“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт энэ сарын 06-нд /2025.02.06/ эдийн засгийн сэтгүүлчидтэй уулзан, мэдээлэл хуваалцах үеэрээ, “ “Эрдэнэс Тавантолгой” мөнгийг нь төлсөн 800 вагон, 10 зүтгүүр бий. Эдгээрийг Зам тээврийн яам авсан. Одоо хаана, юунд ашигладаг юм бүү мэд. Санхүүжилтийг нь гаргасан компани тухайн хөрөнгийнхөө ашиглалт, удирдлагыг мэддэг байх нь бизнесийн наад захын зарчим юм. Гэвч манай улсад ийм биш тул дахин хэн ч хөрөнгө оруулахгүй шүү дээ. Мөн Эрдэнэс Тавантолгой ХК санхүүжилтээр барьсан төмөр замыг ч 100 хувь “Эрдэнэс Монгол” нэгдэл рүү шилжүүлэх ёстой” гэсэн мэдэгдлийг хийсэн. Энэ талаар isee.mn сайт Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханаас тодруулжээ.
ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫГ ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫГ ХОЛБОХ 976 ТЭРБУМЫН ӨРТГИЙГ БАГАСГАНА
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 13-15-ны өдөр БНХАУ-д айлчилж, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан. Хоёр тал ямар зүйлд нарийн тохирсон бэ?
-Хоёр Засгийн газар хоорондын гэрээ. Нүүрс олборлолтын асуудал нь Уул, уурхайн яамтай хамааралтай. Харин хил дамнасан төмөр замыг барьж байгуулах ажил нь Зам тээврийн яамтай холбоотой. Олон улсын гэрээ учраас УИХ хэлэлцэж, соёрхон батлана. Дараа нь яамдууд өөр, өөрсдийн чиг шугамын дагуу ажиллана. Зам тээврийн яамны хувьд БНХАУ-ын "Чайна Энержи" болон түүнээс сонгогдсон зам гүүрийн компанитай нь уулзана. Сая би Бээжинд очиж зам гүүр барьдаг хоёр ч компанитай уулзсан. Үнэ, хугацаан дээр нэлээн ярилцсан.
-Үнэ өөрчлөгдөх үү?
-Анхны үнэ 976 тэрбум төгрөг. Энэ үнийг хангалттай буулгана.
-Эрсдэлийг яаж тооцсон бэ?
-Нэг нь цаанаа нарийн царигтай, нөгөө нь наана өргөн царигтай. Тийм учраас хоёр улс хамтраад нэг гүүрэн байгууламжийг нэг компаниар хийлгэх нь эрсдэлийг багасгана гэж тооцсон. Зүгээр нэг компани сонгохгүй шүү дээ. Монгол Улсын хуулийн дагуу тендер зарлах ёстой. Урд хөрш маань "Бид нар компаниа сонгосон" гэж байгаа. Сонгосон байж болно. Гэхдээ бид нарын тендерээр зарласан үнэд хүрч буурах уу, үгүй юу гэдгийг ярилцаж байна. Үнэ нэлээн бууна. Хоёр улс тус, тусдаа компаниар гүүрэн байгууламжийг хийлгэвэл "Танай тавьсан зам дээгүүр бид вагоноо явуулахгүй" гэдэг эрсдэл гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс хамтарч хийхээс өөр аргагүй.
-Гэрээ нууц байх уу?
-Нуух зүйлгүй. УИХ-аар хэлэлцэж эхэлбэл ил болно.
-"Богд Уул"-ыг нүхлэх ТЭЗҮ-г их өндөр үнээр буюу 50 тэрбум төгрөгөөр БНХАУ-ын компани хийх нь?
