УБТЗ-ын Захиргаа, Залуучуудын төв байгууллага хамтран зохион байгуулсан "Шилдэг зохион бүтээгч-2023" уралдааны шилдгээр шалгарсан залуусын I ээлж ОХУ-ын Дорнод Сибирийн төмөр замыг зорьсныг бид өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Тодруулбал, Замын аж ахуй, Дохиолол холбоо, Тээвэр зохион байгуулалтын мэргэжлийн шилдэг шинийг санаачлагч зохион бүтээгчээр шалгарсан ажилтнуудаас бүрдсэн нэгдүгээр ээлжийн залуус Замын даргын 2023 оны наймдугаар сарын 18-ны Б-III-1559 тоот тушаалын хүрээнд өнгөрөгч наймдугаар сарын 29-31-нд ОХУ-ын Эрхүү хотод байрлах Дорнод-Сибирийн төмөр замын Замын VII анги, Дохиолол холбооны V анги, Большой Луг өртөө, Диспетчерийн удирдлагын нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцаж, хөршийн төмөр замчдын тэргүүн туршлагыг судлаад аяны богц дүүрэн иржээ. Энэ удаад тэдний үзсэн харснаас уншигч та бүхэнтэйгээ хуваалцахыг зорилоо.
Шилдэг зохион бүтээгч залуусын нэгдүгээр ээлжийг Залуучуудын төв байгууллагын инновац, технологийн хөгжил хариуцсан дэд тэргүүн, Замын VI ангийн ерөнхий инженер А.Туулсайхан ахлан ажиллажээ. Тус группийн бүрэлдэхүүнд Замын I ангийн гагнуурчин Н.Номин, Дохиолол холбооны I ангийн монтёр Д.Батзориг, Улаанбаатар өртөөний жижүүр Л.Ганхуяг, Гадаад харилцааны албаны инженер Э.Баясгалан нар багтсан байна. Тэд наймдугаар сарын 27-ны 15:20 цагаас 28-ны 15:00 цагийн хооронд Улаанбаатар-Эрхүү хооронд 305 дугаар галт тэргээр аялж зорьсон газраа хүрчээ. Ингээд хөтөлбөрийн дагуу наймдугаар сарын 29-нд Дорнод Сибирийн төмөр замын Замын VII ангиар зочилсон аж. Ингэхдээ тус ангийн диспетчерийн үйл ажиллагаа, сургалтын үйл явц, түүхэн музей, засварын газрын үйл ажиллагаа зэрэгтэй танилцаж, мэргэжил нэгтнүүдтэйгээ ажлын туршлага солилцсон байна. Дараагийн өдөр нь буюу 30-нд Дорнод Сибирийн төмөр замын Дохиолол холбооны V ангид зочилжээ. Энэ хүрээнд тус ангийн диспетчерийн ажил, Большой Луг өртөөн дэх дохиолол холбооны механикч, жижүүрийн ажлын байртай танилцаж, УБТЗ-д нэвтрүүлж болохуйц шинэ арга барил, туршлагыг судалсан байна. Харин сүүлийн өдөр нь буюу 31-нд залуус Дорнод-Сибирийн төмөр замын төв диспетчерийн үйл ажиллагаатай танилцаж, Тээвэр зохион байгуулалтын албаны удирдлагуудтай уулзаж, санал солилцожээ. Үүний дараагаар галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын наймдугаар хэсэг болох Заудинский-Дозорный хоорондын замын удирдлагын төв, 16 дугаар хэсэг болох Шерловая-Забайкальск хоорондын замын удирдлагын төвийн үйл ажиллагаануудтай танилцсан байна. Мөн энэ үеэр Галт тэрэгний хөдөлгөөний нэгдсэн удирдлагын төвийн ахлах диспетчерийн ажлын байр, диспетчерүүдийн сэтгэл зүйн танхимаар зочилж, төгсгөлд нь галт тэрэгний хөдөлгөөний стратеги төлөвлөлт зохион байгуулалтыг хийдэг хамгийн том удирдлагын төвийнх нь үйл ажиллагаа хэрхэн явагддагийг газар дээр нь үзэж судалсан байна.
