Нүүр Цаг үе Ш.Баярсайхан: Техникийн элэгдэл, боловсон хүчний хомсдол хоёр бидний гол бэрхшээ...
Цаг үе

Ш.Баярсайхан: Техникийн элэгдэл, боловсон хүчний хомсдол хоёр бидний гол бэрхшээл

G.Press 2 жилийн өмнө 68 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Хөтөлийн ТБДҮ-ийн дарга Ш.Баярсайханаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

 

-Танай хамт олон 2023 онд ямар амжилтыг бүтээв. Энэ онд ямар зорилтдэвшүүлэн ажиллаж байна вэ?

 

-Манай хамт олон Замын захиргаа болон Замын аж ахуйн албаны захиалгаар дунд засварт зориулсан CZ, их засварт зориулсан APC бэхэлгээтэй бетон дэр үйлдвэрлэн нийлүүлэх зорилтын 2023 онд өмнөө тавьж ажилласан. Улмаар нийт 115 мянган бетон дэрийг үйлдвэрлэн замын их, дунд засварын ажилд нийлүүлж, төлөвлөгөөгөө 97 хувиар биелүүллээ. Энэ хугацаанд үйлдвэр нэг ч хоногийн тасалдалгүй ажилласан. Үүний зэрэгцээ үйлдвэр байгуулагдсанаас хойших 25 жилийн түүхэнд байгаагүйгээр гүүр хоолойн хийц үйлдвэрлэн гаргалаа. Дөрвөн объектод  таван төрлийн гүүр хоолойн хийцийн 650 эдлэлийг нийлүүлж, үер усны өндөр эрсдэл бүхий замын хэсгүүдийн гүүр хоолой, хиймэл төхөөрөмжийг хүчжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр орууллаа. Энэ бол манай хамт олны нөр их хөдөлмөр, зүтгэлийн үр дүн юм. Мөн үүний зэрэгцээ гадны захиалга буюу Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн захиалгаар бетон дэр хийж борлуулсан.  Энэ онд бид 144 мянган бетон дэр үйлдвэрлэх төлөвлөгөөг батлуулж авлаа. Мөн Замын даргын A/01, A/02 тоот тушаалын хэрэгжилтийг хангах гэхчлэн цаг үеийн шинж чанартай ажлуудыг гүйцэтгээд явна.

 

-Технологийн шинэчлэлийн тухайд ямар  шийдэл дэвшүүлж байна вэ?

 

-Бид тухайн ажлыг 11 сарын хугацаанд бүрэн гүйцэтгэнэ.  Саяхан Замын даргын үзлэгийн комисс манайд ажиллахдаа бүх ажил үйлчилгээтэй тусгайлан танилцсан. Энэ үеэр манай үйлдвэрийн гаргаж байгаа бетон дэрний бэхэлгээний нөхцөлийг өөрчлөх тухай асуудлыг хөндөж ярилцсан. Цаашдаа манайд европын стандарт  буюу Германы Vossloh бэхэлгээний нөхцөлд таарсан бетон дэр үйлдвэрлүүлэх бодлогыг Замын захиргаа дэвшүүлж байгаа юм билээ. Энэ нь шинэ төмөр замын төслүүдэд түлхүү хэрэглэж байгаа төдийгүй дэлхийн нийтлэг стандарт юм. Үүнээс гадна тухайн бетон дэрийг хэрэглээнд нэвтрүүлснээр нэг гол дээр дарах даралт нэмэгдэнэ хэмээн үзэж Замын ерөнхий инженер дээр 18 зүйл бүхий ажлын төлөвлөгөө баталж, холбогдох албадтай хамтран хэрэгжүүлэхийг ч тодорхой тусгаж өгсөн. Тухайн ажил төлөвлөгөөний дагуу явагдвал бид энэ оны хагасаас эхлэн замын их засварт Vossloh бэхэлгээтэй дэр, сумын дүнзийг өөрсдөө үйлдвэрлэх туршилтын ажлын эхлүүлнэ. Мөн бэхэлгээний нөхцөлийг сайжруулах бусад арга хэмжээг Замын Ерөнхий инженерийн даалгавраар авч хэрэгжүүлнэ.

