Нүүр Засгийн газар Р.Раш: Төрд төмөр замын төлөөлөл байх ёстой
Засгийн газар

Р.Раш: Төрд төмөр замын төлөөлөл байх ёстой

G.Press 4 сарын өмнө 295 үзэлт 2 сэтгэгдэл

 

 

-Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойд

 

Энэ сарын 13-нд Монгол Улсын ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ой тохиож байна. Эл өдрийг бид Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр  болгон тэмдэглэдэг уламжлалтай. Ташрамд дурдахад Монгол Улс 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталснаас хойш 1940, 1960 онд шинэчлэн баталж, 1990 онд ардчилсан Үндсэн хуулийг шинэчлэн боловсруулах ажил эхэлж, улмаар БНМАУ-ын Бага Хурлаар хэлэлцсэн Үндсэн хуулийн төслийг хүлээн авсан Ардын Их Хурал 76 хоног хуралдаж, 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр ардчилсан шинэ Үндсэн хуулийг оршил, 6 бүлэг, 70 зүйлтэйгээр баталсан түүхтэй.

Ардчилсан шинэ Үндсэн хуулийн төслийг АИХ-ын 430-аад депутат батлалцсаны дотор нэр бүхий төмөр замчид багтсан байдаг. Тэдний нэг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин Р.Раштай энэхүү түүхэн үйл явдлын талаар товч ярилцлаа.

 

-Монгол Улсын ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ой тохиож байна. Түүхэн үйл хэрэгт гар бие оролцсон төмөр замчдын нэг нь та...?

 

-Тиймээ. Надаас гадна Замын-Үүдээс зангилааны Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Лхагвасүрэн, Сайншандаас Г.Вандандагва, Чойроос Насанбуян эмч, Салхитаас Рашидхан, Баянтүмэнгээс Лханаасүрэн байсан. Одоо амьд сэрүүн байгаа нь Г.Вандандагва, Лханаасүрэн бид гурав л байна даа. Ташрамд сонирхуулахад миний эцэг Раднаабазар 1951 оны АИХ-ын анхны депутат хүн. Би АИХ-ын 12 дахь удаагийн депутат.

 

-Тэгэхээр тухайн үед АИХ-д төмөр замчдын төлөөлөл олон байжээ?

 

-1990 оны сонгууль олон намын систем тогтоод улс төрийн ардчилал бий болж байсан цаг үе. Тэр үеийн сонгууль мөнгөний үнэргүй, мөнгөөр хүний саналыг худалдаж авна гэдэг зүүдэнд ч ороогүй байсан цаг. Үнэхээр шударга сонгууль байсан. МАХН 60 гаруй хувийн саналыг аваад лидер хүчин хэвээрээ шинэ нөхцөлд улс орны хөгжлийг чиглүүлэх үүргээ авч явсан.

Улаанбаатар хотод их өрсөлдөөнтэй болсон. Төмөр замын дагуух сонгуулийн ажлыг аймгийн Намын хороодтой Төмөр замын Намын хороо хамтарч зохион байгуулсан. Манай Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Лхагвасүрэн агсан удирдаж явсан. Намын төв хорооны хэлтсийн эрхлэгч Н.Мишигдорж гэж хүн сонгуульд төмөр замд намайг нэр дэвшүүлэх санал гаргасан юм билээ. Тэр үед л төмөр зам гэдэг айл улс төрд тодорхой байр суурийг эзэлж байх ёстой гэж төмөр замаас олон хүнийг нэр дэвшүүлэх нам, төрийн бодлого ч явсан байх. Гэхдээ тэр үеийн АИХ-ын депутатууд чинь одоогийн УИХ-ын гишүүд шиг үндсэн ажлаасаа чөлөөлөгддөг байсан биш. Төмөр замын нэгдүгээр орлогч даргын ажлаа хийнгээ АИХ-ын чуулган болсон үед очиж сууна шүү дээ.

 

-Төмөр замчид таныг төрд төлөөлөл болгон илгээхээр санал нэгтэй дэмжсэн байлгүй дээ?

