Замын даргын үзлэгийн комисс Сайншанд зангилааны анги, салбар, нэгжүүдийн ажлыг шалгалаа. Тус зангилааны хамт олон зуны тээвэр, үйлдвэрлэл, үйлчилгээний бэлэн байдлыг хангаж, амжилттай зохион байгуулахын тулд бэлэн байдлыг хангаж, олон бүтээлч ажлыг санаачлан зохион байгуулжээ.
Тухайлбал Сайншанд татах хэсэг зуны тээвэрлэлтийн тасралтгүй найдвартай байдлыг хангахын тулд хоорондын замд зүтгүүр эвдэрсэн тохиолдолд яаралтай техникийн тусламж үзүүлэх явуулын засварын тоног төхөөрөмжийг санаачлан бүтээсэн зэрэг олон бүтээлч ажлыг тус зангилааны төмөр замчид хийснээ үзлэгийн комисст танилцууллаа.
Үзлэгийн комисс анги, салбар, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны эдийн засгийн үр ашиг, зардлын хэмнэлт зэрэг үзүүлэлттэй танилцахын зэрэгцээ үүрэг чиглэл зөвлөмжийг өгч, тодорхой зарим хүндрэлтэй асуудлыг газар дээр нь шийдэх, судлахад анхаарлаа хандуулж байна.
Мөн УБТЗ-ын 75 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд тэргүүний төмөр замчдаа шагнаж урамшуулах ажлыг хэрэгжүүлж байна.
Сайншанд зангилаа нь шинэ төмөр замууд баригдаж, босоо хэвтээ чиглэлийн төмөр замуудын уулзвар томоохон өртөө болж, ажлын хэмжээ, ачаалал нэмэгдэж байгаатай холбогдуулан тус өртөөг өргөтгөж шинэчлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхэд замын удирдлага онцгой анхаарч байгаа юм.