 

-Ажилчдын тогтвор суурьшил ямар хэмжээнд байна вэ?

 

-Манай ажилчдын дундаж цалин ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг гадны байгууллагуудаас нэлээд доогуур хэмжээтэй байна. Ялангуяа, зэргэлдээх Цемент шохойн үйлдвэрт ажилладаг бетон дэр, гүүр хоолойн хийц, барилгын чиглэлийн үйлдвэрлэлийн ажилчдаас хол зөрүүтэй. Энэ нь манайд олон жил ажилласан туршлагатай ажилтнуудыг тогтвор суурьшилтай ажиллах байдалд сөргөөр нөлөөлөхөд хүрч байна. Тиймээс тухайн асуудлыг Замын удирдлагад танилцуулсан. Эхний дөрвөн сарын хугацаанд шаардлагатай суурь судалгаануудыг хийж, үр дүнг танилцуулах үүрэг даалгавр авсан. Бид ҮЭ-ийн хороотойгоо хамтарсан судалгаа хийж, ирэх дөрөвдүгээр сард ажилтнуудынхаа цалинг нэмэгдүүлэх асуудлыг замын захиргаанд дэвшүүлэн тавина.

 

-Томоохон үйлдвэрийн үйл ажиллагаа, үр ашиг техник технологийн хүчин чадалтайгаа шууд уялддагаараа онцлогтой. Танай үйлдвэрийн хувьд техник технологитой холбоотой хүндрэл бэрхшээл хэр гарч байна вэ?

 

-Яг тийм. Манай үйлдвэр анх БНХАУ-ын CZ бэхэлгээтэй бетон дэрний үйлдвэрийн суурин дээр байгуулагдсан. Тэр үеийн тоног төхөөрөмжүүдийг өнөөг хүртэл ашиглаж байна. Нийт тоног төхөөрөмжийн 70 хувь нь моралын элэгдэлд орсон. Манайхтай ижил үйл ажиллагаа явуулдаг хувийн болон хамтарсан хөрөнгө оруулалттай гурван үйлдвэр бий. Тухайн үйлдвэрүүд европ стандартын хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг ашигладаг. Тиймээс бид тодорхой асуудлуудыг Замын техникийн зөвлөлөөр оруулан ярьж байна. Эхний ээлжид дээр дурдсанчлан бэхэлгээний нөхцөлийг өөрчлөх. Үүний тулд зарим тоног төхөөрөмжийг шинэчлэх. Дараагийн ээлжид арматурчиллынхаа төхөөрөмжийг шинэчлэх гээд ойрын таван жилийн хугацаанд тодорхой үе шаттайгаар технологиудаа шинэчилж, бусад үйлдвэрийн жишигт хүрэх зорилт дэвшүүлсэн. Эдгээрээс гадна манайд боловсон хүчний асуудал хүндээр тусч байна. 1997 онд барилгын цэргийн ангиас шилжиж ирсэн туршлагатай боловсон хүчнүүд маань гавьяаны амралтдаа гарсан учраас дараагийн шинэ залуу боловсон хүчнийг хэрхэн бэлтгэх, яаж тогтвортой ажиллуулах вэ гэдэг асуудал хурцаар тавигдаж байна. Манайх барилгын салбар учраас ажиллах боловсон хүчнийг ТЗДС бэлддэггүй. Тиймээс энэ хүрээнд Дархан дахь ТМС, ПТК, МСҮТ-тэй хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж байна. Саяхан тухайн сургуулиудын удирдлагатай уулзаж, мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх асуудлаар зөвлөлдлөө. Одоо манай нийт ажилтны 36 хувь нь 20-25 насны залуус. Тиймээс тэднийг ажлын талбарт нь дадлагажуулах, сургах нь манай хамгийн чухал зорилтын нэг болоод байна.

 

Б.Дэлгэрхишиг

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.