Нүүр Цаг үе Шинэ хамтын гэрээг байгууллаа
Цаг үе

Шинэ хамтын гэрээг байгууллаа

G.Press 6 сарын өмнө 202 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Улаанбаатар төмөр зам ХНН болон Монголын төмөр замчдын ҮЭ-ийн холбооны 2026-2027 онд дагаж мөрдөх шинэ Хамтын гэрээнд УБТЗ ХНН-ийн дарга Х.Хэрлэн, МТЗ-чдын ҮЭХ-ны дарга Б.Алтанхуяг нар гарын үсэг зурлаа.

Энэ үеэр УБТЗ ХНН-ийн дарга Х.Хэрлэн хэлсэн үгэндээ, нийт төмөр замчдынхаа цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулах, хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй байдлыг хангах, сургалт, хөгжлийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн УБТЗ ХНН, МТЗ-чдын ҮЭХ-ны 2026-2027 оны  шинэ Хамтын гэрээнд гарын үсэг зурахад бэлэн боллоо.

Шинэ Хамтын гэрээг байгуулахдаа хоёр тал харилцан биенээ хүндэтгэж, ил тод байдал хариуцлагыг эрхэмлэн гэрээний түвшинг дээшлүүлэх, ажилтны сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, ажиллах таатай нөхцөлийг хангахад илүү анхаарч ажиллалаа.

Бид 2024-2025 оны Хамтын гэрээг хэрэгжүүлэхэд 367.4 тэрбум төгрөг зарцуулсан бол шинэ 2026-2027 оны Хамтын гэрээг хийхдээ бүх заалтыг инфляцийн түвшинтэй уялдуулан өмнөхөөс 18 хүртэл хувиар нэмэгдүүллээ. Тухайлбал, томилолт, хоолны мөнгийг 21 хувиар, зөвлөх инженер, мастер, тогооч, тэргүүлэх эмч, сувилагч, ээлжийн ахлагчийн нэмэгдлийг хоёр дахин нэмэгдүүлэхээр боллоо. Ажлын хувцас, хамгаалах хэрэгслийн стандартыг хөдөлмөрийн нөхцөл, хүйсийн онцлогт тохируулан шинэчиллээ. Түүнчлэн шугам замаас эрүүл мэндийн үзлэгт орохоор явж буй ажилтнуудыг унтлагын вагоноор үйлчлүүлдэг боллоо. Өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ахмадуудад олгодог нэг удаагийн тэтгэмжийн хугацаа, хэмжээг Төмөр замын тээврийн тухай хуульд нийцүүлэн дээшлүүлэх зарчим баримталж өөрчлөхөөр боллоо. Гэрээний хэрэгжилтийг хангах төлөвлөгөөг Хамтын гэрээний салшгүй нэг хэсэг болгосон нь чухал ач холбогдолтой юм гэв.

Мөн МТЗ-чдын ҮЭХ-ны дарга Б.Алтанхуяг хэлэхдээ, 2024-2025 оны хамтын гэрээний биелэлт 99 хувьтай дүгнэгдлээ. Энэ удаагийн хамтын гэрээний саналыг боловсруулахад анхан шатны ҮЭ-ийн хороодын дарга нарын хэлэлцүүлэг зохион байгуулж, цаашлаад хороодын дарга нар аж ахуй нэгж байгууллагын гишүүд, ажилтнуудын дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн хүрээнд анхан шатны ҮЭ-ийн хороодоос нийт 485 санал ирүүлсэн.

Энэхүү хамтын гэрээнд 37 заалтад нэмэлт өөрчлөлт, 24 заалтыг шинээр оруулахаар МТЗ-чдын ҮЭХ-ноос 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр саналаа хүргүүлж, хамтын гэрээний хэлэлцээрийг зохион байгууллаа. Хэлэлцээрийн үр дүнд 2026-2027 оны хамтын гэрээнд 25 заалтад нэмэлт өөрчлөлт, хоёр заалтыг шинээр оруулсан.

Шинээр оруулахаар саналаа өгсөн заалтуудаас 12 заалтыг хамтын гэрээг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд оруулан судалгаа хийж, шийдвэрлэхээр тогтсон.

Хамтын гэрээгээр олгогддог тогтмол нэмэгдлүүдийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэх талаар зарчмын шийдэлд талууд санал нэгдэж, бүх нэмэгдлийг 9-21 хувиар нэмэгдүүлсэн. Мөн цаг үеийн шаардлагыг харгалзан зарим төрлийн нэмэгдлүүдийг 2-3 дахин нэмэгдүүлсэн.

Үүнээс гадна ажилтнуудын гэр бүл, амьдралын тэнцвэрт байдлыг хангах, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон зарим бүлгийн иргэдийг хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд оролцоход дэмжлэг үзүүлэх бодлогын баримт бичигт өөрчлөлт оруулах, хүртээмжтэй, хүний эрхийг хангасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг бий болгохоор талууд харилцан тохиролцсон.

Мөн нийгмийн түншлэлийг бэхжүүлэх, эвлэлдэн нэгдэх эрх, эрх чөлөөг хангахтай холбогдуулан талууд харилцан дэмжлэг үзүүлэх талаар дэвшилттэй заалт орууллаа гэв.

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.