Дохиолол холбооны дарга Л.Гунгаажанцантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Дохиолол холбооны алба өнгөрсөн оны төлөвлөгөөгөө хэдэн хувьтай биелүүлсэн бэ?

 

-Дохиолол холбооны байгууламжийг найдвартай хангах чиглэлээр хийдэг их барилгын засварын ажлыг төлөвлөгөөний дагуу 100 хувь хийсэн. Долоон их барилгын ажил хийгдсэн. Нэгдүгээрт, Цайдам зөрлөгийг микропроцессорын цахилгаан төвлөрүүлэлтээр холбох ажлыг өнгөрсөн 11 дүгээр сард хийж дуусгасан. Цайдам зөрлөг хоёр замтай байсан.  Нэг зам, гурван сумын цахилгаан шилжүүлэгч нэмж тоноглон зөрлөгийн боловсруулах чадварыг замчидтай хамтарч дээшлүүлсэн. Хоёрдугаарт, Хангай зөрлөг хоёр замтай байсан. Нэг зам, хоёр сумын цахилгаан шилжүүлэгч нэмж тоноглосноор Багахангай-Улаанбаатар хүртэлх нэвтрүүлэх, боловсруулах чадамж нэмэгдсэн. Тэжээлийн зогсуурыг орчин үеийн сүлжээгээр хянах боломжтой боллоо.

Өмнө нь уламжлалт технологиор бол нэг кабель дээр нэг муфт хийснээр маш олон холболтын цэгтэй байсныг өөрчилж, орчин үеийн технологиор jointbox буюу нэг цэг дээр бүгдийг нь холбодог болсон. Хангай зөрлөг сумын удирдлагын хоёр утастын гэж нэрлэдэг схемээр сумыг удирдаж, хянадаг байсан. Энэ схемийн шийдэл төмөр замд 1970-аад оноос хойш хэрэглэгдэж байгаа. Эдийн засгийн хувьд үр ашигтай ч алдаа гарах магадлалтай дутагдалтай схем байдаг.

Таван утаст удирдлагын схемийг шийдэж өгснөөр цахилгаан суман шилжүүлэгчийн шилжүүлж байгаа цахилгааны хүчин чадлыг нэмэгдүүлсэн хувьсах гүйдлийн мотор тавьсан. Өртөө зөрлөгийн хилийн хязгаар буюу оруулах дохионы төхөөрөмжүүд байрлуулдаг удирдлагын болон батарейн шкаф байдаг. Үүнийг хурааж авсан. Удирдлага хяналтыг төв /өртөөний байранд/ рүү шилжүүлснээр техникийн үйлчилгээ багасаж эдийн засгийн хувьд үр ашиг гарч эхэлсэн. Мөн зам төмөр хэлхээний реле нь аянга цахилгаан, гаднын нөлөөлөлд хэт мэдрэг байсныг найдварт ажиллагаа нь илүү өндөр гаднын нөлөөлөлд тэр бүр өртдөггүй релегээр сольсон. Ингэснээр ашиглалтын зардал багасаж, найдвартай ажиллагаа нэмэгдэнэ. Ийм технологиудыг Хангай зөрлөгт нэвтрүүлсэн. Гуравдугаарт, Дохиолол холбооны III ангид микропроцессорын төвлөрүүлэлттэй дөрвөн зөрлөгийн нэг болох 36 дугаар зөрлөг байдаг. Монгол Улсын хэмжээнд анхны микропроцессорын төвлөрүүлэлт, алсын удирдлагатай зөрлөгийг УБТЗ-ын хамт олон 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нэг парктайгаар ашиглалтад өгч байсан. 11 жилийн дараа өргөтгөж хоёр парктай болгосон. Ингэснээр Айрагаас Сайншандын хэсгийн нэвтрүүлэх боловсруулах чадамжийг дээшлүүлж байгаа юм. Дөрөвдүгээрт, Замын-Үүд-1 өртөөний “хилийн парк” гэж хилийн бүсэд гурван замтай, өртөө зөрлөгийн хэмжээний том объектыг байгуулан хүлээлгэн өгсөн. Энэ ажил хоёр жилийн хугацаанд үргэлжилж өнгөрсөн жил дууссан. БНХАУ руу орж, гарч байгаа галт тэргийг энэ паркийн зам дээр дээр зогсоож, хилийн шалганы ажилчид үзлэг хийхэд зориулагдсан. Ингэснээр Эрээн-Замын-Үүд-1,2  өртөөний хооронд дахь нэвтрүүлэх боловсруулах чадварыг нэмэгдүүлэн цаг хугацаа хэмнэсэн. Тавдугаарт, Дохиолол холбооны II ангийн харьяа Ногоонтолгой зөрлөгт 2022 онд замчид, холбоочид нийлж хоёрдугаар паркийг барьсан. Гэхдээ зөрлөгийн хүлээн авах явуулах зам хооронд дахь холболтыг хийгээгүй байсныг холбож дуусгаснаар нэвтрүүлэх чадамж нь сайжирсан. Зургадугаарт, хот төлөвлөлттэй холбоотойгоор нийслэлд төмөр замтай огтлолцсон гармуудыг хоёр өөр түвшинд огтлолцуулах ажил хийсэн. Тухайлбал, 396 дугаар км буюу Таван шарын гармыг төмөр зам доогуур хонгилон гарц хийсэн. Үүнтэй холбогдуулаад кабель шугамыг зайлуулах, газар талбайг өөрчлөх томоохон ажлыг хийлээ. Одоо энэ хэсэгт төмөр замтай холбоотой түгжрэлийн асуудалгүй болсон.

