Саяхан болж өндөрлөсөн төмөр замчдын “Урлаг, спортын их наадам”-ын үеэр Зорчигч үйлчилгээний төвийн харьяа “Жигүүр” хамтлагийн гишүүд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цолоор энгэрээ мялаалгасан билээ. Энэ удаагийн дугаартаа тус хамтлагийн ахлагч МУСТА Ш.Өлзий-Оршихыг урьж цөөн хором ярилцсанаа хүргэе.

 

-Юуны өмнө нийт уншигчдынхаа өмнөөс халуун баяр хүргэе.

 

-Баярлалаа. Манай хамтлаг 2005 онд анх байгуулагдаж байлаа. Тухайн үед урлагт дуртай, авьяас чадвараа хөгжүүлэхийг хүссэн эгэл жирийн ажилчин залуус хүсэл зорилгоо нэгтгэн өөрсдөд байгаа хөгжмийн зэмсгүүдээ нийлүүлэн “Бөөн дур” нэртэй амьд хөгжмийн хамтлаг байгуулж байсан нь өнөөгийн “Жигүүр” хамтлаг юм. Тэр үед манай вокзалын даргаар ажиллаж байсан Д.Нарантуяагаас эхлээд замын удирдлагын хэмжээнд ч бидний хүсэл зорилго, тэмүүллийг дэмжсэн учраас өнөөг хүртэл оршин тогтнож яваа гэж бид боддог. Бидний анхны тоглолт 2006 оны шинэ жил байлаа. Алба, аж ахуйн нэгжээсээ эхлээд л тоглоод явсан даа. 

 

-Баяр дээр баяр нэмж, МУСТА цолоо “Амьд хөгжмийн шилдэг хамтлаг” шагналын хамт хүлээж авлаа шүү дээ. Тухайн үеийн сэтгэгдлээсээ хуваалцана уу?

 

-Хоёр жил тутамд зохион байгуулдаг төмөр замчдын “Урлаг спортын их наадам” бол маш өндөр ач холбогдолтой наадам. Эндээс л 16 мянган ажилтныхаа доторх урлаг соёлын авьяастнуудыг нээн илрүүлдэг, тэдэндээ илүү их өсөж дэвжих урам зоригийг өгдөг болохоор тэр шүү дээ. Энэ тэмцээнд манай хамтлаг байнга оролцож, амжилт гаргасаар ирсэн. Бид эгэл жирийн хөдөлмөрчид учраас дуртай урлагаараа хичээллэхийн зэрэгцээ албан ажлаа нэн тэргүүнд тавьж явдаг. Дараагийн ээлжинд мэдээж хүмүүсийг баясгаж, сэтгэлийн жаргал эдлүүлдэг дуу хуураа өөрсдийнхөө хэмжээнд тулсан гүйцэтгэлтэй тоглохыг хичээдэг. Өнгөрсөн хугацаанд манай хамтлагт үндсэн гишүүдээс гадна шинэ гишүүд ч олноор нэмэгдсэн. Эдгээрийн дундаас яг үндсэн гишүүд маань ийм өндөр үүрэг хариуцлагатай шагналыг гардан авлаа. Энэ тухай тайзанд зарлахад цочирдсон, бас ичсэн. Энэ бол бидэнд маш их эрч хүч, илүү ихийг хийх урам зориг хайрласан шагнал байлаа. Нийт төмөр замчдадаа хамтлагийнхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

 

-Олон жил урлагийн тайзанд “амьдарсан” туршлагатай уран бүтээлчдийн хувьд залуу төмөр замчдынхаа авьяас, урлаг соёлын идэвх оролцоог хэрхэн үнэлж дүгнэв?

 

-УБТЗ-д маань үнэхээр авьяас чадвар нь халгиж цалгисан залуус орж иржээ гэж харлаа. Бас цаг наргүй, өндөр сахилга баттай төмөр замын тээврийн ажлын хажуугаар яаж өөрсдийгөө ийм хэмжээнд хүртэл сургаж, боловсруулж, хөгжүүлж чадаж байна вэ гэдгийг харж биширлээ. Шинэ үеийнхэн маань ийм эрч хүчтэй байгаад баярласан. Амьд хөгжмийн залуу хамтлагууд ч хүч түрэн гараасай, удирдлагууд нь дэмжээд өгөөсэй гэсэн бодол ч төрсөн.

 

-Танай хамтлаг шинэ уран бүтээл хийх чиглэлд ямар олз омогтой явна вэ?

 

-Бид 2019 онд зургаан дуутай цомог гаргасан. Эх орон, төмөр зам гээд төрөл бүрийн сэдэвтэй дууг тус цомогтоо багтаасан. Мөн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард урд, хойд хэсэглэлд явж тоглолтоо хийлээ. Дараагийн удаа төвийн хэсэглэлдээ тоглолт зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. Төмөр замчдаас маань ийм хүсэлт ирүүлж байгаа. Ер нь уран бүтээл гэдэг зогсолтгүй үргэлжилж байдаг учраас бидэнд олон сайхан бүтээл хийж төмөр замчдадаа бэлэг барьсаар байх болно. Эцэст нь хэлэхэд “Жигүүр” хамтлаг шинэ залуу үеэ халуун дотноор хүлээн авч, сургаж, хөгжүүлж ирсэн. Тийм ч учраас манай хамтлагаар овоглодог олон сайхан залуус бий. Энэ бол манай хамтлагийг олон жил тогтвортой явуулж байгаа үнэт зүйл юм. Бие биеэ хүндэлдэг, үнэлдэг сонсдог, гэр бүл, ар гэр нь бидний ажлыг маш сайн ойлгож, хүлээж авдаг явдал бол бидэнд өгдөг хамгийн том урам. Дээр нь амьд хөгжмийн хамтлаг шууд тоглодог учраас бэлтгэлээ маш сайн хийж, өндөр үүрэг хариуцлагатай ажилладгаараа онцлогтой.

 

-Танд баярлалаа, хамтлагийн нийт уран бүтээлчдэд ажлын болон урлагийн өндөр амжилт хүсье.

 

Б.Дэлгэрхишиг