Орхон - Ерөө хоорондын замын 72 дугаар км-т Шарын гол дээр шинээр барьсан төмөр бетон гүүрийг гол замтай холбох ажлыг Замын I орлогч дарга О.А.Казаковын 129-А тоот цахилгааны дагуу өнгөрсөн долоо хоногийн Мягмар гарагт 10 цагийн цонхонд хийлээ. Энэ ажлын хүрээнд 72 дугаар км-ийн дөрөвдүгээр зуутаас 73 дугаар км-ийн дөрөвдүгээр зуут хүртэл нэг км замыг шилжүүлэн тавив. Биднийг 15.00 цагийн үед очиход Зам засварын машинт станцынхан, Замын I ангийн зарим хэсгийн замчид, эрчим хүч, дохиолол холбооныхон гээд 130 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр замаа хуучин гүүрнээс нь бүрэн хуулаад шинэ гүүрэн дээгүүр тавьчихсан, Ерөө талдаа холбоход 300 орчим метр л үлдсэн байлаа. Дуулбал дуу, дугтарвал хүч нэг замчид энэ жилийн их засварын ажлынхаа эхлэлийг хийж буй нь энэ юм. Зам засварын хүчит техникүүдийн дуу нүргэлж, зам тавигч кран өглөөхөн хуулж ачсан үеэ буулгахад замчид хоёр талаас нь чиглүүлнэ. Улмаар хэмжилтийн дагуу дуугаа нэгтгэн төмөр замаа лоомоор хөшин чиглүүлж, гинжит трактор зам төмрийн үзүүр рүү түншин шахна. Зам тавигч кран тавьсан замаараа урагшлан явж дахин шинэ үе буулгах бөгөөд ард нь Замын I ангийн замчид уулзваруудыг өргөн тэгшилж, холбон боож, бетон дэрнүүдийг чангалж байлаа. Энэ үед Орхон өртөөний замд хайрга, шороо ачсан хөдлөх бүрэлдэхүүнүүд ээлжээ хүлээн зогсоно. 18.00 цагаас хэтрүүлэлгүй энэ ажлаа бүрэн дуусгаж галт тэрэгний хөдөлгөөнийг 18.10 цагт нээх учир дарга, инженерүүд, замчид бүгд амсхийх чөлөөгүй ажиллаж буй нь энэ. Ийнхүү үеэ угсарч явсаар Ерөө талдаа холбох сүүлчийн үе уртадсан тул том тастагчаар таслан холбосноор 17.00 цагийн үед замчдын гар ажиллагаа үндсэндээ дуусав. Энэ үед хоппер вагонууд бүхий галт тэрэг орж ирэн буталсан чулуун чигжээсийг зам төмрийн хоёр тал болон голоор нь асгаж бэлтгэхэд араас нь өргөж чигжигч, чиг татагч машинууд ар араасаа ажиллаж эхлэв. Замын I ангийн орлогч дарга Б.Нанзаддорж “Энэ зам өндөр нам болон мурилзсан харагдаж байгаа биз. Чигжигч ВПР машин яваад өнгөрсний дараа харвал шугам шиг л харагдана шүү дээ” гэв. Үнэхээр ч ВПР машин зам төмрийг хоёр талаас нь шахан тэгшилж, босоо сэрээнүүдээр хайрга чигжсэний хойно харвал нээрэн л шугам шиг харагдаж байв. Түүний араас замын мастер цүп тавьж цариг, түвшнийг нь хэмжсэнээр энэ өдрийн их ажлын ард гарч, төлөвлөсөн цагтаа галт тэрэгний хөдөлгөөнийг нээлээ.
Л.Жаргалсайхан: Их засвартай дүйцэхүйц хэмжээний ажил боллоо
Зам засварын машинт станцын дарга:
-Манайх машин механизмууд, механикчид, замчид гээд 90 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ирсэн. Дээр нь машинч нар, өртөө, холбоо, Замын I анги гээд олон хүний хүчээр их ажлын ард гарлаа. Ер нь, их засварын хэмжээний нүсэр ажил боллоо. Технологи цонхыг 10 цагийн хугацаанд хийх ёстой гэсэн төлөвлөгөөний дагуу ажиллаж дууслаа. Шинэ ул шороон дээр зам төмөр тавьсан учир эхний галт тэргэнд хурдыг 25 км/цагаар нээж, дараагийн галт тэргэнд өөрчлөх хүртэл 40 км/цагийн хурдтай явах ёстой. Энэ ажил өнөөдөр бүрэн дуусаж байгаа юм биш. Маргааш буюу Лхагва гарагт дахин технологийн цонхонд шороо нэмж буулгаад ВПР-ээр чигжинэ. Үүний дараа 60 км/цагийн хурдад хүрэх болов уу гэж бодож байна. Энэ ташрамд хэлэхэд өнөө жил бид төлөвлөгөөгөөр хойд талдаа Дулаан-Ерөө хоорондын 48 дугаар км-ээс 62 дугаар км хооронд 13.8 км, урдаа Мааньт-Агуйтын хооронд 20 км замд их засварын ажлыг өдийд хийж эхлэх ёстой байсан. Гэвч Хятадаас авч буй зам төмрийн тээвэрлэлт удааширсантай холбоотой ажил эхлээгүй байна. Ямартаа ч энэ жил Дулаан-Ерөө хоорондын замд их засвар хийнэ гэсэн бодолтой байгаа.
