Зүүн өмнөд Азийн улс орнуудад аялах сонирхолтой Монгол иргэдийн тоо жилээс жилд өсөж байна. Далайн эрэг дэх таатай уур амьсгал, тав тухтай зочид буудал, казино, интертайнмент, ялангуяа хүүхдэд зориулсан парк, үйлчилгээний газрууд нь манай иргэдийн аялах сонирхлыг улам бүр татсаар байна.

Иймд сүүлийн жилүүдэд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс,  Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улстай бүх талын харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр улс төрийн дээд түвшний яриа хэлэлцээр хийж, гэрээ, санамж бичгүүд байгуулсан билээ.

Зүүн Өмнөд Азидаа төдийгүй дэлхийд тэргүүлэх эдийн засагтай орон болсон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улстай авто тээвэр, агаарын тээвэр, төмөр зам, далайн тээврийн салбарт хамтран ажиллах,  харилцан дэмжлэг үзүүлэх, талуудын нутаг дэвсгэрээр дамжуулан ачаа тээвэрлэх,  олон улсын тээвэр, ложистикийн үр ашигтай сүлжээ бий болгохоор Хамтын ажиллагааны баримт бичиг байгуулсан.

Манай хоёр орны хувьд худалдааны эргэлт жилд тогтмол өссөн үзүүлэлттэй гарч байна. 2021 онд 80.2 сая ам.доллар, 2022 онд 85 сая ам.доллар байсан бол 2024 онд 100 сая ам.долларт хүрэхээр байна. Монгол Улсаас экспортод гянтболд буюу вольфром, молбидений баяжмал, хагас боловсруулсан арьс шир, шевро, хүнсний бүтээгдэхүүн, малын гаралтай дайвар бүтээгдэхүүн нийлүүлж байгаа бол БНСВУ-аас хөдөө аж ахуйн болон хүнс, эм, эмийн бүтээгдэхүүн, ахуйн болон цахилгаан бараа, машин механизмын сэлбэг хэрэгсэл, цагаан будаа, угаалгын бодис зонхилон импортолж байна. Статистикаас харахад, жилдээ Вьетнам улс руу Монголоос 16 мянган жуулчин аялж байна. Манай иргэдийн олонх нь 5-7 хоногт аялж, дунджаар 4.5 сая төгрөгийг зарцуулж байна.

Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын хувьд “Хоёр улсын хүн ам цөөн, газар нутаг том, далайд гарцгүй зэрэг ижил төстэй зүйлс олон тул аль аль нь зам тээврийн сүлжээгээ оновчтой зөв хөгжүүлэх, дамжин өнгөрөх тээврийн хүчин чадлаа нэмэгдүүлж, хөрш орнуудаар саадгүй дамжин өнгөрөх, хилийн боомт холболт, далайн тээврийн чиглэлээр харилцан туслалцах боломжтой” гэж Хамтын ажиллагааны баримт бичигт дурдсан байгаа.  

Манай хоёр улс хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай хүнсний экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг онцлогтой. Энэ давуу талаа ашиглан Монголоос арьс ширэн бүтээгдэхүүн, хонь, ямааны гүн хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүн, хивс, малын эм, вакцин авах сонирхолтой. Харин Лаосаас барилгын модон хийц, цагаан будаа, элсэн чихэр, цай, кофе, жимс жимсгэнэ нийлүүлэх өргөн боломж бий.

2021 онд Лаос, Хятадыг холбосон 413 км хурдны төмөр зам ашиглалтад орсон нь Монгол Лаосын хооронд төмөр замаар зорчигч тээвэр хийх шинэ боломжийг нээж байна. Хоёр улсын хоорондын худалдааны хэмжээ бага байгаа хэдий ч цаашид хоёр улс экспорт, импортын бараа бүтээгдэхүүний хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хоол, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллахаар болсон. Иймд тээвэр логистикийн асуудлыг шийдэхэд хоёр тал анхаарч хамтран ажиллахыг санал болгож байгаа. 

Монгол Улсын хувьд Зүүн өмнөд Азийн улс орнуудтай газар зүйн онцлог байдалдаа тулгуурлан ачаа тээвэр, аялал жуулчлалын салбарт түлхүү хамтран ажиллах сонирхолтой байгаа билээ. Үүний гол тулгуур хүчин зүйл нь авто тээвэр, төмөр замын тээвэр юм. Иймд Монгол, Орос, Хятад гурван улсын Засгийн газар хооронд байгуулсан олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээрт  Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Бүгд найрамдах Ардчилсан Лаос Ард Улсыг нэгдэн орохыг хүсэх хэрэгтэй байна.

Хэрэв эдгээр улсуудыг нэгдэн оруулбал Монгол Улс руу тээвэрлэлт хийх төдийгүй дамжин өнгөрч ОХУ, Европ руу ачаа тээвэр хийх боломж нээгдэх юм.

Үүнийг манай УБТЗ үр дүнтэй ашиглахын тулд эртнээс ачаа болон зорчигч тээврийн шинэ урсгал нээх, аялал жуулчлалын хосолсон бүтээгдэхүүнийг боловсруулах шаардлагатай байна.

Улаанбаатар-Бээжин-Ханой, Улаанбаатар-Бээжин-Вьентьян чиглэлд ачаа тээврийн болон зорчигч тээврийн галт тэрэг аялуулах хэрэгцээ шаардлага аль хэдийнэ бүрдээд байгаа билээ.   

 

 

Г.Энхбаатар