Өнгөрсөн оны IV улиралд Оросын Төмөр замын шинэ бүтээлийн хөгжлийн төв Октябрийн Замын хөдөлгөөний удирдах газартай хамтран дотоодын компаниудын патентлагдсан шинэ бүтээлийн нэг болох шинэчилсэн ивүүрийг туршиж үзжээ. Төхөөрөмж нь нэмэлт тулгуур хавтангаар тоноглосон, үрэлтийн эсрэг материалаар дүүргэсэн нүхтэй хавтан аж. Энэ нь дугуйтай харьцах хэсэгт ивүүрийн дээд гадаргуу дээр гагнасан хавтан юм. Төмөр замын шинэ бүтээлийн хөгжлийн төвийн орлогч дарга Павел Никулушкин “Энэхүү функциональ төсөл нь Оросын төмөр замд эерэг нөлөө үзүүлэхэд чиглэгдсэн. Механикжаагүй ялгах дов дээр гулсалтын эсрэг ивүүрийг нэвтрүүлэх нь вагоныг тоормослох үед дугуйны өнхрөх гадаргуу гэмтэх тохиолдлыг бууруулах зорилготой юм. Энэ нь вагоныг довын паркад байх үед ползун болон бусад гэмтлийг засах зардлыг бууруулахад тусална. Шинэчилсэн ивүүр нь хөдлөх бүрэлдэхүүний дэд бүтцэд нөлөөлөх нөлөөг бууруулснаар замын засвар үйлчилгээнд зардал бага шаардагдах болно” гэж онцолжээ. Ашиглалтын үйл ажиллагааны туршилтыг Беломорскийн өртөөний ялгах дов дээр хийсэн байна. Өнгөрсөн сард хийсэн туршилтын үр дүнг үндэслэн комисс нь бүтээлийг ашиглах тухай шийдвэр гаргажээ. Оросын төмөр замын хөдөлгөөнийг удирдах газрын удирдлага, менежерүүдийг хамруулсан хүлээн авах туршилтыг энэ оны эхний улиралд хийхээр төлөвлөж байгаа аж. Дэд бүтцэд ашиглах зөвшөөрөл өгмөгц 4000 гаруй шинэчлэсэн ивүүр худалдан авч Октябрийн төмөр замын өртөөдөд хүргэх юм байна.