Шөнөжин довтолгосон галт тэрэг сая л нэг хурдаа сааруулсаар зогслоо. Цонхоор харвал тэнгэрийн хаяанаас говийн нарны улбар туяа гийж, Сайншанд өртөөний өргөн үүдний өмнө хадаг лугаа сунайсан урт цуваа тэрхүү сүр жавхлант өнгө будагтай сүлэлдэж үзэгдэх нь хараа булаана... Урд орой нь ажлаасаа буугаад л албан томилолт өвөртлөн галт тэргэнд суусан миний хувьд шөнө замдаа хэдэн удаа зогссоныг ч мэдэхгүй гүн нойронд автжээ. Галт тэргэнд суусан даруйд өмнөх өдрүүдийн алдаа, оноогоо хэлэлцэж, маргаашийн ажлынхаа ерөнхий төлөвлөгөөг боловсруулсаар жаахан оройтож амарсан нь ч нөлөөлсөн бололтой. Эхлээд Улаанбаатар, дараа нь Дархан зангилаанд ажиллаж, тэндээсээ хөлсний унаагаар буцаж ирээд үргэлжлүүлэн Сайншандыг зорьсон хоёр хамтрагч маань бүр ч илүүтэйгээр ядарсан нь илэрхий. Нүд нь цурамлаж, уруул нь омголтсон харагдана. Гэхдээ 9000 гаруй төмөр замчин залуусынхаа төлөөлөл болж, Замын удирдлагын хүлээлгэсэн их итгэл найдварыг биелүүлэхийн төлөө хичээж яваагийнх аяны алжаалдаа анхаарал хандуулахаас илүү албан томилолтын үүрэг даалгаврыг биелүүлэхэд л хэн хүнгүй хамаг анхаарлаа төвлөрүүлж байв. Галт тэрэгнээс буунУрд хэсэглэлийн хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан ахлах байцаагч Л.Пүрэвсүрэнгийн өрөөг зорилоо. 08.00 цаг болоход хоёр цаг шахам хугацаа дутуу байгаа ч тэр хэдийнэ ажилдаа иржээ. УБТЗ-ын системд хамгийн багаас нь эхлэн өнөөг хүртэл 30-аад жил ажиллаж байгаа хашир туршлагатай төмөр замчны хувиар тэрбээр урд хэсэглэлийн болоод Сайншанд зангилааны төмөр замчид хөдөлгөөний аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгааг товч бөгөөд тодорхой танилцууллаа. Мөн бидний сургалтаас юу хүлээж байгаа, төмөр замчдад ямар мэдлэг мэдээлэл чухал болохыг ч зөвлөөд амжлаа. Хийж бүтээх хүсэл эрмэлзлээр дүүрэн ч туулсан зам, туршлага хоёроор харьцангуй бага залуус бидний хувьд түүний зөвлөгөө үнэндээ алдаж боломгүй “шижир алт” гэлтэй.
Сар, наранд ойрхон
Сахиусан шүтээнт сарьдаг хайрхандаа ойрхон
Санаанд дурсагдах сэтгэл зүрхэнд алдар нэр нь ч ойрхон
Сайншанд зангилааны залуустаа,
Ургах нарыг халуун энгэртээ тэвэрч мандуулсан
Улсын хөгжлийг тэргүүн босгоороо тээж хурдалсан
Урд хэсэглэлийн төмөр замчдадаа, шинэ өдрийн гал халуун мэндийг дэвшүүлье.
Танхим хэдийгээр жиндүүхэн байгаа ч та бүхнийхээ дунд энэ өглөөг угтаж байгаа сэтгэл минь халуухан байна... хэмээн сургалтынхаа эхэнд шүлэглэхэд Соёлын төвдөө хуран цугласан төмөр замчид алга нижигнүүлэн ташлаа. Өвлийн зузаан хувцастайгаа суусан хүмүүс малгайгаа авч, зарим нь бүр гадуур хувцсаа ч тайлан сандал дээрээ тохож харагдав. Хүн гэдэг сэтгэлийн амьтан. Үгийн ид шид, олон хүмүүсийн сэтгэлийн энерги гэдэг ийм л хүчтэй аж. Миний бие хэдийгээр эерэг хандлага, эрч хүчийг түгээх зорилго бүхий сургагч багшийн хувиар энд ирсэн ч үндсэн ажил болох сэтгүүлчийн үүргээ ч орхигдуулахгүйг хичээж, танхимын уур амьсгал, төмөр замчдын санаа бодлыг алдалгүй хадгалж авахыг хүсэж байлаа. Учир нь, сургалт дуусангуут үндсэн ажлаа үргэлжлүүлэх учраас сургалтын явцад хэрэгтэй эх сурвалжаа олж, ой тойндоо сайтар хадгалах ёстой. Нөгөө хоёр сургагч багшийн ч хувьд мөн адил хэн хэнийх нь сургалт хэрхэн явагдаж, өөрийн ээлж болоход юунд анхаарах ёстойгоо дотроо төлөвлөн ихэд анхааралтай суугаа харагдана. Ерөнхий зургаараа шугам замд ажиллаж амьдарч байгаа төмөр замчид дүрэм журам, шалгалт шүүлэг гэхээсээ илүүтэйгээр шинэ мэдлэг, мэдээлэл, тэр дундаас илэн далангүй халуун ярилцлагыг ихэд хүсдэг нь илэрхий байсан юм. Шинэ оны босгон дээр, Замын даргын улирлын үзлэгийн өмнөхөн зохион байгуулж буй энэхүү үйл ажиллагаанд нийт 156 төмөр замчин оролцсон билээ.
