Сүүлийн таван жилийн хугацаанд нэгдүгээр сараас дөрөвдүгээр сарын хугацаанд болсон элсэн шуурганы гол эх үүсвэр нь Монголоос гаралтай байсан бөгөөд Хятадын нийслэл Бээжингийн шорооны 70 орчим хувь нь Монголын эх нутгаас гаралтай байж магадгүй гэж Хятадын Байгаль орчны яам өнгөрсөн даваа гарагт мэдэгджээ.
Хятадын хойд хэсэгт хаврын улиралд хүчтэй элсэн шуурга байнга болдог. "Хамгаалах бүс" буюу ой мод тарих замаар томоохон хотуудаа хамгаалахыг оролдсон. Гэвч 2017 оноос хойш элсэн шуурганы давтамж нэмэгдэж байна. Хятадад 2023 оны эхний дөрвөн сард 12 удаа элс, шороон шуурга болсон талаар Хятадын Экологи, байгаль орчны яамны хяналтын албаны дэд дарга Зян Хуохуа мэдээлжээ. Энэ хугацаанд Хятадын 27 муж, бүс нутгийн 267 хот 4800 гаруй хоног элсэн шуургад нэрвэгдсэн нь сүүлийн таван жилийн хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байгаа аж.
Тэрээр "Энэ хавар хэд хэдэн томоохон хэмжээний тоосжилт үүссэн бөгөөд гол эх үүсвэр нь Монголын өмнөд хэсгийн говь, манай улсын баруун хойд хэсгийн элс. Бээжин дэх тоосны агууламжийн 70 хүртэлх хувь, Хятадын хойд хэсэг болон бусад төв болон зүүн бүс нутгийн тоосны агууламжийн 50 гаруй хувь нь Монгол Улсаас гаралтай гэсэн шинжээчдийн дүгнэлт гарсан” хэмээжээ.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс гаргасан 2021 оны үнэлгээний дагуу Монголын газар нутгийн 77 орчим хувь нь уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн даац хэтэрсэний улмаас доройтсон гэж тооцогддог. Мөн тус улсад 1940-2015 оны хооронд агаарын дундаж температур цельсийн 2.2 хэмээр нэмэгдэж, мөн хугацаанд хур тунадас долоон хувиар буурсныг 2021 оны шинжлэх ухааны судалгаагаар тогтоожээ.
Монгол Улс 2021-2030 он хүртэл нэг тэрбум мод тарина гэж амласан ч энэ сарын эхээр Улаанбаатар хотын удирдлагууд Засгийн газар хангалттай санхүүжилт өгөөгүй байна хэмээн гомдоллосон талаар МОНЦАМЭ агентлаг мэдээлжээ. Энэ сард Бээжин хотноо БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Чинь Ган, Монголын Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг нар уулзах үеэрээ Хятад, Монгол хоёр улс элсэн шуургатай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцсон юм.
https://www.channelnewsasia.com/asia/china-mongolia-sandstorms-severe-main-source-3522961
