Тус анги оны эхний улиралд 666.6 мянган тонн ачаа боловсруулан төлөвлөгөөг 2.3, өмнөх оны мөн үеэс 1.6 хувиар давуулан биелүүлсэн байна. Хоногийн дундаж ачилт, буулгалт 273 вагонд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар давсан үзүүлэлт юм. Нэгдүгээр улиралд нийт 37720 чингэлэг ачиж, буулгажээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 17.3 хувиар давсан бол үүнээс 24362 транзит чингэлэг байгаа нь 9.4 хувиар давсан үзүүлэлт гэдгийг ангийн дарга Б.Гантөмөр үзлэгийн комисст танилцууллаа. Харин орлогын төлөвлөгөө нь 100.8 хувиар биелсэн ч өмнөх оны эхний улиралтай харьцуулбал 400 орчим мянган төгрөгөөр буурсан байна. Тодруулбал, логистикийн талбайн транзит чингэлэг хадгаламжийн орлого өмнөх оны эхний улиралд дөрвөн тэрбум төгрөгт хүрч байсан бол энэ оны мөн үед 2.3 тэрбум болж 42.5 хувиар буурсантай холбоотой аж. Харин ачаа шилжүүлэн ачилтын орлого өмнөх оноос 618 сая төгрөгөөр нэмэгдсэн байна. Ийнхүү өмнөх оноос орлого буурч, зардал өссөн ч Шилжүүлэн ачих анги таван тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Цаашид импортын чингэлэг өсөх хандлагатай байгаа аж. Өнөөгийн байдлаар, Тяньжинд наашаа ачигдах 3000 орчим чингэлэг байгааг танилцууллаа. Тус анги хүний нөөцийн ажилтны орон тоог нэмэх, өөрөө явагч чингэлэг өргөгчийн гэмтлийг оношилдог компьютертой болох, энэ чиглэлээр засварчдыг сургах, сургалтын инженерийн орон тоог тусад нь батлуулах, мөн Замын-Үүдэд Их эмчийн тасагтай ч Шилжүүлэн ачих ангийн дөрвөн талбайн нийт ажилтад хүрч ажиллахад хүндрэлтэй байдаг тул үйлдвэрийн эмчтэй болох зэрэг цөөн хэдэн саналыг үзлэгийн комисст тавив.
М.Наранболд