УБТЗ-ын Их барилга, хөрөнгө оруулалтын албаны Захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Р.Энхдалайтай Замын их барилга, их засвар, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийн талаар ярилцлаа.
- УБТЗ-ын 75 жилийн ойн хүрээнд их барилга, хөрөнгө оруулалттай холбоотой олон ажил хийж байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
- Нийт уншигчид, төмөр замаар овоглодог ахмад, дунд, залуу үеийн төмөр замчдадаа УБТЗ-ын түүхт 75 жилийн ойн баярын мэнд хүргээд, хайртай бүх хүмүүст нь аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Манай алба нь УБТЗ-ын тээврийн тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангахын тулд хийгдэж буй засвар, бүтээн байгуулалтын ажлуудад ерөнхий захиалагчийн чиг үүргийг гүйцэтгэж, Захиалагчийн хяналтын хэлтэс, Хөрөнгө оруулалтын хэлтэс гэсэн нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Үүн дотроо Захиалагчийн хяналтын хэлтэс нь ерөнхий захиалагчийн чиг үүргийн хүрээнд төлөвлөгөөт их барилгын ажилд газар сонголтын акт тогтоох, их засварын ажилд гэмтлийн акт тогтоох, зохиогдсон төсвийг гэмтлийн актын дагуу тоо, хэмжээний хувьд хянах, батлагдсан зураг, төсөв, графикийн дагуу ажлын гүйцэтгэлд техникийн хяналт тавих, дууссан их барилга, их засварыг ашиглалтад хүлээн авах чиг үүрэгтэй ажилладаг.
Өнгөрөгч хоёрдугаар сард Замын даргын А-102 тушаалаар УБТЗ ХНН-ийн 75 жилийн ойн хүрээнд хийх ажлын нэгдсэн төлөвлөгөө батлагдсанаас их барилга, их засварын шинжтэй 20 ажил энд тусгагдсан. Эдгээр ажлаас Улаанбаатар татах хэсэгт шинээр барих “Цахилгаан машины цех”-ийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгч шалгарч, гэрээ байгуулах шатандаа явж байна. Мөн Улаанбаатар төв вокзалын зорчигчийн нүхэн гарцыг зорчигчдын аюулгүй, тав тухтай байдалд нийцүүлж, урсдаг шаттай болгож, олон улсын жишгээр засварлах ажлыг өнгөрсөн сард эхлүүлж, барилга угсралтын ажил 20 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Зорчигчийн вагон депод “Төмөр замын эмэгтэйчүүдийн төв сувилал” байгуулах ажил, мөн Улаанбаатар төв вокзалын өндөрлөсөн тавцан, тохижилтын зураг, төсөв батлагдаж, Худалдан авах ажиллагаа, борлуулалтын алба тендер зарлах ажлыг зохион байгуулж байна. Өсөн нэмэгдэж байгаа тээврийн хэмжээтэй уялдуулж, Сүхбаатар өртөөний боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор “Б” парк шинээр байгуулах бэлтгэл ажлын хүрээнд үндсэн газар сонголтын акт тогтоосны дагуу Зураг төслийн төвд зураг төсөл боловсруулж байна. Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депод “Хагас вагоны дээд бүслүүр хэвлэх төхөөрөмж шинээр хийх”, “Түүхэн алдрын танхим тохижуулах”, Вагон ашиглалтын депогийн харьяа Дархан-2 өртөөнд байрлах салгалттай засварын газрын өрөөг музей болгон тоноглох засварын ажлуудыг хийж дууслаа.
- Төлөвлөөд хийсэн ажлуудаасаа дурдана уу?
-2024 онд их барилгын хувьд 27 км замд шинэчлэлт хийх, Олон-Овоо-Цомог өртөө хооронд холбох зам барих, Оорцог-Энгэр зөрлөгийн замыг сунгах, Сайншанд-Зүүнбаян хоорондын замд хэсэгчилсэн шинэчлэлт хийх, 30 зүтгүүрийг бүхээгийн аюулгүй байдлын системээр (БАБС) тоноглох, Баянтүмэн-Эрээнцав хоорондын замд хэсэгчилсэн зам шинэчлэлт хийх зэрэг ажил батлагдсан. Өнөөгийн байдлаар 40 ажил хийхээр төлөвлөснөөс 14 ажил бүрэн дуусаж, есийг нь графикийн дагуу хийж, хоёр ажлын тендер зарлаж, 15 ажил эхлээгүй байна.
