"УБТЗ" ХНН-ийн үйлдвэрлэл, санхүүгийн үйл ажиллагаанд тус нийгэмлэгийн Шалган байцаах комиссын ээлжит шалгалт хийгдэж дуусчээ. Санхүүгийн шалгалт энэ сарын 4-ний өдрөөс эхэлж өчигдөр өндөрлөжээ. Бүх шатандаа шалгагдсанаар ХНН-ийн удирдлагын зүгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн үр дүн гарч, нийгэмлэгийн үйлдвэрлэл, санхүүгийн үйл ажиллагаа сайжирч байна хэмээн удирдлагууд дүгнэжээ. Шалган байцаах комиссын шалгалтын тайланд гарын үсэг зурах үеэрээ "УБТЗ" ХНН-ийн дарга Х.Хэрлэн: "Энэ удаагийн шалгалтаар тус нийгэмлэгийн үйлдвэрлэл, санхүүгийн үйл ажиллагаанд шалган байцаах комиссын зүгээс үнэлэлт дүгнэлт өгч чухал зөвлөмжүүдийг өгсөн нь нийгэмлэгийн цаашдын хөгжилд тус нэмэр болно" гэдгийг онцолсон юм. Тэрбээр шалгалтын комиссын бүрэлдэхүүнд орж ажилласан гишүүд болон шинжээч нартаа талархал илэрхийллээ.
