Айсуй өвлийг цаг уурын мэргэжилтнүүд хүртэл олон жилийн дунджаас хүйтэн болно гэдгийг анхааруулсаар байгаа. Гэсэн хэдий ч өвлийн эхэн сар гарсан ч тэнгэр хангай ивээлээ харамлалгүй нар ээж, намар шиг налайсан энэ өдрүүдэд төмөр замчид замын төлөвлөгөөт их засвараа гүйцээгээд авлаа. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн Пүрэв гарагт манай замчид отгон “цонх”-оо авч, Хонхор-Туул зөрлөг хоорондын 425 дугаар км-ийн нэгдүгээр зуутын II үеэс 426 дугаар км-ийн III зуутын IX үе хүртэл 1200 погон метр замыг заслаа.

Ингэснээр энэ жилийн төлөвлөгөөт 44 км замын зам шинэчлэлийн ажил гүйцэж байгаа юм. Энэ жил их засварын ажлыг хоёр хуваан хийж буйг бид өмнө нь мэдээлж байсан билээ. Эхний хэсгийг буюу Агуйт-Мааньт хоорондын 17.7 км замд дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 28-ны хооронд засвар хийсэн юм.

Харин Хонхор-Цагаанхяр хоорондын 27 км замын шинэчлэлийн эхний “цонх”-ыг наймдугаар сарын 15-ны Пүрэв гарагт авч бол отгон “цонх”-ыг арваннэгдүгээр сарын 7-ны Пүрэв гарагт авлаа.

Тухайн их засвар хийсэн хэсэг нь тахир тойруу, өгсүүр, уруудуур ихтэй, урсгал арчилгаа ихээр шаарддаг замын нөхцөл нэлээд хүнд тул зам шинэчлэлийн ажилд Замын ангиудаас хүн хүч татан ажиллуулснаараа онцлог гэдгийг ажил удирдагч нар ярьж байлаа.

Гэрээсээ гараад бараг гурван сарын нүүр үзэж буй гэхэд замчид маань золбоотой, нүд нь гэрэлтэж, нүүрэнд нь баясал тодорч байх нь бахтай. Учир нь, тэд хариг хатуу өвлийн жавраас урьтаж төлөвлөсөн ажлаа амжилттай дуусгаад гэртээ харина гэхээс хөл нь хөнгөн, хүч чадал нь амтагдаж байх шиг санагдана.

Ингээд зарим замчны сэтгэгдлийг сонслоо.

 

Төмөр-Очирын Дэмбэрэлнямбуу

Их засварын цувааны II цехийн ахлах замчин 

 

-Би ЗЗМС-д 28 дахь жилдээ ажиллаж байна. Анх 1996 онд ажилд орж байсныг бодоход замын техник, машин механизмууд шинэчлэгдэж, замчдын ажил тэр хэрээр хөнгөвчлөгдөж байгаа. Би гурав дахь үеийн замчин. Миний өвөө Жамъянхорлоо ЗЗМС-д замын мастер байсан. Аав, ээж хоёр маань бас ЗЗМС-д ажиллаж байсан. Одоо хамаатан садангуудаас маань ч энд мөр зэрэгцэн ажиллаж байгаа.

 

-Тэгвэл таны бага нас энэ хамт олны дунд өнгөрч дээ?

 

-Тэгсэн. Намайг багад ЗЗМС-ынхан гэр бариад засвараа хийгээд нүүгээд явдаг байсан. Би 1980 оноос хойш аав ээжийгээ дагаад их засварын цуваа дагаж л өссөн дөө. Ажилчдын хүүхдүүд гэр цэцэрлэгт явдаг байлаа. Тэр үед гэр цэцэрлэгт тоглож өссөн найз нараас маань аав ээжийнхээ ажил мэргэжлийг өвлөж замчин болсон нь цөөнгүй. Жишээ нь, Н.Бямбанайдан, Б.Мажигсүрэн, Д.Батмандах гээд цэцэрлэгийн найзууд маань бий дээ. Бага байхаас аав ээжийн минь гараар засагдсан зам их гоё санагддаг байсан. Би өөрөө замчин болоод Р43-ыг, Р50, Р65 хүртэл нь солиод л энэ замаа өгсөж уруудан 28 дахь жилдээ ажиллаж байгаадаа баяртай байна. Бидний зассан замаар галт тэрэг дахиад өнгөрөхийг харах сайхан шүү.