Энэ үеэр зарим төмөр замчны сэтгэгдлийг сонссоноо уншигч та бүхэнтэй хуваалцъя.
Т.НАРАНЦЭЦЭГ:ЭЗЭМШСЭН МЭРГЭЖИЛ, ХАМТ ОЛНООРОО БАХАРХДАГ
Сайншанд өртөөний тооцооны оператор
-Энэ удаагийн сургалт надад маш их таалагдлаа. Учир нь сургалтыг үнэхээр гоё шинэлэг түвшинд зохион байгууллаа. Чадварлаг төмөр замчин байхын тулд юунд анхаарах, хувь хүний төлөвшил, өөрийгөө удирдах, бусдыгаа манлайлах чадвар, байгууллагын соёл гэж юу болох гээд олон талын мэдлэг мэдээлэл олж авлаа. Би ТЗДС-ийг ашиглалтын техникч мэргэжлээр төгссөн. Түшлэг зөрлөгийн жижүүрээс анх ажлын гараагаа эхлүүлж байлаа. Улмаар Улхын-Овоо зөрлөгт жижүүр, тус зөрлөгийн дарга, Сайншанд өртөөнд ачаа вагон хүлээлцэгч, тооцооны оператор гэхчлэнгээр эдүгээ УБТЗ-д 11 дэх жилдээ ажиллаж байна. Миний хувьд Дорноговь аймгийн уугуул иргэн учраас төрсөн нутагтаа ирж ажиллана гэсэн зорилгыг өөртөө тавьсан. Түүндээ ч хүрсэндээ баяртай явдаг. Нөхөр маань бас төмөр замчин. Дохиолол холбооны III ангийн шугамын III хэсэгт ахлах инженерээр ажиллаж байгаа. Энэ бүхэн мэдээж тогтвор суурьшилтай ажиллахад гол нөлөөг үзүүлдэг. Хүний амьдралд хань ижил, мэргэжил гэсэн хоёр чухал сонголт бий гэж ярьдаг. Миний хувьд энэ сонголтоо маш зөв хийсэн хүн гэж боддог. Төрсөн гэрээсээ гарсан 11 жилийн хугацааг эргээд харахад яг л энэ хоёр зүйл дээр тогтдог доо. Сонгосон мэргэжлээрээ тууштай ажиллаж, хамт олондоо сэтгэл ханамжтай явна гэдэг хамгийн сайхан зүйл. Магадгүй хотод, аль эсвэл хангайд төрсөн хүмүүс “Говьд ажиллах хэцүү гэж ярьдаг. Дөнгөж ажилд орсон залуус ялангуяа шантардаг жишээ цөөнгүй бий. Гэхдээ сүүлийн үед Замын захиргаанаас говийн бүсэд ажиллаж амьдарч байгаа төмөр замчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, залуусынхаа хүсэл эрмэлзлийг дэмжих чиглэлээр “Говийн төмөр замчин” хөтөлбөрөөс эхлээд маш олон төрлийн бодлого боловсруулж, хэрэгжүүлж байгаа шүү дээ. Манай нөхөр л гэхэд 10 дахь жилдээ төмөр замд ажиллаж байгаа учраас мэргэжлээ дээшлүүлэх гээд ТЗДС-д давхар сурч байна. Гэтэл төлбөрийг нь 100 хувь хөнгөлж байх жишээтэй. Би ч бас зэрэг сурах сонирхолтой байсан. Гэвч ар гэр, үр хүүхдүүдээ нэг нь харж хандах ёстой. Тиймээс би энэ удаад түр азнасан. Ирэх намраас инженерээр сурна. Олон нийтийн сүлжээнд хүн бүр төмөр замаас гараад байгаа юм шиг ярьдаг. Миний л хувьд ийм өргөн боломжийг олгодог ээлтэй байгууллагаараа, ямар ч ажлыг хамтдаа гүйцэтгэдэг мэргэжил нэгт залуусаараа бахархдаг. Бодит байдал, цуу яриа хоёрыг ялгаж салгах хэрэгтэй юм болов уу л гэж боддог доо.