Их барилгын ажлуудаас дууссаныг нь дурдвал Дархан-2–Цайдам хоорондын 141 дүгээр км-ийн III зуутад төмөр бетон хоолой шинээр барих, Айраг 753 дугаар км-ийн гармын гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн ажил, Өргөн 937 дугаар км-ийн гармын гэрэлтүүлэг, Замын-Үүд 1109 дүгээр км-ийн гармын бэлтгэл тэжээлийн цахилгаан хангамжийн ажил, Салхит өртөө 157 дугаар км-ийн гармын гэрэлтүүлэг 0.4кВ шугамын ажил хийсэн. Мөн Улаанбаатар татах хэсгийн ажилчдын цайны газрын галын дохиолол, холбооны ажил, Ачааны вагон засварын депод шинэ дугуй угсрах, Сумангийн зоо зөрлөгөөс Авгын гол зөрлөг хооронд хоёр дахь шилэн кабель суурилуулах, Улаанбаатар өртөөний арын талбайд Хөдөлмөрийн баатар Н.Ширнэндугар агсны гэрэлт хөшөө барих, Замын-Үүд-Шаргын-Овоо хооронд хоёр дахь гол замын Шаргын-Овоо өртөөний ДТХ ба холбоожуулалт, Замын-Үүд-Шаргын-Овоо хооронд хоёр дахь гол замын Замын-Үүд-2 өртөөний ДТХ ба холбоожуулалт, “Ганзам пресс” төвийн хулдаасан хэвлэлийн өрөөнд агааржуулалтын систем шинээр угсрах, Хангай зөрлөгийн өргөтгөлийн гадна цахилгаан хангамжийн ажлуудыг хийж дууссан.
Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотойгоор Мааньт өртөөнөөс Агуйт зөрлөг хооронд хийсэн 17.06 км зам шинэчлэлтийн ажил, гол замын 127, 157, 508, 753, 937 дугаар км-ийн гармуудын их засварын ажлуудад замын аж ахуй хариуцсан инженер байцаагч техникийн явцын хяналт тавьж, хүлээн авах, гүйцэтгэл тооцож хаах ажлуудыг зохион байгуулсан. Одоо Хонхор-Бумбат хооронд есөн км, Баян-Хайрхан хооронд 10 км, Хайрхан – Хоолт хооронд найман км буюу нийт 27 км зам шинэчлэх бэлтгэл ажлыг хангаж байна.
- Эхлээгүй их засваруудаа хэзээ хэрхэн үргэлжлүүлж дуусгах вэ?
- Оны эхний хагас жилийн төлөвлөгөөт их барилга, их засварын ажлуудаас материал хангалт, төлөвлөгөөний өөрчлөлт, ажлын зохион байгуулалт зэрэг шалтгаанаас эхлээгүй объектууд бий. Үүний шалтгаан болон цаашид авах арга хэмжээний саналыг сонсож, шийдвэрлэх талаар зургадугаар сарын 11-ний өдөр Замын Ерөнхий инженер хурал зохион байгуулж, уг хурлаас хийгдэж байгаа болон эхлээгүй ажлуудын бэлтгэл ажлыг хангах, үргэлжлүүлэх, дуусгах төлөвлөгөө батлуулан ажиллах шийдвэр гаргасан. Энэ дагуу манай албанаас календарьчилсан төлөвлөгөө боловсруулан Замын I орлогч даргаар батлуулан хяналт тавин ажиллаж байна.
-Дулааны улиралд багтаан төлөвлөгдсөн ажлынхаа хэдэн хувийг хийж гүйцэтгэхээр байна вэ?
-Замын I орлогч даргын баталсан энэ оны төлөвлөгөөт их барилга, их засварын ажлын нэгдсэн календарьчилсан төлөвлөгөөнд тусгагдсан их барилгын 26 ажлаас 24 буюу 92 хувь, их засварын 140 ажлаас 125 буюу 89 хувийг дулааны улиралд хийж дуусгана. Үлдсэн 17 ажилд цаг агаарын хүчин зүйл нөлөөлөхгүй тул ондоо багтаан гүйцэтгэнэ.
Өнөөдрийн байдлаар календарьчилсан төлөвлөгөөнд тусгасан ажлуудаас их барилгаар найм, их засвараар 48 ажлыг хийж дуусаад байна.
