Нүүр Дугаарын зочин Шилэн кабелийн эргүүл
Дугаарын зочин

Шилэн кабелийн эргүүл

G.Press 16 цагийн өмнө 17 үзэлт 0 сэтгэгдэл

Энэ удаад би УБТЗ ХНН-т ердөө ганц байдаг ажлын байр болон хариуцсан ажлаа чин сэтгэлээсээ хийдэг ажилтныг танилцуулъя. Тэр бол Дохиолол холбооны II ангийн шилэн кабелийн эргүүл Цэвэглхасүрэнгийн Бямба юм.

-Та шилэн кабелийн эргүүлээр хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?

-Яг энэ ажлыг долоо дахь жилдээ хийж байна. Өмнө нь Дохиолол холбооны II ангид 11 жил харуулаар ажилласан.

-Та өөрийн хийдэг ажлаа танилцуулна уу. УБТЗ-д ердөө ганцхан шилэн кабелийн эргүүл байдаг гэж сонссон?

-Би Амгалан-Улаанбаатар Толгойт хооронд шилэн кабелийнхаа бүрэн бүтэн байдлыг нь биеэр явж шалгадаг. Энэ ажлын байр Дохиолол холбооны II ангид л байдаг. Яагаад гэвэл хотод хүн амын төвлөрөл ихтэй, барилга байшин барих, зам гүүр тавих зэргээр газар шорооны ажил маш ихээр хийгддэг учраас төмөр замынхаа шилэн кабелийн бүрэн бүтэн байдлыг нь өдөр бүр шалгадаг.

-Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Амгалангаас Улаанбаатар өртөө хүртэл 11.5 км, эндээс Толгойт өртөө хүртэл 12 км. Би нэг өдөр Амгалан-Улаанбаатар, дараагийн өдөр нь Улаанбаатар Толгойт хооронд кабелиа шалгадаг. Жишээ нь, өглөө Амгалангаас гарч Улаанбаатар өртөө хүртэл шалгаад энд мэдээгээ өгч, үдийн цайндаа орчихоод буцаад Амгалан хүртэл шалгаад ажлаасаа буудаг. Маргааш нь Толгойтоос Улаанбаатар, Улаанбаатараас Толгойт хүртэл шалгах жишээтэй.

-Долоон жил өдөр бүр кабелиа даган шалгаад яваад байхаар чинь замдаа таарах чулуу болгоныг бараг мэдэх юм биш үү?

-Ер нь багцаатай. Энэ байгууллага юу юугүй газар ухаад барилга байшин бариад байхгүй. Энд нэг хоосон хашаа бий. Энэ компани өнөөдөр юм зөөгөөд газраа чөлөөлж байна. Мөдхөн барилга барихаар газар шорооны ажил эхэлж магадгүй гэх мэтээр багцаалаад анзаараад, газар шорооны ажил хийвэл манай байгууллагын ийм утаснуудад заавал мэдэгдээрэй гээд мэдэгдэх хуудас өгөөд явдаг. Жил бүрийн хавар, намарт хоёр удаа мэдэгдэх хуудас тараадаг.

-Өнөөдөр та хаанаас хаа хүртэл шалгав?

-Толгойтоос Улаанбаатар хүртэл шалгасан. Замдаа кабелийн тэмдэглэгээтэй шонгуудынхаа өнгө үзэмжийг сэргээж будаж байгаа.

-Толгойтоос Улаанбаатар хүртэл та хэдэн цаг алхдаг вэ?

-Кабелийн ойр орчим хэвийн байвал бол шуурхайхан шалгаад явахад хоёр цаг 30 минут орчим. Сайн нягталж шалгах шаардлагатай байвал гурван цаг гаруй явдаг. 

-Өнгөрсөн долоон жилд шилэн кабель гэмтээсэн тохиолдлууд хэр гарч байсан бэ?