 

-Энэ жилийн их засварын онцлог нь юу байв?

 

-Радиус багатай тахир тойруу ихтэй хэсэгт засвар хийлээ. Цаг агаарын хувьд аравдугаар сарын дундуур болон сүүлчээр бага зэрэг хүйтэрсэн. Харин бусад үед цаг агаар тогтуун байсан нь замчид бидний хувьд ажлаа хийх таатай нөхцөлийг бүрдүүллээ. Ёстой төмөр замчдыг тэнгэр харж үзлээ.

 

П.Улам-Ундрах

Замчин

Энэ жилийнхээ сүүлийн цонхыг хийж байгаадаа маш баяртай байна. ЗЗМС маань маш өгөөжтэй сайхан байгууллага. Хамт олондоо маш их баярлаж явдаг. Би 1997 онд төмөр замын коллежийг замын техникчээр төгсөж ирээд, энэ байгууллагаас ажын гараагаа эхэлсэн.

 

-Хүйтэн сэрүүний улиралд ажиллахад хүнд байв уу?

 

-Гайгүй дээ. Ганц нэг өдөр л жаахан хүйтэрснийг эс тооцвол цаг агаар дажгүй байлаа.

 

-Өнөөдөр хүн бүхний нүүрэнд мишээл тодроод танайхан урам зоригтой байх шиг байна?

 

-Тэгэлгүй яах вэ. Сүүлийн “цонх”-оо дуусгаад замаа хүлээлгэж өгөх нь бидний хувьд хамгийн сайхан баяр. Тэгээд бүгд гэр рүүгээ яарцгаана. Би хоёр ач хүүтэй. Ач нараа их санаж байна. Энэ ташрамд, 55 жилийн түүхтэй ЗЗМС-ийн хамт олондоо эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Намсрайн Лхагва

Их засварын II цехийн мастер

 

 Миний аав Замын IV ангид 16, ЗЗМС-д 16, нийт 32 жил замын мастераар ажилласан хүн. Намайг дунд сургууль төгсөхөд аав “Зам сайхан. Зам дагасан хүний амьдрал өөдөлдөг” гээд хөтлөөд л төмөр замын сургуульд оруулчихсан. Би 1999 онд ТЗДС-ийг замын инженер мэргэжлээр төгсөөд 25 дахь жилдээ ажиллаж байна. Аавын минь зөв байсан. Амьдрал сайхан байна.

Энэ жил манайхан 44 км замд их засвар хийлээ. Бид хуучин замаа шинээр сольж, ГТХАБ-ыг хангаж, замын тээх нэвтрүүлэх чадварыг дээшлүүлдэг болохоор энэ ажлаараа бахархдаг. Энэ их засварт ЗЗМС-аас гадна Салхитын Үе угсрах бааз, Замын I, II, III, IV, VI ангийн замчид ирж ажиллаж байгаа. Замчдын амжилтын гол түлхүүр нь хамтын хүч гэдгийг эндээс бэлхнээ харж болно. Энэ ташрамд мөр зэрэгцэн ажилласан бүх замчдадаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

 

-Багадаа аавыгаа дагаж замын их засвар дээр ирж байв уу?

 

-Намайг нэгдүгээр ангид байхад яг энэ Хонхорт ЗЗМС-ынхан маань байрлаад  их засварын ажил хийж байсныг тод санаж байна. Тэр үед вагон цөөхөн, их засварынхан маань ихэвчлэн гэрт байрладаг байсан. Бараг 30 гаруй гэр байсан санагдаж байна. Гэр цэцэрлэг, цайны газар гээд бүх л зүйлээ аваад нүүдэллээд явдаг сан. Гэр цэцэрлэгт нь бараг 20-30 хүүхэд явдаг. Замчид маань ихэвчлэн гэр бүлээрээ ажилладаг байлаа. Өнөөдөр бага насны гоё дурсамж нүдний өмнө кино зураг шиг тодхон санагдаж байна.