Мөн олон жил шийдэгдэхгүй байсан эрсдэл өндөртэй Багахангай өртөөний 508 дугаар км-ын гармыг автомат хаалтаар тоноглосон.  Долдугаарт, бид 2024 онд Авгын гол-Сумангийн зоо зөрлөг хүртэл II шилэн кабелийг суурилуулснаар улсын хойд хилээс өмнөд хил хүртэл төмөр замыг II оптик шилэн кабелийн сүлжээгээр бүрэн холбож дуусгасан. Ингэснээр төмөр замын холболтын байгууламж нөөц сүлжээгээр холбогдох боломжтой болсон. II шилэн кабельтай болохоос өмнө гаднын байгууллагаас 400 гаруй сая төгрөгөөр суваг түрээсэлдэг байсан. Одоо бол эсрэгээрээ тэдэнд суваг, шөрмөс түрээслүүлж, 220 гаруй сая төгрөгийн орлого олж байна.

 

-2025 онд хийж хэрэгжүүлэх, гүйцэтгэх ажлын төлөвлөгөөгөө танилцуулна уу?

 

-Энэ жил бүтээн байгуулалтын хоёр том ажил байна. Хөдөлгөөн зохион байгуулалтын албаны захиалгаар Бор-Өндөр өртөөг цахилгаан төвлөрөлтийн байгууламжаар тоноглох ажил бий. Зураг төсөл, материалын захиалгыг хийх ёстой. Дохиолол холбооны III ангиас зургаан инженерийн бүрэлдэхүүнтэй баг  дохиолол холбооны зарчим,  монтажны схемийг зурж байна. Энэ ажил төлөвлөснөөр бол гуравдугаар сард дуусах ёстой. Шаардагдах материал хэрэгслийн захиалгыг Худалдан авах ажиллагаа борлуулалтын албанд нэгдүгээр сард өгсөн. Мөн Оорцог-Энгэр зөрлөгт нэг зам нэмж тавих, замуудыг сунгах өргөтгөлийн ажил бий. Замын зураг хийж байна. Төсөв гарснаар энэ ажил эхэлнэ. 2030 он гэхэд УБТЗ-аар 50 сая тонн ачаа тээх урьдчилсан судалгаа гарсан. Энэ жил 34 сая тонн ачаа тээвэрлэнэ. Жил ирэх тусам тээврийн хэмжээ нэмэгдэж байна. Таван жилийн дараа 50 сая тонн ачаа тээвэрлэнэ. Дөрвөн зөрлөгийг дараа жил өргөтгөнө. Энэ жил зураг төслийн ажлыг хийнэ. Энэ ажлын хүрээнд техникийн даалгавруудаа боловсруулж, Зураг төслийн төвд нэгтгэж байна. 

 

-Шилэн кабелийг бүрэн ашиглаж эхэлсэн үү?

 

УБТЗ 1999 онд Монгол Улсад анхны шилэн кабелийг нэвтрүүлсэн түүхтэй. Энэ шилэн кабель ганцхан байсан. 2013 оноос хоёр дахь шилэн кабелиа замын санхүүд захирагдаж бага багаар хийж эхлэн 2024 оны хоёрдугаар сард бүрэн дуусгасан. Үүрэн телефоны компани болон бусад аж ахуйн нэгжид шилэн кабель, суваг түрээсэлж нэмэлт орлоготой болж эхэлсэн.