А.Туулсайхан:ОХУ-ын төмөр замаас УБТЗ-д нэвтрүүлж болохуйц олон сайхан туршлага байна
Залуучуудын төв байгууллагын дэд тэргүүн
-Хөршийн төмөр замын тэргүүн туршлагыг судлахаар явсан эхний ээлжийнхний хувьд өөр, өөрийн мэргэжил бүртээ хэрэгтэй зүйлийг судалж, суралцаж ирэхийг зорьсон. Ингэхдээ Оросын төмөр замд хэрэгжүүлэн ажиллаж буй технологи, мөрдөж буй дүрэм журмуудыг УБТЗ-ын онцлогтой харьцуулан үзэж өөрийн ажлын байрандаа хэрэгжүүлэх боломжтой зүйлүүдийг хэлэлцэж явсан. Ингээд бид ВСЖД-ийн үйл ажиллагаанаас цаашид “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагаанд нэвтрүүлж болохуйц санал санаачилгуудыг нэгтгэн гаргалаа. Тухайлбал, Замын аж ахуйн чиглэлээр Замын ангийн замчдын сургалтын хөтөлбөрийг онол 70, практик 30 хувь хосолсон хэлбэрээр явах хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, сургалтын үйл ажиллагаандаа нэвтрүүлэн үр дүнг нь улирал бүр дүгнэх. Дохиочныг замын хэсгийн үндсэн орон тоонд оруулах. Ингэхдээ тусгайлан ажлын байрны тодорхойлолт боловсруулж, хэрэгжүүлэх. Зам төмөр, тоонолжийг өнгөлөх машиныг суурин болон зөөврийн байдлаар олон үйлдлээр ажиллах боломжтой загварыг гаргаж, ажлын талбарт нэвтрүүлэх. Өртөө, зөрлөгийн тусгаарлах уулзваруудыг металлокомозитные “АпАТэк 65МК” загварын хавчаар ашиглан зам төмөр хэлхээний найдвартай байдлыг дээшлүүлэх. Зам төмрийг өргөх траверсийг ВСЖД-ийн Замын IV ангид ашиглаж байгаа загвараар зургийг нь шинэчлэн боловсруулж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх зэрэг санал санаачилгыг нэгтгэж ирлээ.
Мэргэжил бүртээ шинэ санаачилга өвөртөлсөн залуус
Түүнчлэн, дохиолол холбооны мэргэжлийг төлөөлж явсан залуус мөн өөрсдийнхөө ажлын талбарт нэвтрүүлэн хэрэгжүүлж болохуйц туршлагуудыг нэгтгэж иржээ. Тэд “Өртөө, зөрлөгийн холбооны төхөөрөмж байгууламжийн агаар сэлгэлтийн төхөөрөмжийг Большой Луг өртөөтэй адил байдлаар шийдвэрлүүлэх”, “Дохиолол, холбооны V ангийн холбооны механикч нарын өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж буй программ хангамжийг нэвтрүүлэх”, “Холбооны механикийн ажлын байранд багаж хэрэгслийг ашиглаж буй стендийг ажлын байруудад нэвтрүүлэн 5С соёлыг хэрэгжүүлэх” бүрэн боломжтой юм байна гэж харжээ. Харин Тээвэр зохион байгуулалтын чиглэлээр туршлага судалсан залуус “Галт тэрэгний хөдөлгөөний дэвтэрт байнгын нэг загвараар бичигддэг тушаалын гар бичмэлийг халж дардас ашиглах байдлаар хэрэгжүүлэх” арга барилыг УБТЗ-д нэвтрүүлбэл өндөр үр дүнтэй гэж үзсэн байна. Түүнээс гадна “Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын төв дээр АРМ-ДНЦ нэвтрүүлж хяналтын системийг илүү боловсронгуй болгох”, “Хэт өндөр ачаалалтай ажлын байруудад сэтгэл зүйн засал хийлгэх боломжийг үе шаттай хэрэгжүүлэх”, “Галт тэргэнд олгогдох анхаарамжийг зүтгүүрийн депогийн жижүүрээр өгөх боломжийг бүрдүүлж, жижүүрийн ачааллыг бууруулах” зэрэг арга хэмжээг УБТЗ-д нэн тэргүүнд авч ажиллах шаардлагатайг олж харжээ. Энэ мэтчилэн залуус хойд хөршийн мэргэжил нэгтнүүдээсээ тэргүүлэх зэргийн олон туршлагыг судлахын зэрэгцээ цаашдын хамтын ажиллагааны гүүрийг улам бэхжүүлсэн байна. Тэд хамгийн гол нь төмөр замын салбарын хөгжлийг илүү өргөн өнцөгөөр харж, өөр өөрсдийн эзэмшсэн мэргэжлийн талбартаа илүү ихийг хийж бүтээх оргилсон хүсэл тэмүүлэлтэй буцаж иржээ.