-"Богд Уул"-ыг нүхлэх ТЭЗҮ чинь гүүртэйгээ хамт шүү дээ. Гүүр чинь дор хаяж 1.2 км зам. Тавдугаар сарын 15-ны өдөр ТЭЗҮ-г дуусгаад гүйцэтгэгчийн тендерийг зарлана. Энэ ажлууд дээр болох дотоодоос туслах ажиллах хүчнийг авах, бүтээгдэхүүн авах бодлогыг барьж байгаа.
-АНУ-РУУ ТАВДУГААР САРД ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХЭЭР БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАЖ БАЙНА
-АНУ-руу шууд нислэг үйлдэх ажил хэр урагшилж байна?
-АНУ-ын тавьж буй шаардлага их өндөр шүү дээ. Бууж, суухаас эхлээд онгоц цэнэглэх, шалгах гээд их нарийн стандартыг хэрэгжүүлнэ. Харин ч манай улс шуурхай ажиллаж байна. АНУ нь Казахстан, Узбекистан зэрэг улсад 5-10 жилийн дараа шууд нислэгийн зөвшөөрөл өгсөн юм билээ. Тавдугаар сард шууд нислэгийг үйлдэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Бидэнд өгсөн эхний дүрэм нь л гэхэд 700 гаруй хуудас материал байна. Үүнийг орчуулахаас эхлээд Иргэний нисэхийн ерөнхий газрын хийх ажил маш их байгаа.
-"Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн ачаа тээврийн үнэ нэмэгдсэн. Үнэ нэмэгдсэн шалтгаан юу вэ?
-Үнэ нэмээгүй. Цахилгааны үнэ нэмэгдсэнтэй холбогдуулаад дотоодын нүүрс тээврийн алдагдлыг өөрийнх нь өртөгт аваачсан. Түүнээс үнэ нэмээгүй.
-"Эрдэнэс Монгол" ХК-ийн захирал С.Наранцогт "Тавантолгой төмөр замын эзэмшлийн 800 вагон, 10 депо алдагдсан. Хаана, ямар зориулалтаар ажиллаж байгаа нь мэдэгдэхгүй байгаа" гэж мэдэгдсэн. Танд мэдээлэл байна уу?
-За яахав дээ. Тэр үнэн. 800 вагон гол зам руу орж ирсэн. Тавантолгой төмөр компани болон Монголын төмөр замын нийлсэн нүүрс тээврийн задгай вагонуудыг ямар нэгэн түрээсгүйгээр Улаанбаатар төмөр замд ашиглуулж байна. Миний тушаалаар өгсөн.Үлдсэн 200 нь тавцант вагон учраас ачааг хэвийн байдалд оруулахаар Тавантолгой төмөр зам компани руу нь шилжүүлсэн. Урд өмнөх удирдлагууд, төмөр замын компаниудын эрх бүхий албан тушаалтнууд хувьдаа эсвэл компанидаа түрээслэдэг байсан учраас уурлаад байгаа юм. Үнэ төлбөргүй аваад өгчхөөр уурлаад байна шүү дээ.
-Яагаад үнэ төлбөргүй болгосон юм бол?
-Үнэ төлбөртэй өгвөл дотоодын станциудын нүүрсний үнэ илүү нэмэгдэнэ. Арай гэж өртгөөрөө "Улаанбаатар төмөр зам"-ыг явуулж ядаж байгаа. Энэ газар нүүрс зөөх вагонгүй байна. 661 вагон актлагдсан. Дээрх вагонууд зүгээр сул зогсож байхаар нүүрсээ тээвэрлэж байсан дээр биз дээ. Төрийн өмчийн компаниуд бие биедээ вагон түрээслэдгийг таслан зогсоосон.
-ӨДӨРТ ГАНЦ ЦУВАА ВАГОН ЯВУУЛДАГ МӨРТЛӨӨ 600 ГАРУЙ АЖИЛТАНТАЙ "ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР"-ЫН МЕНЕЖМЕНТИЙГ "МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ"-Д ШИЛЖҮҮЛЛЭЭ
-"Эрдэнэс Тавантолгой" ХК-н хөрөнгө оруулсан хоёр төмөр зам бий. Эдгээр замыг "Эрдэнэс Монгол" группт шилжүүлнэ гэсэн мэдээлэл байна. Танай яам үүнд ямар бодлогоор оролцох юм?