 

-Энэ онд арван зөрлөгийг диспетчерийн төвлөрүүлэлтэд шилжүүлэхээр болсон. Энэ ажил хэзээнээс эхлэх вэ?

 

-Гол замын 67 өртөө, зөрлөг байдаг. Арван зөрлөг алсын удирдлагатай байгаа. Галт тэрэгний хөдөлгөөнийг удирдлагын төвөөс шууд удирдаж байна. Тодруулбал,  30 дугаар зөрлөгөөс 31 дүгээр зөрлөгөө шууд удирдана. Эхний ээлжид галт тэрэгний диспетчерүүдийг төвөөс удирдах техникийн боломж бий. Хөдөлгөөнчид хөдөлмөр зохион байгуулалтаа хийгээд  Замын ерөнхий  инженер график төлөвлөгөөгөө гаргачихсан. Эхний ээлжид арван өртөө зөрлөгийг диспетчер өдөр шөнөгүй удирдахад шилжүүлж туршина. Өөрөөр хэлбэл, өртөөний жижүүрүүдэд энийг явуул, түүнийг зогсоо гэхчлэн суман шилжүүлэг, дохиог компьютероор удирддаг болсон. Одоо арван өртөөг галт тэрэгний удирдагч өөрөө компьютероор удирдана. Диспетчерийн удирдлагын систем хэрэгжээд явж байгаа. Автоматчилагдсан системийг хөдөлгөөнчид удирдахаар дутагдалтай тал ажиглагдаж байна. ГИД буюу галт тэрэгний зурмагийн автомат систем боловсронгуй биш, галт тэрэгний диспетчерүүдийн ашиглах программ нь дутагдалтай талууд байна. Энэ программыг шинэчлэхээр гол замын бүх өртөө зөрлөгийг төвөөс таван диспетчер удирдана гэсэн үг. Техникийн боломж нь үүсчихсэн, жижиг асуудлууд байгааг сайжруулахаар ажиллаж байна.

 

-Материал сэлбэгийн хангалт удаашралтай, эсвэл худалдан авалтаас шалтгаалж ажил зогсох, хугацаандаа амжихгүй байх нөхцөл байдал хэр үүсэж байна вэ?

 

-Өнгөрсөн жил хийж дуусгасан ажлуудын дөрөв нь 2021, 2022 онд эхэлсэн. Материал тэр жилдээ ирдэггүй он дамнах асуудал гардаг. Манай төхөөрөмжүүд Монголд үйлдвэрлэгддэггүй. Зарим техник хэрэгсэл, кабель шугам БНХАУ-д үйлдвэрлэгдэж байна. Үндсэн бааз суурь нь ОХУ-д үйлдвэрлэгддэг.  Хоёр хөрш, гуравдагч орноос оруулж ирэх болдог. Монголд тендер зарлахад гадаадын компаниуд оролцдоггүй. Харин дамжуулагч компани нь тендерт оролцоно. Өнгөрсөн жил Замын-Үүдийн хилийн паркийн камержуулалтыг хийхэд гурван удаа тендер зарласан. Өнгөрсөн есдүгээр сарын 20-ноос хойш дөрөв дэх компани шалгарсан боловч санхүүжилтийн эх үүсвэр байхгүйгээс энэ ажил зогссон байх жишээтэй. Энэ мэтчилэн асуудлууд гарсаар л байна.

 

-Тэгэхээр энэ тал дээр ямар арга хэмжээ авах нь зүйтэй гэж та харж байна вэ?

 

-Оны эхнээс Худалдан авах ажиллагаа, борлуулалтын албатай хамтарч  техникийн даалгавар, нөхцөлөө гаргах нягт хамтарч ажиллах шаардлагатай байгаа нь харагдаж байна.

 

-“Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

 