Л.Ганхуяг:Бид сурсан зүйлээ өөрсдийн ажлын байрандаа нэвтрүүлэхийг зорино
Улаанбаатар өртөөний жижүүр
Биднийг туршлага судлах явцад ОХУ-ын төмөр замын шинэ технологи, инновац нэвтрүүлсэн туршлагатай байдал нь тод томруунаар харагдаж байлаа. Тийм ч учраас нэгдүгээр ээлжид туршлага судлаад ирсэн залуус сурч мэдсэн бүхнээ “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх. Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал болон ХАБЭА-г хангаж ажиллах чиглэлээр өөрсдийн хэмжээнд олж харсан шинэ санаачилгыг ажлын байрандаа тодорхой хэмжээгээр нэвтрүүлэн хэрэгжүүлэн ажиллах төлөвлөгөөтэй байна. Тиймээс мэргэжил тус бүртээ гаргасан санал санаачилгаа нэгтгээд холбогдох хүмүүст нь хүргүүлсэн. Эцэст нь энэхүү боломж бололцоог олгосон Замын удирдлага, УБТЗ-ын Залуучуудын байгууллага, Техникийн бодлого, стандартчиллын алба, Гадаад харилцааны албаны удирдлага хамт олонд талархал илэрхийлье гэв.
“Шилдэг зохион бүтээгч-2023” тэмцээнийг анх санаачлахдаа “Төмөр замын тээврийн салбарт болон өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтрүүлж болохуйц дэвшилтэт техник, технологийг орчин цагийн залуусын сэтгэлгээгээр бүтээх. Залуу төмөр замчдынхаа мэдлэгийг баялаг болгох, хуучин хэвшиж тогтсон арга шийдэл, загваруудыг шинжлэн судалсны үндсэн дээр шинэчлэх. Байгууллага хамт олны шинэ мэдлэг, арга туршлагыг нээн илрүүлэх” зэрэг өргөн цар хүрээний зорилтыг зохион байгуулагчид дэвшүүлсэн юм билээ. Цаашлаад “УБТЗ-ын Залуу ажилтны хөгжлийг дэмжих бодлогын баримт бичиг”-ийн хүрээнд аюулгүй байдал, тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангахад тулгамдсан асуудлыг тодорхойлох, шинэ боломж, шинэ хэрэглээг санал болгох, дэвшилтэт технологи, арга, шийдэл нэвтрүүлэх, бүтээлч сэтгэлгээ, инновацыг хөгжүүлэхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилтын нэгээхэн хэсэг дээрх уралдааны үндсэн ач холбогдолд оршиж буй. Энэ ч утгаараа зорилтот хөтөлбөрийн үр дүн ийнхүү эхнээсээ гарч буй. Дэвшүүлсэн санааны үр дүн аль болох богино хугацаанд гарч, залуу төмөр замчид салбартаа шинийг санаачилж, бүтээж, түүгээрээ манлайлах тэмүүлэл улам бүр оргилж буй нь туйлын сайшаалтай явдал биз ээ.
Б.Дэлгэрхишиг
