Хаврын шар усны үерээс хэрхэн урьдчилан сэргийлж байгаа талаар Замын зарим ангиас тодрууллаа.
Замын I ангийн орлогч дарга Б.Нанзаддорж:
-Хаврын шар усны үер төмөр замчдын хувьд том асуудлуудын нэг байдаг. Танай ангийн хэмжээнд шар усны үерийн эрсдэл аль хэсэгтээ их тулгарахаар байна вэ?
-Манай ангийн хэмжээнд нийт хэсгээр энэ өвөл цас их орсон. Гэхдээ цаг наашилж, цас хайлж байна. Үнэгт, Түнх орчмоор ахиу орсон учир бага зэрэг эрсдэлтэй байна. Хяналтыг замын мастер болон өдрийн цагт тор засагч нар тогтмол тавьж байна.
-Үерээс урьдчилан сэргийлэх ямар ажил хийв. Хамгаалах нөөц хангалттай байгаа юу?
-Энэ хавар гүүр хоолойн оролт, гаралт цэвэрлэсэн. Мөн суваг шуудуунд ургасан бут, бургас авах, цасанд дарагдсан суваг шуудууг цэвэрлэх ажлыг техникээр болон замчдын хүчээр хийсэн. Замын даргын холбогдох тушаалын дагуу үер усны үед шаардлагатай материалуудын нөөцийг бүрдүүлсэн.
-Энэ жил танай анги зам засвар, арчлалт, бүтээн байгуулалтын ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?
-УБТЗ-ын 75 жилийн ой тохиож буйтай холбоотой ангийн хэмжээнд хийх ажлуудаа төлөвлөж, Замын аж ахуйн албаны даргаар батлуулсан. Бүтээлч ажлын аян зарлаж туг аялуулсан. Төлөвлөсөн ажлуудаа түрүүчээс нь хийгээд явж байна. Замчдаа тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэхээр Энхтал, Баруунхараагийн замчдын байрны гадна тохижилтын ажлыг жишиг болгон засна. Мөн Сүхбаатарын бааз оклодкын гадна хашааг засварлах зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөж, ажилдаа орсон. Их барилгаар Цайдам зөрлөгийн замыг сунгана. Мөн урсгал засвараар нэлээд ажил төлөвлөсөн.
-Засвар шинэчлэлтэй холбоотой сэлбэг, тоног төхөөрөмж, дэрийн хангалт хийсэн үү?
-2023 онд манай ангид шинэ экскаватор төлөвлөсөн байсныг энэ сард авсан. Энэ нь манай ангийн ажилд их нэмэр болох том хөрөнгө оруулалт байлаа. Энэ ташрамд УБТЗ-ын удирдлага болон Замын аж ахуйн албаны удирдлага хамт олондоо талархал илэрхийлье. Одоогоор 4400 модон дэр, АРС бэхэлгээтэй 7395, CZ бэхэлгээтэй 2865 төмөр бетон дэрээр хангасан байна. Үүнийгээ зуны зам засварт ашиглахаар эхний хагас жилийн төлөвлөгөө гаргасан. Төлөвлөгөөний дагуу төмөр бетон дэрүүдийг хоорондын замд тараах ажил 80 гаруй хувьтай байна. Мөн Сүхбаатар-Дулаан хоорондын замын 27-32 дугаар км-т шавар сагалт их үүссэнээс замын байдал тогтворгүй болж байгаа. Энэ хэсэгт урсгалаар засаж сайжруулах ажлыг хийнэ. Шарын голын 62 км замд өнгөрсөн жил 30 км-т нь төмөр бетон дэр схемчлэн сольж хүчжүүлсэн. Энэ жил үлдсэн км-үүдэд 4000 төмөр бетон дэр схемчлэн солихоор бэлтгэж байна.
Бидний одоо ашиглаж байгаа цахилгаан болон гар багажууд элэгдэлд орж, ашиглалтын хугацаа нь дуусан. Засварлахад хүндрэлтэй болсон. Энэ байдлыг харгалзан хөрөнгө оруулалтаар энэ жил 377 сая төгрөгөөр ..... нэр төрлийн цахилгаан болон гар багаж авахаар төлөвлөгөөнд суусан нь нүдээ олсон бодлого гэж харж байгаа. Одоогоор Худалдан авах ажиллагаа, борлуулалтын алба тендер зарласан гэсэн. Манай замчид зуны зам засвартаа шинэ багаж ашиглана гээд хүлээж байна даа.
Замын VI ангийн дарга Т.Лхагвасүрэн:
-Танай ангийн хэмжээнд цас хэр их байна. Шар усны үерээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрхэн ажиллаж байна вэ?
-Ангийн хэмжээнд цас ихээр унасан км-үүдэд замын хажуугийн шуудуу 1.2 км, уулын суваг 1.2 км, ус зайлуулах сувгууд 5.83 км, нийт 8.23 км ус зайлуулах суваг шуудууг цэвэрлэсэн. Цас ихтэй, шар усны үерт автаж болзошгүй 16 хиймэл төхөөрөмжийн оролт, гаралтыг цэвэрлэж үерийн ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлсэн. Одоогийн байдлаар, Салхит-Эрдэнэт хоорондын замд цасны байдал 95-100 хувь нь хайлсан. Шар усны үерт автах эрсдэлтэй зам, хиймэл төхөөрөмж байхгүй.
-Үерээс хамгаалах нөөц хангалттай юу?
-Үерийн нөөцөнд Замын даргын А/179 тоот тушаалын дагуу газар дээр Салхит, Хөтөл, Орхонтуул, Эрдэнэт өртөөдөд 420 шоо метр чулуу бэлэн байна. Хөдлөх бүрэлдэхүүн дээр 180 шоо метр чулуу, ПГС хоёр вагон, 400 дэр мод ачаатай байна.
-Энэ жилийн хувьд танай анги зам засвар, бүтээн байгуулалтын ямар ажил хийхээр төлөвлөв?
-Их засвараар Орхонтуул-Хангал хоорондын замын 114 км-ийн тавдугаар зуутад нурмаг аюулгүй болгох их засварын ажил хийнэ. Мөн Цайдам-Салхит хоорондын замын 157 км дэх гармыг жишиг болгох их засварын ажлын бэлтгэлийг хангаж байна.
-Засвар шинэчлэлтэй холбоотой сэлбэг, тоног төхөөрөмж, дэрийн хангалт хийсэн үү?
-Урсгал засвараар 15000 модон дэр, 5200 төмөр бетон дэр, 3500 пог/метр сумын дүнз солих төлөвлөгөөтэй. Үүнээс 5400 модон дэр, 3000 төмөр бетон дэр, 930 пог/метр сумын дүнзээр хангаад байна.
М.Наранболд