-Зөвшөөрөл аваагүй, техникийн дүгнэлт нь гараагүй байхад машин техникээ авчирчихсан газар ухах гээд байж байсан тохиолдлууд бий. Тийм үед мэдэгдэх хуудсаа өгөөд, анги руугаа мэдээлдэг. Мэдээллийн дагуу кабелийн инженерүүд маань ирж, дараа дараагийн арга хэмжээг авдаг. Ер нь, шилэн кабель гэмтээвэл маш өндөр эрсдэл үүснэ. Түүнийг засах, хэвийн болгохын тулд маш их ажил болно, зардал мөнгө ч гарна. Тиймээс анхаарал татсан газруудад сайн хяналтаа тавиад, мэдэгдэх хуудсаа тараагаад явдаг.

-Энэ ажлын байр хэзээнээс бий болсон юм бол?

-Өмнө нь шилэн кабелийн эргүүл байсан. Яг хэзээнээс шилэн кабелийн эргүүлтэй болсныг мэдэхгүй байна. Гэхдээ өмнө нь хоёр гэрээт ажилтан хоёр талаа хариуцаад ажиллаж байсан. 2017 оноос шилэн кабелийн эргүүлийн орон тоо батлагдаж, тэр үеэс би ажиллаж эхэлсэн.

-Өдөр тутмын ажилд чинь хүндрэлтэй зүйл тохиолддог уу?

-Гайгүй дээ, нэгдүгээр шилэн кабель Амгалангаас наашаа гараад захын урд талын бүх байгууллагын хашаан дотор байдаг, бас цаашаа айлуудын хашаан дотор байдаг. Айлууд бол хашаандаа 00 ухах, шон босгох зэрэгт газар ухаж, кабель гэмтээчих гээд байдаг талтай. Айлуудад мэдэгдэх хуудас өгөхөд нохой нь барьчих гээд жаахан төвөгтэй байдаг. Айлуудад энүүгээр манай кабель явж байгаа гэдэг тэмдэг тэмдэглэгээ тавьж өгч, сайн ойлгуулж хэлдэг. Бусдаар бол гайгүй. Том хэмжээний бүтээн байгуулалт өрнөвчөл кабелийг зөөх ажил хийгддэг. Хамгийн сонор сэрэмжтэй байх үе нь урин дулааны улирал. Хавар дулаараад л барилга, газар шорооны ажлууд эхэлдэг. Тиймээс би өвөл ээлжийн амралтаа авдаг. Гэхдээ сүүлийн үед техник технологи хөгжчихсөн болохоор өвөл ч газар шорооны ажил хийдэг газрууд бий. Манай холбооныхон бас ажлаа хийж явахдаа “Кабельтай хэсэгт эксковатор харагдаад байна шүү. Үзэв үү, харав уу” гэж залгаж хэлдэг. Намайг амарчихсан үед холбооныхон маань кабелиа давхар харж хамгаалж байдаг. Энэ ташрамд хэлэхэд ангийн удирдлага, хамт олондоо талархаж явдгаа уламжилúя гэсэн билээ.

Өдөр бүр 24-25 км алхдаг энэ хүн “Алхах эрүүл мэндэд сайн” гэж билээ. Тэрбээр, цастай, бороотой, шуургатай, салхитай, нартайд ч чин үнэнчээр ажлаа гүйцэтгэдэг, шударга бөгөөд хичээнгүй ажилтан аж. Таны ажлын багаж, зэвсэг юу вэ гэхэд “Миний ажлын багаж хоёр хөл, хоёр нүд юм даа” гэж даруухан өгүүлэв. Тэрбээр удам залгасан төмөр замчин юм билээ. Аав нь төмөр замын Автобаазад жолоочоор насаараа ажиллажээ. Мөн түүний хоёр эгч, нэг ах нь төмөр замчин, хүү нь Улаанбаатар Татах хэсэгт машинч гэнэ. Ийнхүү гурван үеэрээ төмөр замчин нэгэн гэр бүлийн гишүүн маш хариуцлагатай ажлыг чимээгүйхэн нягт нямбай гүйцэтгэсээр байна. 

 

Б.ГҮНЖИНЛХАМ 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.