УБТЗ-ын Баянтүмэн тасгийнхан төмөр замчдынхаа ажиллаж, амьдрах нөхцөлийг дээшлүүлэх, нийгмийн баталгааг нь хангах талд сүүлийн жилүүдэд багагүй ажлыг хийж байгаа юм. Өнгөрсөн 2023 онд гэхэд л тус хамт олон шугам замдаа ажилчдын орон сууц барьснаас гадна зарим хэсгээ эрчим хүчний төвлөрсөн шугамд холбох, дохиолол холбооны найдваржилтыг дээшлүүлэх ажлыг хийсэн байна. Энэ талаар Дохиолол холбооны хэсгийн ахлах инженер П.Адилхүүгээс тодрууллаа.
-Танай хэсгийн хамт олон 2023 онд дохиолол холбооны найдваржилтыг дээшлүүлэх багагүй ажил хийж буйгаа Замын даргын намрын үзлэгийн үеэр танилцуулж байсан. Энэ хүрээнд ямар ажлуудыг хийв?
-Баянтүмэн тасгийн Дохиолол холбооны хэсгийн хамт олон өнгөрсөн онд төлөвлөлтөөр их барилга хоёр, их засварын гурав, урсгал засварын нэг ажлыг бүрэн хийж дуусгасан. Тухайлбал, Соловьевск-Эрээнцав өртөө хоорондын хил дамнасан технологийн холбооны 2000 метр магистрал кабелийн ажлыг хийснээр Соловьевск өртөөтэй хэвийн холбоотой боллоо. Мөн Эрээнцав өртөөний тэгш, сондгой бэлчирт иж бүрэн гэрэлтүүлэг хийсэн. Үүний хүрээнд 25 метрийн өндөртэй гурван матч дээр тус бүр хоёр гэрэл суулгасан. Нэг матч-д нь гэхэд 600 ваттын гэрэл хийснээр өртөөний зам парк маш сайхан гэрэлтүүлэгтэй болсон. Дээр нь, Эрээнцав өртөөний тэгш, сондгой бэлчрийн Ч, Н семафорын дохионы тэжээлийн нийт 2000 метр кабелийг сольсон. Мөн Хэрлэн, Хавирга өртөөний Ч семафорын дохионы тус бүр нэг мянган метр тэжээлийн кабелийг солилоо. Эдгээрээс гадна технологийн холбооны агаарын шугамын урсгал засварыг хийсэн гээд яривал бид өнгөрсөн онд багагүй ажил амжууллаа. Манай Дохиолол холбооны хамт олон гологдол, дутагдал, зурмагийн тасалдалгүй, ХАБЭА-н осол зөрчилгүй ажилласан.
2023 оны тавдугаар сарын эхээр байгалийн давагдашгүй хүчин зүйл хээрийн гал түймэрт 144-103 дугаар км хооронд олон тооны замын дэр мод, технологийн холбооны агаарын шугамын модон тулгуур багана, хөндлөвчүүд шатсан. Энэ үед Дохиолол холбооны албаны зүгээс шуурхай ажиллан тусламжийн гурван баг гарган Баянтүмэн тасгийн технологийн холбооны агаарын шугамыг яаралтай сэргээн босгох ажлыг хийсэн. Нийтдээ 13 хоногийн хугацаанд сэргээн босгох ажлыг хийж дуусгасан. Үүнд ажилласан Дохиолол холбооны гурван ангийн инженер техникийн ажилчид, удирдлагууд болон албаныхаа удирдлагуудад энэ ташрамд талархал илэрхийлье.
-Та бүхэн бас эрчим хүчинд зарим хэсгээ холбох ажлыг хийж байгаа шүү дээ. Энэ ажил өнөөгийн байдлаар хэр ахицтай явж байна вэ?
-Тиймээ, Замын VIII хэсгийг эрчим хүчинд холбох 6.8 км, 35 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын их барилгын ажил хийж байгаа. Тендерээс шалтгаалан ажил нь жаахан оройтож эхэлсэн. Мөн Хэрлэн өртөөний 10 кВт-ын 1.8 км, 04 кВт-ын 1.6 км цахилгаан дамжуулах агаарын шугамын их засварыг амжилттай хийж дуусгасан. Ингэснээр Хэрлэн өртөөний замчдын орон сууцууд гэрэл цахилгааны найдвартай эх үүсвэртэй болсон. Мөн өртөөний байгууламжид очих хүчдэл хэвийн найдвартай байдлаар хангагдсан.
-Замын VIII хэсгийнхэн удахгүй эрчим хүчинд холбогдох юм байна. Харин цаана нь эрчим хүчний эх үүсвэргүй өөр хэсэг үлдэж байна уу?
-Ер нь, Баянтүмэн тасгийн хувьд шугам замдаа эрчим хүчинд холбогдоогүй хоёр хэсэг үлдэж байна. Энэ нь, Мөргөцөг буюу 103 дугаар км-ийн Замын IV хэсэг, 37 дугаар км буюу Замын II хэсэг. Энэ хоёр хэсгийг цаашид эрчим хүчинд холбох шаардлагатай байгаа. Бусад хэсэг нь эрчим хүчээр хангагдаад байна.
-Энэ онд дохиолол холбоо талдаа ямар ажлууд төлөвлөв?
-Чингисийн далан өртөөний Ч, Н семафорын тэжээлийн кабелийг их засвараар солихоор төлөвлөсөн. Мөн Баянтүмэн өртөөний барилга, Холбооны байшин хоорондын диспетчерийн холбооны кабелийг солино. Эдгээрээс гадна агаарын шугамын урсгал засвар хийхээр төлөвлөж байна.
М.Наранболд