 

-Таныг гэр бүлээрээ төмөр замд ажилладаг гэж сонслоо.

 

-Тиймээ, миний хань Д.Чинбат хамт ажиллаж байна. Том хүү минь ТЗДС-ийн төгсөх курс. Гурав дахь үеийн төмөр замчин болно доо.

 

Б.Даваадалай

КЖУ-571 краны машинч  

Энэ кран маань төмөр бетон дэртэй, Р65 зам төмөртэй замыг угсрах зориулалттай. 20 тоннын даацтай. Нэг бетон дэртэй үе 18 тонн байдаг. Би ТЗДС-ийг хүнд машины механизмын инженер мэргэжлээр төгссөн. ЗЗМС-д найм дахь жилдээ ажиллаж байна. Гурван жил замчнаар ажиллаад, краны машинч болсон.

 

-Таны ажлын бахархмаар зүйл нь юу вэ?

 

-Манай хамт олон үргэлж том бүтээн байгуулалтыг хийдэг. Нөгөө талаар, маш эвсэг, бие биенийгээ ойлгодог, хүндэлдэг, хайрладаг гоё уур амьсгалтай сайхан хамт олон.

 

-Гэр бүлээсээ хол удаан ажиллах нь хэцүү байдаг уу?

 

-Зуны гурван сар байнга томилолтоор ажилладаг. Би хүү, охин хоёртой. Гэргий маань ар талын бүх асуудлыг хариуцаад дуртай ажлаа хийх боломжийг минь бүрдүүлж өгдөг. Төмөр замын мэргэжлийг би өөрөө дурлаж сонгосон. Дуртай ажлаа хийж байгаадаа үргэлж баяртай байдаг.

 

Ч.Баярхүү

Их засварын цувааны дарга 

 

Төмөр замд 12 дахь жилдээ, ЗЗМС-ын Их засварын цувааны даргаар томилогдоод таван сар ажиллаж байна. Наймдугаар сарын 15-наас хойш 25 цонхонд 27975 погон метрийн зам шинэчлэлийн ажил хийж, төлөвлөгөөт ажлаа бүрэн дуусгаад буух гэж байна.

Энэ жил бид УБТЗ-ын хамгийн хүнд нөхцөлтэй замын хэсэгт ажиллалаа. Хамт олныхоо хүчээр хүндрэлтэй бүх асуудлыг амжилттай даван туулаад, өнөөдөр сүүлийн цонхондоо ажиллаж байгаадаа баяртай байна. Хань, гурван охин маань миний ажлыг дуусахыг хүлээж суугаа. Ар тал найдвартай байж л ЗЗМС-д ажиллана даа.

Энэ ташрамд нэг баг болж ажилласан ЗЗМС, Салхитын Үе угсрах бааз, Замын ангиудаас ирсэн замчдадаа бүгдэд нь баярлалаа.

 

Ийнхүү намар шиг налайсан өвлийн тэргүүн сарын шинийн 6-нд замчид маань “отгон цонх”-оо авч, том бүтээн байгуулалтаа амжилттай өндөрлүүллээ. Нүүрэнд нь мишээл тодорсон замчдын уухайн түрлэг алсаас тодхон сонсдох ажээ.

Замын их засварт ажиллаж буй мэргэжил нэгтнүүддээ Замын II ангийн замчид чихэр, ундаа ус тарааж талархлаа илэрхийлж байхтай таарав. Чихэр тарааж буй замчин бүсгүйн инээмсэглэл, хоёр гараа тосон чихэр аваад хүүхэд шиг баярлах замчдын сэтгэлээс дулаан, дотно мэдрэмж түгээд нэг л сайхан...

Сайхаан сайхан, зам дагасан хүн бүрийн сэтгэл дулаан, амьдрал гэрэлтэй.