Нүүр Цаг үе Сансрын нисгэгчдийн өдрийг тэмдэглэлээ
Цаг үе

Сансрын нисгэгчдийн өдрийг тэмдэглэлээ

G.Press 2 жилийн өмнө 96 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Тэртээ 1961 оны дөрөвдүгээр сарын 12-нд хүн төрөлхтний түүхэнд анх удаа Зөвлөлтийн иргэн Юрий Гагарин “Восток” сансрын хөлгөөр дэлхийг 108 минутын дотор тойроод эх дэлхийдээ эсэн мэнд газардсан юм.   

Энэхүү өдрийг НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас сансарт хүн ниссэний олон улсын баяр болгон тэмдэглэхийг 2011 оны дөрөвдүгээр сарын 8-нд зарлан тунхагласан байдаг. 

Эл тэмдэглэлт баярыг төмөр замчид өнгөрсөн Баасан гарагт Дархан зангилаанд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Уг үйл ажиллагааг Монгол Улсад төмөр замын тээвэр үүсэн хөгжсөний 85 жил, Монгол-Оросын Хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 75 жил, Монгол хүн сансарт ниссэний 43 жилийн ойг тохиолдуулан тэмдэглэж буйгаараа онцлогтой байв. Мэдээж, энэ өдрийн хамгийн эрхэм зочин бол Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар, хошууч генерал, сансрын нисгэгч, Монгол-Оросын Найрамдлын холбооны тэргүүн Жүгдэрдэмидийн Гүррагчаа байлаа. Тэрбээр, 1981 оны гуравдугаар сарын 22-нд Байконурын сансрын буудлаас ЗХУ-ын сансрын нисгэгч Владимир Жанибековын хамт “Союз-39 хөлгөөр сансарт хөөрч, Салют-6” сансрын станцтай холбогдож, улмаар сансарт долоо хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрсны дараа эх дэлхийдээ амжилттай газардсан юм. Ийнхүү Монгол Улс иргэнээ сансарт нисгэсэн 10 дахь улс болсон бол сансрын нисгэгч Ж.Гүррагчаа сансарт ниссэн 101 дэх хүн болсон билээ.

Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар, Хошууч генерал, сансрын нисгэгч, Монгол-Оросын Найрамдлын холбооны тэргүүн Ж.Гүррагчааг УБТЗ-ын Ерөнхий инженер С.П.Старцев, Удирдлагын асуудал хариуцсан орлогч дарга Н.Энхцогт, Гадаад харилцааны албаны орлогч дарга Ц.Хүрэлбаатар, Техникийн бодлого, стандартчиллын албаны орлогч дарга Л.Энхболд, Дархан зангилааны дарга Б.Ганзориг нарын тэргүүтэй төмөр замчид угтан авснаар тухайн хүндэтгэлийн үйл ажиллагаа ёслол төгөлдөр эхлэлээ. Хүндэт зочид Дархан өртөөний зорчигчдын танхимд дэлгэгдсэн хүүхдийн гар зургийн үзэсгэлэнг үзэж сонирхсоны дараа “Сансрын нисгэгчдийн хөшөө”-нд цэцэг өргөж, “Сансрын нисгэгчдийн өдөр”-т зориулсан урлагийн тоглолтыг үзэж сонирхлоо.

Энэхүү тоглолтод Дархан зангилааны “Улиасхан”, “Хэрэмхэн” цэцэрлэг,  аймгийн ЕБ-ийн 18 дугаар сургуулийн авьяаслаг багачууд, Дархан зангилааны ахмад төмөр замчид ая дуугаа өргөсөн билээ.

Мөн энэ үеэр гар зургийн уралдаанд түрүүлсэн хүүхдүүдийн шагналыг гардуулж, урлагийн тоглолтод оролцсон хүүхдүүдэд гарын бэлэг гардуулав.

Түүнчлэн, энэхүү арга хэмжээнд ОХУ-аас Дархан хотод суух Ерөнхий консул Зайнутдинов Руслан Амирович, Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч О.Хүрэлчулуун нар оролцлоо.     

Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар, Хошууч генерал, Монгол-Оросын Найрамдлын холбооны тэргүүн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа “Сансрын нисгэгчдийн өдрийг төмөр замчид олон жил тэмдэглэж ирсэн. Сансрын хөлгийн энэ хөшөөг 1981 оны тавдугаар сарын 13-нд нээж байсан юм. Учир нь, энэ өдөр Владимир Жанибековын төрсөн өдөр тохиож байлаа. Түүний төрсөн өдрөөр Дархан зангилааны төмөр замчид сайхан бэлэг барьж байсан юм. Хэрэв Юрий Гагарин амьд байсан бол гуравдугаар сарын 9-ний өдөр 90 нас хүрэх байлаа. 1959 онд ЗХУ-ын шилдэг залуу нисгэгчдийг Сергей Павлов нэгтгэн зохион байгуулж, сансрын нислэгийн анхны отрядыг бүрдүүлсэн юм. Тэр отрядын 20 залуугаас 12 нь сансарт ниссэн. Тэднээс өнөөдөр ганцхан ЗХУ-ын хоёр удаагийн баатар, сансрын нисгэгч Бори́с Валенти́нович Волы́нов байна. Түүнээс хойш сансрын нислэгийн өдрийг тэмдэглэж ирсэн сайхан түүхтэй. Энэ жил Монгол-Оросын найрамдлын түүхэн тэмдэглэлтэй үйл явдал болж байгаа. Халх голын ялалтын 85 жилийн ойг бид тэмдэглэнэ. Түүнээс гадна Монгол-Оросын Хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн үүсэн бий болсны 75 жилийн ой тохиож байна. Энэ үйл ажиллагаанд оролцсон, энэ хөшөөг барилцсан төмөр замын ахмадууд, сэргээн засварлаж өнөөг хүртэл авч яваа төмөр замчин залуус та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, “Сансрын нисгэгчдийн өдөр”-ийн мэндийг хүргэе.

Одоогоос 10 жилийн өмнө Улаанбаатар хотод Сансар судлалын төв байгуулсан. Энэ төвийн 10 жилийн ойг зургадугаар сарын 1-нд тэмдэглэнэ. Ойг тохиолдуулан  Владимир Александрович  Жанибековыг урьсан. Түүнийг тавдугаар сарын 30-ны өдөр Монголд ирэх баяртай мэдээг дуулгаж байгаадаа таатай байна. Өнөөдрийн арга хэмжээд дуу хуураа өргөсөн бяцхан багачууд, багш, сурган хүмүүжүүлэгчид, мөн энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан төмөр замчдадаа талархал илэрхийлье. Та бүхэнд ажилд нь амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээв.

Үүний дараа тэрбээр, “Хүүхдийн төмөр зам”-аар зочилсон юм. Хүүхдийн галт тэрэгний зүтгүүрт туслах машинчийн суудалд сууж, зүтгүүрийг машинчийн зааврын дагуу асаан аялалд гарав. Мөн аяллын сэтгэгдлээ машинчийн дэвтэрт мөнхлөн үлдээж, төмөр замын үйл ажиллагаатай танилцсан юм.

УБТЗ ХНН-ийн Ерөнхий инженер С.П.Старцев энэхүү онцгой үйл явдлын дурсгал болгон Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар, Хошууч генерал, сансрын нисгэгч, Монгол-Оросын Найрамдлын холбооны тэргүүн Ж.Гүррагчаад туслах машинчийн эрхийн үнэмлэхийг гардууллаа.

Ийнхүү хаврын нар ээсэн эгэл өдрийг Дарханчууд Ж.Гүррагчаа баатартай мартагдашгүй дурсамж дүүрэн өнгөрүүлэв. Түүнтэй гэрэл зургаа татуулах, баяр хүргэх найман настнаас 80 настны дараалал тасрахгүй хөвөрч байлаа.

 

  

Б.Гүнжинлхам 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.