Б.МӨНХТҮВШИН:ТӨРСӨН НУТАГ, ЭЗЭМШСЭН МЭРГЭЖИЛ ХОЁРТОО ҮНЭНЧ ЯВАХ САЙХАН
Сайншанд өртөөний галт тэрэгний найруулагч
-Миний өсөж төрсөн нутаг Дорноговь, эзэмшсэн мэргэжил минь төмөр замчин. Нутагтаа, мэргэжлээрээ, тэр тусмаа 75 жилийн агуу түүхтэй, 16 мянган ажилтантай ийм том байгууллагын нэгэн эд эс болж ажиллана гэдэг хүн бүрд тохиохгүй хувь заяа гэж би боддог. Гэхдээ хүн хүний бодол санаа өөр л дөө. Ялангуяа, сүүлийн жилүүдэд цалин хөлс, ахуй хангамж өндөр гээд хамт ажиллаж байсан залуус маань шинэ төмөр замууд руу нэлээд явлаа. Би ч бас тэднийг дагаад явж болох ч нэг их сонирхол татаагүй. Эндээ байгаа минь илүү их үнэ цэнтэй санагдсан. Цаашид ч миний бодол өөрчлөгдөхгүй болов уу. Харин мэдлэг, ур чадвараа илүү хөгжүүлэхэд анхааръя гэж залуу хүний хувьд боддог. Анх удаа говьд ирж байгаа хүмүүст мэдээж дасан зохицох цаг хугацаа хэрэгтэй байх. Яг энд төрж өссөн бидний хувьд харин говь нутаг минь илүү өгөөжтэй, тайван амгалан санагддаг даа. Би гэрээт ачигчаас ажлын гараагаа эхлүүлсэн. Тэр үед Зорчигч үйлчилгээний цехийн дарга агсан н.Түмэнцэцэг эгч маань надад маш үнэтэй зөвлөгөөг өгдөг байсан. Ер нь, эргээд харахад дөнгөж ажил амьдралын гараагаа эхлүүлж байгаа 20-иод настай хүүхдийг зөв хүн болгон төлөвшүүлэхэд тухайн үед тосож авсан хүмүүс маш том хувь нэмэр оруулж дээ. Тэднийхээ ач буяныг хэзээ ч мартаж болохгүй юм шүү гэж боддог доо. Миний анхны багш, ахмад төмөр замчин Ц.Цэнджав, одоо мөр зэрэгцэн ажиллаж байгаа галт тэрэгний найруулагч Г.Энхбат, Ч.Цэрэн-Очир, Эрдэнэ, Цогтбаяр гээд олон ах нар маань миний багш. Хашир туршлагатай, нөмөр нөөлөгтэй хүмүүстэй хамт ажиллах, тэднийг зөв даган дуурайсны хүчинд л өдий зэрэгтэй явна даа. Хэрэв би төмөр замчин болоогүй бол банк санхүүгийн салбарт ажиллах байсан юм болов уу.
Ийнхүү дөрвөн цагийн хугацаанд үргэлжилсэн “Хөдөлгөөний аюулгүй байдлын соёлын өдөр”-т оролцсон төмөр замчид өндөр сэтгэгдэлтэй буцсан билээ. Сайншанд өртөөний хувьд төсөв төлөвлөгөөгөө эцэслэн батлуулж амжаагүй байгаа учраас 2024 онд хийж хэрэгжүүлэх ажлуудаа ярихад арай эрт байгаа бололтой. Хөдөлгөөнчдийн хувьд ч мөн адил Замын даргын үзлэгтээ бэлдээд цаг заваар хомс байгаа аж. Гэхдээ өнгөрсөн оны алдаа дутагдлыг туршлага болгож, амжилт бүтээлийг улам бататган ажиллах нь тус хамт олны үндсэн зорилго гэдгийг Сайншанд өртөөний дарга Д.Болорхүү онцолсон юм.
Б.Дэлгэрхишиг