 

-Тэр үед би дөнгөж төмөр замд ирсэн. Намайг төмөр замчид нэг их сайн танихгүй байсан үе. Ялангуяа, залуу үе мэдэхгүй. Тиймээс таниулах, ухуулах ажил шаардлагатай болсон байх. Үүнд манай төмөр замын сонгуулийн ажил хариуцсан хүмүүс их гүйсэн дээ. Төмөр замынхаа хонхорт нэр дэвшсэн миний хувьд Толгойт өртөөний дарга, галт тэрэгний хөдөлгөөний диспетчер хийж байгаад төмөр замаас гадуур ажиллаж байгаад ирсэн болохоор төмөр замчдынхаа амьдрал ахуй, бусад зүйлсийг сайн мэдэхгүй байсан. Намын Төв хороонд ажиллаж байхдаа ажил хэргийн шугамаар төмөр замтайгаа эргэж холбогдож л байсан. ҮЭ-ийн Б.Бөмбөг дарга, Замын Намын хорооны Л.Лантуу гуай нартай хойш урагшаа зөндөө хамт явж байсан. Гэхдээ төмөр замын нарийн зүйлсийг үнэндээ сайн мэдэхгүй байсан. Миний өрсөлдөгч Төмөр замын Ардчилсан холбооны дарга, зүтгүүрийн инженер Сүрэнхорлоо байсан. Сонгууль ч болж дүн нь гарахад дээр дурдсан манай хэд сонгогдсон байсан даа.

 

-Таны хувьд анх АИХ-д сонгогдсоны үр нөлөө юу байв?

 

-Сонгуулийн өмнө төмөр замын тосгоноор Дашзэвгэ гуай бид явган явж айлуудаар орно. Тэгэхэд төмөр замчдын амьдралын олон өнгө харагдаж байсан. Төмөр замын шар байрнуудад ихэнхдээ хоёр айл. Томоохон талбайтай гурван өрөөнд гурван айл байх жишээтэй. Зовлонтой л харагдаж байсан. Би сонгуульд бэлтгэж, сурталчилгааны ажилд явж байхдаа төмөр замчдынхаа амьдралыг ойроос нь харж, удирдах ажил хийж эхэлж байгаа надад тэдэнд байгаа бэрхшээл зовлонг мэдэж гадарлахад их тус дэм болсон. Тэрэн дээрээ дөрөөлж, төмөр замчдын нийгмийн асуудалд анхаарахгүй бол болохгүй нь гэх бодол тархи толгойг минь эзэмдэж, цааш цаашдын ажилд их хэрэг болсон доо.  Тийм ч учраас хот хөдөөгүй, шугам замд чадлынхаа хэрээр цэцэрлэг, орон сууц барих гэх мэтчилэнгээр цалин пүнлүүг нь шат дараалж хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж өсгөх гэж хичээсээн.

АИХ-д ажилласан тэр хоёр жил миний Төмөр замын удирдлагаар ажиллах цар хүрээг тэлэх, Намын Төв хороонд ажилласан туршлагыг улам ахиулах жолоо цулбуурыг эмхэлж өгсөн л дөө. Миний хувьд том сургууль болсон. Би Намын Төв хороонд ажилласан таван жил, Зөвлөлтөд Нийгмийн ухааны академид суралцаж төгссөн хоёр жил удирдахуй ухаанд суралцахад онол практикийн хувьд жаахан гэгээрэх, туяарахад их нөлөө болсон. Түүнээс биш удирдахуйн ухааныг нэвт шувт мэддэг байгаагүй. Харин АИХ-д байсан хоёр жил надад том нөлөөтэй байсан гэж боддог. Түүний дараагаар би төмөр замчдынхаа амьдрал, нийгмийн асуудал руу ханцуй шамлаад орчихсон. Тэр үед би хүмүүжиж дээ. Төмөр замын тогоонд чанагдаж, болдог юм бол болоод ялз чанагдсан гэж болохоор болчихсон шахуу. Миний сэтгэхүй ийм шүү дээ.

 

-Тухайн үед АИХ-д сонгогдсон төмөр замчид маань хэр үүрэгтэй оролцож байв?

 

