Нүүр Нийгэм Сар шинийн идээ ундаа гадныханд ямар санагдав?
Нийгэм

Сар шинийн идээ ундаа гадныханд ямар санагдав?

G.Press 3 сарын өмнө 107 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Монголын Цагаан сарын ууц шүүс, идээ ундааг амталсан гадаад зочдын сэтгэгдлийг сонссон юм. Тэднийг монгол ёс заншлаар дайлж зочилж, идээ шүүсний утга учрыг таниулж, цагаан идээ, сүүтэй цай, битүүлгийн мах, бууз зэрэг уламжлалт хоол ундыг амтлуулсны дараа өөрсдийн төрөгдлөө ийнхүү ярьсныг хүргэж байна.

 

 

Тодор Радев /БОЛГАР/:

Жуулчдад Цагаан сарын идээ ундаа онцгой сэтгэгдэл үлдээнэ гэж мөрийцье

 

-Монголын сүүтэй цай их сонин юм билээ. Манай Болгарын зөөлөн амттай шингэн тарагтай төстэй ч юм шиг. Энэ халуун ундыг тарагтай зүйрлэж байгаадаа хүлцэл өчье. Болгарын тарган ундаа нь мэдээж цай биш. Хэзээ ч би халуун тараг ууж үзээгүй /инээв/. Цай биш, цагаан идээ юм шиг санагдсан. Энэ бол миний хувьд ер бусын амт юм. Бага зэргийн давсархаг мөртөө чихэрлэг. Энэ амтны талаар дараа би хүмүүст ярьж өгвөл яаж илэрхийлэх, юутай зүйрлэхээ ч сайн мэдэхгүй байна. Бас надад танай идээн дээр байгаа сүүн хурууд маш их таалагдсан. Үнэхээр амтлаг. Монгол Улс сүүн бүтээгдэхүүнийг ийм нийтлэг хэрэглэдэг нь гайхалтай. Болгар ч гэсэн сүүн бүтээгдэхүүн ихтэй л дээ. Гэхдээ бүгдийг нь нэг дор нь ингэж баярын идээ ундаа болгож хэрэглэдэггүй. Монголын цагаан сарын баярыг монголчуудын уламжлалт идээ ундааг сурталчлах амталгааны эвент болгож жуулчдыг татвал маш сонирхолтой зүйл болох байх. Тэр тусмаа манай европчууд ийм содон амттануудаас татгалзахгүй, их гоё дурсамж болж үлдэнэ гэж мөрийцъе /инээв/. Цагаан идээ, бас мах... Ёстой сонин хоршил /гайхшрав/. Би танай Цагаан сарын баярын уламжлал, утга учир, ёс заншлыг сайн мэдэхгүй ч гадны хүний нүдээр энэ баярын зөвхөн идээ ундаа нь л гэхэд үнэхээр онцгой содон санагдаж байна. Бууз бол Монголоос өөр хаанаас ч олж идэхээргүй, үнэхээр амттай байсан. Би олон газрын буузыг мэдэх ч монгол буузны амтыг мартдаггүй.

 

 

Равимал Хандувала /ШРИ-ЛАНКА/:

Зочноо хаан шиг хүндлэх нь гайхалтай байлаа

 

-Сүүтэй цайны хувьд манай Шри-Ланкын сүүтэй цайтай ихэд төстэй. Амт нь арай өвөрмөц. Манай цайнууд чихэрлэг нялуун байдаг бол энэ цай нь давсархаг атлаа зөөлөн, уугаад л баймаар санагдсан. Хамгийн хачин нь монгол цай уугаад миний хөлс их гарсан. Халуунаар нь биш, хөргөөд уусан ч хөлс л гараад байсан /гайхшрав/. Би цагаан идээнд тийм ч их дуртай биш учраас ааруул, өрөм онцгой санагдаагүй. Харин танайхны “Шүүс” гэж нэрлээд байгаа чанасан мах нь үнэхээр амттай байсныг хэлэхгүй өнгөрөх аргагүй. Хөрсөн мах тийм амттай байна гэж ёстой бодоогүй л дээ. Та нар махаа чанаж боловсруулахдаа онцгой амтлагч хэрэглэдэг бололтой, тийм үү? Хэдийгээр та надаас идээ ундааны амтлагааны талаарх сэтгэгдэл асуусан боловч миний хувьд Монголын Цагаан сарын хамгийн гайхалтай санагдаж байгаа зүйл бол танай мэндлэх, хүндлэх ёс. Үндэсний хувцастай хүмүүс биднийг хаан мэт хүндэлж зоогонд урихад өөрийн мэдэлгүй сэтгэл хөөрөөд явчихсан шүү. Ташрамд хэлэхэд, би танай идээн дээрээс өөрийнхөө хүүхдэд өгөх гээд хоёр ширхэг ааруул авчихсан шүү, уучлаарай /инээв/. Би Хятадад байдаг монгол үндэстний найзаасаа өмнө нь энэ зүйлийг бэлгэнд авч байсан. Манай хүүхдүүд маш их сонирхож, яаж хийдгийг нь асууж байсан юм. Би одоо ааруулын талаар мэдлэгтэй болчихлоо. Хүүхдүүддээ амсуулангаа яаж хийдгийг нь хэлж өгөх боломжтой болсондоо баяртай байна.