-Өмнөх Засгийн газрын хуралдаанаар өмчлөлийн асуудлыг шийдвэрлэсэн. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн өмч хөрөнгө болно гэсэн бичилт хийгдсэн. Ингэснээр "Эрдэнэс Тавантолгой", "Монголын төмөр зам" хооронд ямар нэгэн өр ширгүй болсон. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар "Монголын төмөр зам" нь "Тавантолгой төмөр зам"-ын эзэмшилд байгаа төмөр зам болоод суурь бүтцийн хөдлөх бүрэлдэхүүнийг ашиглах шийдвэрийг гаргасан. Өөрөөр хэлбэл, менежментийг нь авч явах шийдвэрийг гаргалаа. Нэг төмөр зам нь 880 гаруй ажилтантай нөгөөдөх нь 600 гаруй хүнтэй үүний 51 хувь нь Улаанбаатарт амьдарч төв оффист сууж байна. Ингэж болохгүй биз дээ. Өдөрт ганц вагон цуваа явж байна уу, үгүй юу. Зарим үед огт тээвэр хийхгүй үе ч байна. Ийм олон хүнд зориулсан компани байж болохгүй. Угаасаа "Тавантолгой төмөр зам" Чайна Энержи"-тэй хийсэн гэрээнийхээ дагуу хил холболтын төслийн компани болж байна. Тэгэхээр хил холболт дээр инженерүүд хяналтаа тавиад ажиллана. Үлдсэн менежментийг нь "Монголын төмөр зам" хийнэ. Үүнд Зам тээврийн яам хяналт тавьж ажиллана. Зам холбогдлоо гэхэд 30 сая тонн ачаа ачих бэлтгэлийг хангах хэрэг бий. Үүнийг хийхийн тулд олон ажил хийнэ. Наад зах нь уурхайн ам бүр рүү төмөр зам оруулах ёстой. Тэгэхгүй уурхайгаас машинаар зөөж төмөр зам дээр авчирдаг тэндээсээ Цагаан хад руу ачаад дахиад тэндээсээ машинаар хил гаргадаг юм гэж байхгүй. Тийм дампуурсан тээвэр гэж дэлхийд байхгүй. Та нар боддоо гурав зөөнө гэж юу байдаг юм бэ. Энэ хэрээр нүүрсний үнэ өртөг нь нэмэгдэнэ. Аргаа ядаад ийм ажил зохион байгуулахыг Засгийн газраас үүрэг болголоо.
-"Улаанбаатар төмөр зам" ХНН-ийг шинэчлэх бодол байна уу?
-Улаанбаатар төмөр замд хамгийн эхэнд шинэчлэл хийнэ. Гурван улсаараа хамтраад өнөөдрийн төмөр замаа шинэчилнэ. Одоогийн төмөр замыг муулах арга байхгүй. 75 жилийн тэртээ уулын бэл, усны хаялга дагаж барьсан төмөр зам шүү дээ. Эхлээд замаа сайжруулах ёстой. Орчин цагт уулыг нүхэлж, усан дээгүүр гүүр барьж байна. Ийм технологи хөгжсөн цаг үед замаа ингэж л тавина. Тэр цагт вагоноо шинэчилнэ. Энэ дөрөвдүгээр сард гурван улсын зөвлөгөөн Улаанбаатар хотод болно. Тиймээс хоёр хөрштэйгөө ярилцаж байна. Дэд бүтэц үнэтэй байна. Хятадыг тойрсон бүх улс төмөр замаа хамтарч барьж байна. Бид нар шиг бүх зүйлээ өөрсдөө хийнэ гэж зүтгэдэг улс хаана байна.
Эх сурвалж: isee.mn