Харин энэ онд хөдлөх бүрэлдэхүүн, машин механизм, тоног төхөөрөмж, зам, холбоо, дохиолол, барилгын чиглэлээр нийт 144 их засварын төлөвлөгөө батлагдсан. Гэвч Замын даргын нэгдүгээр улирлын үзлэг, УБТЗ-ын 75 жилийн ойтой холбоотой 44 ажил нэмэгдсэн. Үүнээс 76 ажил бүрэн дуусаж, 61 ажил графикийн дагуу хийгдэж, найман ажлын тендер зарлагдаж, хоёр ажил тендер зарлаад амжилтгүй болж, 41 ажил эхлээгүй байна.
Борооны улирлаас өмнө Олон-Овоо өртөөн дэх Чулуун заводын конторын дээвэр, Авгын гол, Наран-Элгэн зөрлөгүүдийн байшингийн дээвэр, Зүүнхараа өртөөний МРЦ-ийн барилгын дээвэр, Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депогийн ВКМ-ийн дээвэр, Зүүнбаян өртөөний технологийн орон сууцны дээвэр, Зүүнхараагийн их эмчийн тасгийн барилгын дээвэр зэргийг засварлах ажлуудад барилга хариуцсан инженер-байцаагчид гүйцэтгэлийн чанар байдалд техникийн явцын хяналт хийж, хүлээн авч, гүйцэтгэл тооцож хаасан.
-Замын төсөв алдагдалтайгаас шалтгаалан удирдлагаас тэвчиж болох зардлуудыг хэмнэх тухай яригдсан. Тэвчиж болох зардлуудад ямар засвар хөрөнгө оруулалт багтаж байна вэ?
-Оны эхний хагас жилийн байдлаар УБТЗ-ын тээврийн орлогын төлөвлөгөө биелээгүйтэй холбоотойгоор замын 2024 оны төлөвлөгөөт эхлээгүй их барилга, их засварын ажлуудаас хойшлуулах боломжтой ажлуудыг замын ерөнхий инженер авч хэлэлцэж, шийдвэр гаргах хурлыг долдугаар сарын 08-ны өдөр хийсэн. Хуралд хойшлуулах боломжтой их барилгын 12, их засварын 41 ажил танилцуулснаас Олон-Овоо-Цомог өртөөдийг холбох замын 3.95 тэрбумын төлөвлөгөөнөөс 0.5 тэрбумын зураг, төслийн үнэ авч үлдэх, Сайншанд-Зүүнбаян хоорондын замын хэсэгчилсэн зам шинэлтийн 4.2 тэрбум төгрөгийн төлөвлөгөөнөөс зургаан ширхэг металл хоолойг солих ажилд 1.4 тэрбум төгрөг авч үлдэх, Кейтеринг-Зочлох үйлчилгээний төвийн аж ахуйн хашааны автозамын засварын 34 сая төгрөгний төлөвлөгөөт ажлыг 2025 онд шилжүүлэхээр болсон. Мөн Баянтүмэн өртөөний вокзалын барилгын их засварын 300 сая төгрөгийн төлөвлөгөөнөөс ажлын зураг, төсвийг ондоо хийж гүйцэтгэх, бусад их барилга, их засварын ажлуудыг Замын I орлогч даргын баталсан календарьчилсан төлөвлөгөөний дагуу хугацаанд нь хийж гүйцэтгэх шийдвэр гарсан.
- Та зарим ажил хойшилсон шалтгааныг хэлэлцсэн гэж хэллээ. Юунаас болж саатаж хойшилж байна вэ?
-УБТЗ-ын хэмжээнд их барилга, их засварын ажлуудын төлөвлөлт, гүйцэтгэл, хяналтын үйл ажиллагааг Замын даргын 2019 оны тавдугаар сарын 31-ний өдрийн А-279 тоот тушаалаар батлагдсан журмаар зохион байгуулдаг.
Уг журамд төлөвлөсөн засварын ажлуудыг эхнээс нь дуустал хэрхэн зохион байгуулах дэс дарааллыг хугацаатай нь тодорхой зааж өгсөн байдаг.
Гэтэл төлөвлөлтөөс эхлээд хугацааны хувьд саатал гарч эхэлдэг. Жишээ нь, дараа онд хийх их барилгын газар сонголтын акт, их засварын гэмтлийн акт тогтоох ажлыг есдүгээр сарын 15-ны дотор зохион байгуулж дуусгахаар заасан байдаг ч урьтал хүчин зүйлүүдээс шалтгаалан саатдаг. Сүүлийн хоёр жил буюу 2022, 2023 онд энэ ажлыг арваннэгдүгээр сард хийснээс шалтгаалан зураг, төсөв зохиох ажил хойшлогдож, ингэснээр тендер, материал худалдан авалт хоцорч, материал хангагдаагүйгээс засварын ажлууд саатсан. Тэгэхээр засварын ажлын төсөвт өртөгт үндэслэн богино хугацааны төлөвлөлтийг хоёр жилээр урьдчилан харж хийх шаардлагатай.