-Баянхонгороос сонгогдсон Намсрай, иргэн Ламжав, манай Лханаасүрэн гурав бол цойлно доо. Ёстой ярьж өгнө. Тэдэн дээр О.Дашбалбар бас нэмэгдэнэ. О.Дашбалбар газрыг хувьчлуулж болохгүй гэж их ярьдаг байсан. Үндсэн хуулийн төсөл хэлэлцэхэд эдийн засгийн хэсэг дээр нэг томьёолол оруулах гэж би зүтгүүлсэн. Тэр үед “дэд бүтэц” гэдэг үг монгол хэлний зүйд орж ирээгүй байсан. Зам, тээвэр, холбоо гэдгээрээ л явж байсан. Манай орон өргөн уудам нутагтай, хүн ам цөөтэй учраас зам тээвэр, холбооны салбар голлон чухал үүргийг гүйцэтгэнэ. Энийг эдийн засгийн хэсэгт өгүүлбэр болгож оруулъя гэж санал хураалгаад 40 гаруй хувийн санал авч байсан. Тэгэхэд Д.Мөнхөө гуай миний дэргэд суудаг байсан “Чиний энэ санал их урагшаа явчихлаа шүү” гэж байсан. Тэр үед дахин санал хураах зүйл байгаагүй л дээ. Тэр үед Төмөр замын шүүхийг татан буулгана. Салбарын шүүх гэж байхгүй, дэвсгэр нутгаар шүүх байх ёстой гэсэн. Тэр асуудалд би үгээ хэлсэн. “Төмөр замын олон улсын ачаа тээврийн маргааныг сумын шүүгч шийдэж чадах юм уу. Юу ч мэдэхгүй. Төмөр замын шүүх бол мэргэшсэн шүүх. Ачаа, зорчигч тээврийн маргааныг мэргэшсэн шүүгч л шүүнэ” гэж баахан тайлбарласан. Энэ асуудал эхлээд овоо явж байсан ч сүүл рүүгээ болоогүй л дээ. Шүүхээ авч үлдэж чадаагүй. Тэгэхэд шүүхийнхэн надад баярлаж, та л учир байдлыг тайлбарлаж зүтгүүллээ гэж байсан.

Бас нэг зүйл нь “Иргэд оршин суух газраа өөрсдөө тодорхойлно” гэсэн нь миний санааг зовоож байсан /инээв/. Өмнө нь, хөдөөний хүмүүс Улаанбаатар руу ороход зам явахыг нь заавал шалгана. Байхгүй бол оруулахгүй. Улаанбаатар тэр үед 500 мянга орчим хүнтэй байсан. Томилолтоор явахад хүртэл маш нарийн, вокзал дээр шалгадаг байлаа. Тэрийг чөлөөтэй болгоно гэж анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуайгаас гарсан санал хэлэлцэгдэхэд би дотроо “Замын-Үүдээ яанаа...” гэж бодож суусан. Тэр үед Замын-Үүдийн нөхцөл хүнд, элсэнд дараастай. Төмөр замын хэдэн байшингаас өөр барилга байшингүй шахам, жижигхэн тосгон байсан. Одоотой зүйрлэх аргагүй. Тийшээ явах хүн олддохгүй. Улаан-Уулаас цааш хязгаарын цэргийн тусгай бүс гээд төмөр замчнаас өөр энгийн хүнийг явуулахгүй. Тэр нутгийн иргэд, малчид бол байна л даа. Төмөр замчид Улаан-Уулын Хязгаарын цэргийн отрядын хатуу хяналтан дор ажилладаг байсан. Бээжингийн галт тэргээр гадаад явж байгаа дипломат улс л явна. Бээжингийн галт тэрэг Замын-Үүдэд очиход наадам болдог байсан. Хүн амьтан ирэхгүй, зэлүүд хөдөөгийн жижиг тосгон. Ингээд оршин суух эрхийг нь чөлөөтэй болгохоор Замын-Үүдэд хэн очиж ажил хийх вэ дээ. Тэнд байгаа нь бүгдээрээ наашаа явчихна даа гэж л бодож байсан. Тэгтэл зах зээл гэдэг юм гарч ирээд л Замын-Үүд гэдэг чинь Улаанбаатарын дараа орох тэмүүлдэг газар болсон. Миний тэр санаа зовинол илүүц л байсан юм билээ. Энэ мэтчилэн эргэцүүлж бодох зүйл зөндөө тохиолдож байсан.

 

-Үндсэн хуулийг та хэр чансаатай хууль болсон гэж боддог вэ?

 

-Уг нь, манай Үндсэн хууль хүний эрхийг сайн тунхагласан хууль. Гэхдээ хэрэгжихгүй байна. Нөгөө талд нь үүрэг хариуцлага, хяналтын тухай үг үсэг байхгүй л дээ. Би тэгж л боддог. Юм дандаа иймээрээ байхгүй л дээ. Цаашдаа сайжраад явах байлгүй дээ.

 

-Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа.  

  

    

 Б.Гүнжээ

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.

Сэтгэгдлүүд

2 сэтгэгдэл байна.

Зочин 2 сарын өмнө
Төмөр замын удмын залгамж байж болохгүй. Бодлогын залгамж.
Зочин 4 сарын өмнө
2006 онд уих-д раш байсан