Ж.Амардөлгөөн: Шинэ гүүрийн нэг гол дээр дарах даралт нь 25 тонноос дээш даацтай
Замын I ангийн замын инженер
-Шинэ гүүрийн даац болон ашиглалтын хугацааны талаар мэдээлэл өгнө үү?
-Шинээр тавьсан төмөр бетон гүүр 70 шахам метр урттай. Зүүнбаян-Тавантолгой төмөр замд барьсан төмөр бетон гүүрийн зураг төслийн дагуу “Их богд зам” ХХК барьсан. Хуучин гүүр нэг гол дээр дарах даралт нь 23 тонн хүртэл байсан бол шинэ төмөр бетон гүүр маань 25 тонноос дээш даацтай. Гурван дам нуруу, дөрвөн тулгууртай. Тэгэхээр даацын хувьд маш ихэссэн гэсэн үг. Мөн цаашид ашиглалтын хугацаа 70 жил гэж тооцсон. Энэ гүүрийг гол замтай холбохын тулд мянган метрт 18800 орчим шоо метр ул шороог бэлтгэсэн.
-Хуучин гүүрийг нь буулгах уу?
-Буулгана, буулгахгүй гэсэн шийдвэр гараагүй байна. Одоохондоо нөөцөд байж байх болов уу. Энэ гүүрийг 1949 онд барьсан учраас ашиглалтын хугацаа нь хэдийнээ дуусаж, сэргээн засварлан таван жилийн баталгаа нэмсэн ч энэ жил мөн дууссан. Тиймээс цаашид галт тэрэгний хөдөлгөөнд ашиглах боломжгүй гэж үзсэн л дээ. Харин орон нутгийн зүгээс хуучин гүүрийг цаашид авто замын гүүр болгон ашиглах хүсэлт тавиад байгаа юм билээ. Одоо байгаа авто замын гүүр нь хүчин чадал багатай, үер усанд ер нь урсчих гээд л байдаг юм билээ. Хэрэв орон нутаг манайхаас шилжүүлж аваад авто замын зориулалтаар ашиглавал маш сайн гүүр болно.
-Энэ жилийн хувьд танай анги зам засвар, хүчжүүлэлтийн хэр их ажил хийв?
-Дархан II-Шарын гол хооронд хурд нэмэхтэй холбогдуулан энэ онд 30 км замд өргөлтийн засвар хийж, 15200 төмөр бетон дэрийг сольсон. Энэ ажилд зөвхөн манайх биш Зам засварын машинт станц, Замын II, III, IV ангийн замчид оролцсон. Ангийн хэмжээнд урсгал засвараар гол зам болон Шарын голын замд наймдугаар сарын байдлаар 7600 модон дэр солиод байна. Өртөөний замыг хүчжүүлэх чиглэлээр энэ сарын 1-ний байдлаар 3600 төмөр бетон, мөн 2580 модон дэр сольсон. Гол замд бага радиустай хоёр тахирт тууш 1120 төмөр бетон дэр сольж хүчжүүллээ. Дүнзний хувьд энэ жил хангалт маш сайн хийсэн учраас 6200 погон метрийг сольсон. Энэ мэтчилэн манай хамт олон замын тээх хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд багагүй ажил хийлээ. Одоо бид Дулаан-Ерөө хооронд хийх их засварын ажлыг хоног тоолон хүлээж байна даа.
Ийнхүү Замын I ангийнхан засвар үйлчилгээ, шинэчлэлтийн цөөнгүй ажил хийжээ. Шинэ гүүртэй болсноор нэвтрүүлэн өнгөрүүлэх хүчин чадал нэмэгдэж, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах нөхцөл бүрдэж байгаа юм.
М.Наранболд