Замын даргын А-279 тушаалаар батлагдсан Их барилга, их засвар, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, гүйцэтгэл, хяналтын үйл ажиллагааг зохион байгуулах журам үүргээ сайн гүйцэтгэж ирсэн. Цаг үетэй холбоотойгоор уг журманд зарим нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бий болсон тул манай албанаас журмыг шинэчлэхээр ажиллаж байна.
-Үнийн өсөлт инфляциас шалтгаалан төсөв хэлбэлзэн тендер хойшлох зэрэг бэрхшээл байх шиг байна тийм үү?
-Зарим их барилга, их засварын ажлууд төлөвлөгөөнөөс хасагдаж, дараа онд хийгдэх тохиолдол гардаг. Тухайн ажлыг өмнөх оны зохиосон төсвөөр дараа онд нь гүйцэтгэх боломжгүй. Яагаад гэвэл, төсөвт өртгийг бүрдүүлдэг материалын үнэ, тээвэр, машин механизм, ажиллах хүчний зэрэг гол зардал өссөн байдаг. Худалдан авах ажиллагаа, борлуулалтын албанаас жилийн өмнө батлагдсан төсвөөр тендер зарлаад оролцогчгүйн улмаас амжилтгүй болсон тохиолдол хэд хэд гарсан.
Иймд тендер зарлахдаа барилгын өртгийн индекс ашиглах буюу барилгын материал, цалин, машин, механизмын жинг тооцон, сонгогдсон барилгын материалын үнэ, машин, механизмын тариф, цалинг цуглуулж, тус бүрийн индексийг тооцох аргачлалыг ашигладаг болох хэрэгтэй.
-Танай алба ажлыг хөнгөвчлөх техник технологийг нэвтрүүлсэн гэж сонссон. Ямар технологи нэвтрүүлэв?
-Их барилга, хөрөнгө оруулалтын алба, Мэдээлэл технологийн албатай хамтран их барилга, их засварын бүртгэл, тайлагналын ИБИЗ нэртэй программ хангамжийг 2019 оноос шинээр нэвтрүүлэн үйл ажиллагаандаа ашиглаж эхэлсэн. Энэ программ нь инженер-байцаагчдын ажлыг хөнгөвчилж, их барилга, их засварын мэдээлэл, тайланг замын удирдлагуудад тухай бүрд танилцуулахад хялбар, бүртгэл, тайлагналын үйл явцыг сайжруулсан дэвшилтэт технологи байсаар ирсэн.
2022 онд уг программыг шинэчлэх нөхцөл бүрдсэнээр дараагийн хувилбарыг зохиолгох захиалгыг Эдийн засаг, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны удирдлагын шинжилгээний мэдээллийн систем хөгжүүлэлтийн хэлтэс (НРП)-т 2023 оны II улиралд өгч, тус хэлтсийн программист инженерүүдийн оюуны бүтээл болж, CRI нэртэй программ хангамжийг Замын даргын 2023 оны арваннэгдүгээр сарын 09-ний өдрийн А-919 тушаалаар ашиглалтад оруулан ашиглаж эхэлсэн.
CRI программыг дотоод сүлжээнд холбогдсон алба, хэлтэс, төв, салбар нэгжүүд ашиглах боломжтой. Мөн дотоод сүлжээний орчинд зөөврийн wifi төхөөрөмж (таблет, нөүтбүүк, ухаалаг гар утас)-өөр хандах боломжтой. Мөн CRI программ нь Windows, macOS үйлдлийн системд ажиллахад тохирно. Анхан шатны мэдээллийг гараар оруулсны дараа CRI программ нь автоматаар боловсруулалт хийж, хэрэглэгчийн хайсан мэдээллийг нарийвчлан харуулахын зэрэгцээ явцын биелэлтийн хувь, эцсийн дүн шинжилгээ, тайланг excel, power point программуудад хөрвүүлэн гаргадаг.
