажиллуулснаар аюул, эрсдэлийг урьдчилж мэдэх, асуудал үүсэхэд түргэн шуурхай үйлчлэх  давуу талтай болно. Шуурхай бүрэлдэхүүн ажиллуулж, камерын хяналтаар зөрчлийг илрүүлж богино хугацаанд, түргэн шуурхай  арга хэмжээ авах боломжтой болно. Энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлбэл тус албанд камерын хяналтын харуул, шуурхай харуулын бүрэлдэхүүн гэдэг шинэ ойлголт, ажлын байр бий болно.

Энэ хөтөлбөр нь төлөвлөгөөгөөр найман жилийн хугацаанд үе шаттайгаар хэрэгжих юм. Эхлээд хил орчмын Замын-Үүд, Сүхбаатар өртөөнөөс эхлээд төмөр замын хэмжээнд хэрэгжинэ. Төсөв хөрөнгө нэлээд шаардагдахаар харагдаж байгаа ч үйл ажиллагаа жигдрээд ирэхээр хүний хүчээр хамгаалж, түүнийг дагасан цалин, тэтгэвэр тэтгэмж, хувцас формын зардал 40 орчим хувиар хэмнэгдэнэ гэж тооцож байгаа. Цаашид хөтөлбөр батлагдаад төсөв хөрөнгө нь шийдвэрлэгдвэл алба одоо байгаа бүтэц орон тоог цомхотгол хийх нь гэж ойлгож болохгүй. Шилжилт хөдөлгөөн, тэтгэвэрт болон бусад шалтгаанаар гарах хүнийг тооцож, шинэ хүний нөөцийн нөхөн хангалт хийлгүй бүтэц орон тоог цөөлөх замаар шийдвэрлэнэ гэж төлөвлөж байна. Жишээ нь, одоогоор Замын-Үүд ЦХА 56 ажилтны орон тоотой. Уг хөтөлбөр хэрэгжсэнээр 20 орчим хүний бүрэлдэхүүнээр бүтэн зангилааг хамгаалалтад авах боломжтой. Хүнээс үл шалгаалан обьектыг бүрэн чанартай хянахаас гадна өөр олон талын ач холбогдолтой. Тухайлбал, камерын хяналт нь зөвхөн харуул хамгаалалтын чиглэлээр ашиглахаас гадна төмөр замын бүсэд хөдөлгөөний аюулгүй байдал, гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэх, төмөр замын ажилтуудын  аливаа үл тохирол, үйлдлийн бодит үнэнийг тогтоох ажилтны эрх ашиг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж, зөв оновчтой арга хэмжээг хэрэгжүүлэх, шийдвэрлэхэд олон талын давуу талтай гэж харж байна даа.

 

-Сүүлийн үед хийж хэрэгжүүлж байгаа ажлаасаа танилцуулбал?

 

-Хамгийн чухал нь техник технологи гэхээс илүү ажилтнаа нэгдүгээрт тавих ёстой. Иймд ажиллах орчин нөхцөл нь сайн, өмсөх хувцас хэрэгсэл нь стандартын шаардага хангаж байх ёстой.  Миний бодлоор ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажилтан ая тухтай ажлын байр, биед тохирсон дулаан хувцастай байхад ажлын чанарт хүртэл нөлөөлнө гэж боддог. Иймд ажилчдын өмсөж байгаа хувцсанд судалгаа хийж үзэхэд гутлын чанар муу, гадаа хүйтэнд зогсоход доороос нь их жиндүүлж байна гэсэн нөхцөл байдал тогтоогдсон. Тиймээс Худалдан авах ажиллагаа, борлуулалтын албатай ирэх оны гутал ямар байх талаар ярилцаж, техникийн тодорхойлолтод өөрчлөлт оруулахаар тохиролцсон гэх мэт олон ажлыг төлөвлөж хийж хэрэгжүүлж байна.

Нөгөө талаар төмөр замд цэрэгжүүлсэн ганц байгууллага гэдэг утгаараа бие бүрэлдэхүүн маань бэлэн байдал, бие бялдрын хөгжил сайтай байх хэрэгтэй. Иймд өнгөрөгч оны дөрөвдүгээр сараас зуны урин дулаан цагаар бүрэлдэхүүний бие бялдрыг хөгжүүлэх, дасгал сургуулилтыг анги, салаа бүрд өглөө болгон хийдэг болсон. Гэхдээ ээлжинд үүрэг гүйцэтгэн хонож ажилласан хүнийг гүйлгээд байж болохгүй. Дасгал сургуулилтыг шинжлэх ухааны үндэслэлтэй зөв хийх нь зүйтэй учраас мэргэжлийн хүмүүсээс заавар, зөвлөмж авч зохион байгуулах талаар чиглэл өгч ажиллаж байна. Иймээс дотооддоо зөв зохион байгуулалттаар ажилтнууддаа хөгжүүлэхийг зорьж байна. Үүний үр дүнд өнгөрсөн онд өвчлөл 60 хувиар буурсан. Бие бялдар харагдах байдлын хувьд зөв төрхтэй байх талд бид анхаарч ажиллаж байгаа. Үр дүн ч гарч байна гэж удирдлагын хувьд дүгнэж, энэ ажлыг уламжлал болгон 4-10 сар хүртэл тогтмол зохион байгуулахаар нийт ажилтнуудтай ярилцаж, олонхын саналаар хэрэгжүүлэхээр шийдвэрлээд байна. Хувь хүний биеийн эрүүл ахуй, дархлаа сайн болсон зэрэг эерэг үр өгөөжтэй нь мэдэгдэж эхэлсэн.  2023 оны ой хээрийн түймрийн улмаас төмөр замын дэр мод шатаж маш их хэмжээний хохирол учирсан. Үүнээс үүдээд Баянтүмэн тасагтай хамтран, албаны ИТА-уудын идвэх санаачилга, замын удирдлагын тусламж дэмжлэгээр галын галт тэргийг шинээр тоноглох ажлыг эхлүүлсэн. Шаардлагатай тоног төхөөрөмж, вагон гэх мэт зүйлсийг худалдан авч, засварлах, тоноглох ажлыг хийж, ирэх дөрөвдүгээр сард багтаан үүрэг гүйцэтгэхэд бэлэн болгохоор ажиллаж байна. Энэ нь, ямар ач холбогдолтой вэ гэхээр гал түймрийн аюул учирч болзошгүй нөхцөл байдал үүссэн, тохиолдсон үед галын галт тэргээр ойролцоох гал гарч болзошгүй обьектын орчныг хамгаалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх хор аюулыг бууруулах, хамгаалах зорилготой. Уг галын галт тэргийг ажиллуулах боловсон хүчнээ бид бэлтгэж, энэ оны орон тоо бүтэцдээ тусгуулан шийдвэрлүүлсэн. Баянтүмэн-Эрээнцав хүртэл усжуулах зориулалт бүхий галын галт тэрэг энэ оны II улиралд ашиглалтад орно.

 

-Дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье!

 

-Та бүхэнд ч баярлалаа. Удахгүй болох Монгол түмний уламжлалт сар шинийн баяр, XVII жарны “Хөхөгчин” хэмээх модон могой жилийн баярын мэндийг нийт ахмад буурлууд болон одоо ажиллаж байгаа төмөр замчдадаа хүргэе. Та бүхэн минь элгээрэй энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан сар шинэдээ сайхан шинэлээрэй.