-Манай алба дохиолол холбооны байгууламжийн найдвартай ажиллагааг хангах, арчилгаа үйлчилгээг хийх, өртөөний боловсруулах чадварыг нэмэгдүүлэх системийг хариуцдаг. Энэ ашиглалтын байдлаас харахад боловсон хүчний хомсдолд орсон байна. Тухайлбал, 2024 оны нэгдүгээр сарын 01-ний байдлаар Дохиолол холбооны III ангид 30 гаруй хүний орон тоо дутуу байсан. Залуучууд өөр ажил сонгох, эсвэл хувийн төмөр зам руу ажиллахаар явсантай холбоотой. Бид 20 орчим инженер, техникийн ажилтныг буцаан урьж ажиллуулж байна. Өнөөдрийн байдлаар энэ ангид найман орон тоо дутуу. Дохиолол холбооны II ангид 5-6 орон тоо дутуу. Ер нь боловсон хүчний нөхөлтийг хийж байгаа ч санасан хэмжээнд хүрэхгүй байна. Шугамын хэсгийн ахлахыг бэлтгэхэд таван жил зарцуулдаг байсан. Эхлээд монтёр, дараа нь механикчаар 4-5 жил ажиллуулчихаад шугамын ахлахаар тавьдаг байлаа. Харин одоо нэг хүүхдийг хоёр сар монтёроор, хоёроос гурван сар механикчаар ажиллуулаад л зургаан сарын дараа ахлах механикч болгож байна. Тэгэхээр туршлага гэдэг зүйл байхгүй болчихоод алдаа гаргах магадлал нь өндөр болж байна. Хурдан хугацаанд дадлагажуулах, сургах асуудал нь бидний үүрэг болсон.  Боловсон хүчний хомсдол харьцангуй тогтвортой ч зөрлөгүүдэд залуучууд ажиллаж амьдрахгүй байна. Манай албанаас судалгаа хийсэн. Зөрлөгийн механикч 30  төхөөрөмж, систем хариуцаж байна. 100 хувь мэдэхгүй ч гэлээ энэ ажилтан дээр бүх хариуцлага яригдана. Зарим систем нь инженерийн түвшинд мэдлэг шаардагдана.  Энэ мэт ачаалалтай ажилладаг учраас залуучууд төв рүү тэмүүлж ажиллах сонирхолтой байна.

 

-Зөрлөг дээр нэг механикч ачаалалтай, өндөр хариуцлага хүлээн ажиллаж байна. Тэгэхээр механикчийн орон тоог нэмэх үү, эсвэл цалин урамшууллыг нэмэгдүүлэх зэрэг нийгмийн асуудлыг шийдвэрлэхийг илүүд үзэж байна уу?

 

-Буйдхан зөрлөгүүдэд манай механикч 24 цаг тасралтгүй ажилладаг. Өдөр шөнө ялгаагүй дуудагдаж очдог. Өнгөрсөн нэгдүгээр сард шинэ төгссөн залуу зөрлөгт нэг сар ажиллаад гараад явчихсан. Ганц бие залуучууд галаа түлж чадахаа байсан. Долоо хоногийн аль ч цагт ажиллана. Ганцаараа шийдвэр гаргана. Хөдөлмөрийн аюулгүй байдлаа өөрөө хариуцна.  Зөрлөг дээр 10-20 замчин, 4-5 хөдөлгөөнчин  ажиллах жишээтэй. Харин дохиолол холбоочин ганцаараа л ажилладаг. Механикчид зөрлөгт очиж ажиллахгүй байгаа шалтгаан нь энэ. Ийм ачаалал, хариуцлага үүрдэг учраас зөрлөгөөс илүүтэй төв рүүгээ олонтойгоо ажиллах хүсэл сонирхолтой байна. Орон тоо нэмэх боломж хомс. Орон тоо нэмэх шаардлагатай газрууд бий. Энэ бол тусдаа асуудал. Орон тоо нэмлээ ч зөрлөг дээр  амьдрах байр сууц байхгүй. Нэг орон тоон дээр байгаа ажилтнаа л тордох асуудал тулгарч байна. Цалин урамшууллыг нэмэгдүүлэх саналаа танилцуулсан. 100 км  замд нэг инженер  таван зөрлөг хариуцаж ажилладаг. Багийн  зохион байгуулалтад шилжүүлэх хэрэгтэй. Тухайлбал,  Чойр өртөөнд амьдраад таван зөрлөг рүү явж ажиллах, эсвэл таван зөрлөг дээр нэг, нэг механикчтай төвөөс инженер очиж хамтарч ажиллах уу гэх мэт хөдөлмөр зохион байгуулалтаа хийж багаар ажиллах хэрэгтэй.  Баг болж ажилладаг, урамшууллаа авдаг, нэгэндээ дэмжлэг үзүүлнэ. Багийн нэг ажилтан муу ажиллахад урамшуулал цалингүй. Тэгэхээр багийнхан энэ доголдож байгаа нэгнээ сургана, дадлагажуулна, хамтарч ажилласнаар ажлын бүтээмж ч сайжирна.

 

-Ярилцлага өгсөн Танд баярлалаа.

 

 

П.Түмэндэмбэрэл