УБТЗ ХНН-ийн их барилга, их засвар, хөрөнгө оруулалтын бүртгэл, тайлагналын CRI программд төлөвлөгөөт их барилга, их засварын ажлуудын бэлтгэл үе шатны ажлаас эхлэн явц, дуусах хүртэлх мэдээллийг холбогдох албадууд оруулдаг болсноор алба, салбар нэгжүүдийн уялдаа холбоо сайжирч, тухайн ажлыг төлөвлөгөөт улиралд нь бүрэн хяналттайгаар гүйцэтгэх боломж нээгдсэн. Уг программ дахь их барилга, их засварын ажлуудын явцыг хянах эрх Замын орлогч дарга, албадын дарга нарт, бүртгэл хийх, хөтлөх эрх нь холбогдох алба, салбар нэгжүүдийн зөвшөөрөгдсөн инженер, техникийн ажилтнуудад олгосон. Жишээлбэл, Төлөвлөлт, эдийн засгийн албаны хөрөнгө оруулалт, их засвар, их барилга хариуцсан инженер-эдийн засагч батлагдсан төлөвлөгөөт ажилд өртгийн төв нээж, программд оруулж өгснөөр манай албаны чиглэл хариуцсан инженер-байцаагч нар\ болон захиалагч, гүйцэтгэгч албаны удирдлагууд хянаж эхлэх юм. Худалдан авах ажиллагаа, борлуулалтын албаны худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтнүүд тендер шалгаруулалт зохион байгуулах хугацааг оруулах, захиалагч болон гүйцэтгэгч салбар нэгжүүдийн санхүүгийн ажилтан УБТЗ-д ашигладаг санхүүгийн программ (COSS)-д зардлаа бичих эрхтэй.
-Ипотек, зураг төсөл, тендерийн шатанд ямар ажлууд явж байна?
-УБТЗ-ын ажилтнуудыг 2022-2025 онд ипотекийн зээлийн орон сууцаар хангах хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар, Зүүнхараа, Багахангай, Сайншанд, Замын-Үүд зангилаадад орон сууцны барилга бариулахаар ажиллаж байна.
Өнгөрсөн онд Зүүнхараа зангилаанд 40 айлын орон сууцны барилга барих төсөл амжилттай хэрэгжиж, 40 ажилтан орон сууцтай болсон. Үргэлжлүүлээд “Б” блокын 40 айлын орон сууцны барилгын ажил төлөвлөгөөний дагуу явж байна. Улаанбаатар хотод сурагчийн 12 айлын орон сууцны барилгыг дахин төлөвлөлт хийж 96 айлын орон сууц барих архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан. Барилгын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Багахангай зангилааны 40 айлын орон сууцны барилгын зураг төсөл бэлэн болж, магадлал хийгдсэн. Барилгын гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажлын хэсэг гарсан. Сайншанд зангилаанд төмөр замчдыг ипотекийн орон сууцаар хангах бэлтгэл ажлын хүрээнд орон нутгаас дэмжлэг үзүүлж, газрын асуудлыг шийдвэрлэж өгсөн. Барилгын архитектур төлөвлөлтийн даалгаварын хүсэлтийг Дорноговь аймгийн газрын харилцаа, хот байгуулалтын газарт хүргүүлсэн. Замын-Үүд зангилаанд баригдах 108 айлын орон сууцны барилгын зураг төслийн ажлыг 2022 онд эхлүүлсэн, магадлал хийгдээгүй байна. Зураг төсөлд магадлал хийгдсэний дараа барилгын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулж, ажлыг эхлүүлнэ.
-Дэлгэрэнгүй ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.
А.Энхсайхан
Сэтгэгдлүүд
TZchiddaa bayriin mend hurgie.TZ dad oron suutsnii hereglee under bga n unen.TZdiin tosgoni gazriig erh medeltnuud tsement ovoolood .aktlagdsan barilguud bugd erh medeltnuud gazartai n avsan bgaag anhaarah heregtei.Huuchin OS ni 00 ereenuud ch medeeleld oir bdg.esvel olon bair huvichilj.hudaldaj avsan bolomjtoi humuus naimaani hereglel bolgood under uneer tureeslej bn.Teriig zogdooj.TZd tasraltgui ajillasan.odoo hurtel oron bairgui ajilchind zuv shudargaar egch.bairni hangamj hureltseend ch huvi nemerteig anhaarah tsag bolson.Olon jil ambaar sav.mungenii eh uusveree bolgoj yvaag taslan zogsoo.Zangilgaadad sudalgaa yvuul.hubichlagdsan gj orhij bolohgui.TZiin ed.es.eh uuser hezeed hamt baih estoi.Amjilt husie.