Баянтүмэн тасгийн гол замын хэмжээнд саяхныг хүртэл төвлөрсөн эрчим хүчинд холбогдож чадаагүй өртөө зөрлөг нэг бус байсан. Замын удирдлагын шийдвэрээр тус тасгийг бүхэлд нь эрчим хүчинд холбох ажлыг эхлүүлсэн бол саяхан өндөр хурдны интернэтийн сүлжээ буюу “Starlink”-ийг нэвтрүүлжээ.
Энэ талаар тус тасгийн орлогч дарга С.Батбадартай утсаа холбогдож тодруулга авлаа.
-УБТЗ-ын удирдлагын шийдвэрээр манай тасгийг төвлөрсөн шугам сүлжээнд холбох ажил 2017 оноос эрчимтэй өрнөсөн. Өнгөрсөн хугацаанд хоёр өртөө, нэг замын хэсэг рүү өндөр хүчдэлийн шугам татаж, төвлөрсөн эрчим хүчинд холбосон. Хамгийн сүүлийнхийг нь буюу Замын VIII хэсгийн их барилгын ажлыг 2023 оны Их барилгын төлөвлөгөөнд тусган амжилттай хэрэгжүүллээ. Энэ хүрээнд 903 сая 270-аад мянган төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэнд манай хамт олон урам зориг дүүрэн ажиллаж байна.
-Орчин цагийн хүмүүсийн хамгийн гол хэрэглээ болсон өндөр хурдны интернэтийн сүлжээнд холбогдсон гэж сонслоо?
-Шинээр ажилд орж байгаа залуусынхаа тогтвор суурьшлыг хангах үүднээс Замын захиргаа, МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дэмжлэгтэйгээр шугам замынхаа хэмжээнд өндөр хурдны интернэт оруулах ажлыг эхлүүлээд байна. Үүний нэг жишээ нь энэ сарын 6-нд Чингисийн далан өртөөг өндөр хурдны “starlink” сүлжээний төхөөрөмжөөр тоноглолоо. Энэ ажлыг манай дохиолол холбооны тасгийн инженер техникийн ажилтнууд хариуцан зохион байгуулж, байнгын ашиглалтад шилжүүллээ. Цаашлаад Хавирга өртөө болон шугам замын бусад хэсгүүдэд интернэтийн төхөөрөмж тавихаар техникийн тооцоо судалгааг хийж байна. Ер нь, манай тасгийг интернэт сүлжээнд бүрэн холбох боломжтой гэж үзсэн.
-“Starlink”-ыг худалдан авч байна уу, аль эсвэл төсөл хөтөлбөр хэлбэрээр нэвтрүүлж байгаа юу?
-Төхөөрөмжийг нь 4.5 сая төгрөгөөр худалдаж авсан. Ашиглалтын зардал нь сард 200.000 төгрөг болох юм билээ. Үүнд шаардлагатай бүх зардлыг Замын захиргаа, МТЗ-чдын ҮЭ-ийн холбоо хамтран шийдвэрлэх юм. УБТЗ ХНН-ийн 75 жилийн ой, төмөр замчдын мэргэжлийн баярыг тохиолдуулан ийм том бэлэг барьсанд манай ажилтнууд маш их талархаж байна. Төмөр замчдынхаа санал бодлыг үргэлж анхааралтай сонсож, орчин цагийн хөгжилтэй хөл нийлүүлэхэд шаардлагатай бүх дэмжлэг туслалцааг үзүүлж буйд Баянтүмэн тасгийн хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа халуун талархал илрэхийлье.
Б.Дэлгэрхишиг