Эрхэм хүндэт ахмадууд та бүхэндээ, нийт төмөр замчдадаа төмөр замын ахмадын байгууллага үүсэж, хөгжсөний 45 жилийн ойн мэндчилгээг дэвшүүлж халуун баяр хүргэн, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Төмөр замын ахмадууд хороо, зөвлөл гэсэн зохион байгуулалтад орж, улмаар шугам замд түүний салбар нэгжүүд бий болсон нь ахмадын жинтэй үг, амьдралын сургаалийг залуу үеийнхэндээ хүргэж сонордуулахад ихээхэн хэрэг болсон юм. Ш.Түгж, Ш.Чойжилжав, Н.Жанчив, ажилтан П.Ядамсүрэн гээд мундаг ахмадууд манай Ахмадын холбоог үүсгэж, сайхан авч явсан. Ю.Идэрчулуун даргатай одоогийн нөхөд маань ч сайн ажиллаж байгаа нь төмөр замын чухал үзүүлэлт болж байна. Манай ахмадууд төмөр замын яруу алдарт түүхийг бүтээлцсэн дайчин хүмүүс шүү дээ. Ахмадын байгууллага өнөөдөр нэгд, аппаратынхаа дотор ажил зохион байгуулж, тэнд ахмадуудад төрөл бүрийн үйлчилгээ үзүүлж байна. Хоёрт, салбар нэгжүүдээрээ дамжуулан ахмадуудын ар гэр, амьдрал ахуйг анхаарч дэмжиж байна. Гуравт, залуучуудын дунд хүмүүжил, ёс суртахууны ажил зохиох, ялангуяа ариун цагаан хөдөлмөрийг сурталчлах зэрэг болно. 1990-ээд онд байдал хүндхэн байсан үед ахмадууд үлгэр жишээчээр хөдөлмөрлөж, төмөр зам төдийлөн барьц алдаагүй давсан юм. Ахмадын холбоог Н.Жанчив, ажилтан А.Чойдорж нар удирдаж байх үед нэг бус удаа улсын тэргүүний байгууллагаар шалгарсныг эргэн дурсахад сайхан байна. Төмөр зам маань өөрөө Хөдөлмөрийн баатар боллоо. Энэ алдар хүндийг хүртэхэд ахмадуудын оруулсан хувь нэмэр том үсгээр бичигдэх учиртай.
Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин, ахмад төмөр замчин