 

 

 

Рапэпун Вонгкорнворавэж /ТАЙЛАНД/:

Сүүтэй цайн дотор минь мах хийхэд би цочсон

 

-Миний ууж байсан бүх сүүтэй цайнууд ямар нэг байдлаар чихэрлэг байдаг. Гэтэл Монголын цай нь жаахан давсархаг амттай бөгөөд намайг цайгаа ууж байхад халуун цайн дотор маань чанасан хүйтэн мах хийж өгсөн. Би маш их гайхаж, өөрийн мэдэлгүй уулга алдсан ч тэдгээрийг хамтад нь идэж уух үнэхээр амттай байсан. Сүүтэй цайнд мах хийж иддэг үндэстэн монголоос өөр байхгүй байх аа /инээв/. Гэхдээ хамгийн сонин нь тэр ширээн дээр байгаа идээ унд бүгд амттай, бүгдийг нь холиод идсэн ч асуудалгүй санагдсан. Бас их онцлог харагдаж, амтагдсаныг хэлэхгүй өнгөрөх аргагүй. Нүүдэлчин ард түмний амьдрал түүхийн явцад бий болсон идээ ундаанууд гэдэг нь тодорхой. Ийм энгийн мөртөө амттай, бас чанартай хүнс хоол хэрэглэдэг азтай улс үндэстэн юм аа. Бас махыг бүхлээр нь яаж ингэж амталж болгосон нь хачирхалтай. Идээ, шүүс зэрэг нь идэж уухаас илүү зургийг нь дарж найзууддаа гайхуулахад ёстой догь санагдсан л даа, уучлаарай /инээв/. Миний бодлоор, Азийн шинэ жилийн баяраас хамгийн онцлог нь монголчуудын Цагаан сар бололтой. Монголын Цагаан сарын тухай влогуудыг үзсэн жуулчид ирэхээс аргагүй гэж би бодож байна. Инфлүүнсэр хүний хувьд саналаа хэлэхэд, үндэсний уламжлалт энэ баяр чинь танай улсын аялал жуулчлалын онцгой эвент байх боломжтой харагдсан. Сайхан баярлаарай.

 

 

Дивияа Пандаи /ЭНЭТХЭГ/:

Монгол хоолноос сэтгэл амтагдаж байна

 

Би олон улсын байгууллагад ажилладаг учраас олон улс үндэстний зан заншил, баяр ёслол, идээ ундааны соёлтой танилцаж амжсан. Гэхдээ л Монголын Цагаан сар надад гайхалтай, мартагдахааргүй дурсамж үлдээсэн. Хоол ундын тухайд гэвэл, таалагдаагүй идээ ундаа нэг ч байхгүй. Дэлхийн ямарч газрын хүн монголын уламжлалт хоол ундыг өөрийн юм шиг идэж уух боломжтой санагдсан. Энэ бол эрүүл хүнстэй газруудын нийтлэг жишиг л дээ. Үндсэн бүх хоол унд нь өөрсдийнх нь гараар бүтээгдсэн хүнс, зөвхөн хачир, амталгаанд нь импортын хольц байх шиг байна. Би өрөм гэдэг цагаан идээнд үнэхээр дурлачихлаа. Их хэмжээгээр идэх нь хурцдах байх гэж болгоомжилсон ч ахин дахин амссаар байгаад бүр амташчих шиг боллоо /инээв/. Бас сүүтэй будаа, ааруул ч гэсэн үнэхээр сайхан амттай байсныг хэлье. Найрсаг зочломтгой танай ард түмний энэ эелдэг зан бол хоол ундааныхаа хамгийн онцгой “амт” нь байсан шүү. Би хувийн сошиал талбартаа Монголын Цагаан сарын тухай бахтай гэгч нь хуваалцах болно. Харин найзуудынхаа асуултад хариулахын тулд Монголын хоолны соёлын талаар ахиад жаахан судлах хэрэгтэй болж байна. Нэг үгээр хэлэхэд, монголчуудын хоол унднаас чин сэтгэл амтагдаж байгаад үнэхээр талархсан шүү, баярлалаа.

 

 

 

 

Б.Занданхүү

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.