Төмөр замчдын өвлийн тээврийн ажил ид дундаа үргэлжилж байгаа энэ цаг үед ялангуяа гадаа орчинд ажил үүрэг гүйцэтгэдэг ажилтнуудын нормын хувцас чанарын өндөр шаардлага хангасан байх ёстой. 2023 онд шинээр нийлүүлэгдсэн өвлийн хувцас, гутлын чанар хэр байгаа талаар Замын ангиудаас тодрууллаа.
А.Ганболд: Эсгий гутлын чанар сайн байна
Замын I ангийн ХАБЭА хариуцсан инженер
Ангийн хэмжээнд 2023 онд өвлийн 268 гутал, 172 ажлын хувцас, 80 эсгий гутал татаж авсан. Шинэ хувцас авах шаардлагатай ажилчдынхаа өвлийн хувцасны хангалтыг бүрэн хийсэн. Өвлийн ажлын хувцасны чанарын талаар одоогоор ямар нэгэн санал гомдол гараагүй. Энэ жил хувцасны загварт шинэчлэлт хийж, бомбЕр төрлийн хийцийг шингээж өгсөнд хүмүүс ам сайтай байна. Харин өвлийн ажлын гутлын тухайд зарим нь чийг татаж дааруулдаг гэсэн гомдол ирүүлсэн. Ялангуяа, эрчимтэй хүйтрэлийн үеэр ийм гомдлууд ирсэн. Манайх энэ жил ангийн хэмжээндээ түрийтэй гутлаар хангалт хийсэн. Дээр нь манай ангийн хэмжээнд туршилтаар ажлын гутал болон эсгий гутлыг Замын захиргаанаас олгосон. Энэ гутлын чанарын талаар замчид ам сайтай байна. Өвлийн ажлын хувцасны тухайд цаашид энэ жил олгосон бомбертой хувцсаа олговол хүмүүст их таатай байх болов уу.
Г. Очирдарь: Өвлийн хувцастай холбоотой санал гомдол ирээгүй
Замын II ангийн ХАБЭА хариуцсан инженер
Манай ангийн хэмжээнд 2023 онд замчдын 560 хос хувцас захиалснаас 60 размерын хоёр хос хувцас дутуу авсан. Өвлийн гутлыг харин бүрэн авч тараасан. Энэ удаад нийлүүлэгдсэн 251 хос эсгий гутлыг шинэ ажилтнууддаа болон өмнө авсан гутлынх нь хугацаа дууссан ажилтнуудад олголоо. Мөн хугацаанаасаа өмнө элэгдэж, цоорсон гутлыг зохих журмын дагуу актлан нөхөж олгож байна. Гутал хувцастай холбоотой саналыг ХАБЭА-ны линкээр шууд хүргүүлсэн. Хувцасны загвар, хийц, чанарын асуудлаар одоогоор ирүүлсэн санал байхгүй.
Ж.Анхбаяр:Шинэ загварын өвлийн хувцас бидний ажлын онцлогт илүү тохирсон
Замын III ангийн дарга
Бид 2023 онд 195 ширхэг өвлийн хувцас захиалж, 229 хувцсаар хангалт хийсэн. Үүний 163 нь нормын, 60 нь эсгий гутал. Агуулахад байсан өмнөх жилийн үлдэгдэл, дээр нь шинээр орсон ажилтнууддаа нэмж хувцас захиалсан гэхчлэнгээр анхны захиалгаасаа давсан дүн гарсан. 2023 онд нийлүүлэгдсэн өвлийн хувцасны 48, 50 размерууд бомбер дотортой загвараар гарсан нь бидэнд их таалагдсан. Ийм загварын хувцас ажлын онцлогт сайн тохирдог юм билээ. Тиймээс цаашид бүх размераа ийм загвараар хийлгүүлэх хүсэлтэй байна. Чанарын хувьд 2022 онд олгосон эсгий гутлын чанар муу, амархан цоордог зэрэг асуудал гарсан. Бусдаар санал гомдол ирээгүй. Замчдын хувьд гутал чанартай байх нь маш чухал. Уул уурхайн томоохон компаниуд ажилтнууддаа олгодог шиг урдаа хамгаалалттай, дотортой гутлууд байвал илүү оновчтой санагддаг. Зуны улиралд мөн л хоншоортоо хамгаалалттай, гэхдээ хөлд эвтэй, хөнгөн гутал манай замчдад маш их хэрэгтэй байдаг. Манай замчдын ажлын нөхцөл урин дулаан цагт ч хүнд гэдгийг та бүхэн хэлүүлэлтгүй мэдэх байх. Өглөө үүр хаяарав уу үгүй юу ажилдаа гарна. Хүч тамир шаардсан ажлын талбарт хөлсөө урсгаж явахад хангалтаар ирсэн гутал нь хүнд, хөлд зохицолдоогүй том байх нь бүр ч тээр нэмдэг. Уг нь говийн нөхцөлд цэрэг армийнхан өмсдөг “цөлийн шар”-тай адилхан гутал байвал хэрэгтэй санагддаг. Энэ ташрамд, дуулгахад яг өнөөгийн нөхцөлд бидэнд цас цэвэрлэх орчин үеийн багаж маш их хэрэгтэй байна. Цас их унасан үед замчид маань хүрзээр цас цэвэрлэхээр хүчээ барж, хугацаа их алдаж байна. Өнгөрсөн хоёр сарын турш ангийн хариуцсан хэсэгт их хэмжээний цас орж, шуурсан. Энэ үед замчид маань гурван өдөр, гурван шөнө цурам хийлгүй зам суман дээрээ жижүүрлэж хонолоо. Хэрэв орчин үеийн цас цэвэрлэх автомат багаж замын бүх хэсэгт байдаг бол зөрлөгт байрладаг цөөн сумтай замын хэсгийнхэн бүгд зам сум дээрээ жижүүрлэж хонох шаардлагагүй юм. Ээлжинд хонож байгаа замчин нь цасаа цаг тухай бүрт нь автомат багажаараа үлгээлгэж цэвэрлээд байх боломжтой. Ангийн удирдлагын хувьд замчдынхаа нөхцөл байдлыг бодоод ийм багаж авчихмаар байвч мөнгө санхүүтэй холбоотой асуудлыг заавал төлөвлөгөө нормд тусгуулж шийдэх журамтай учраас арга мухардаад байна.
А.Туулсайхан:Замчдад эсгий гутал худалдан авч байна
Замын VI ангийн ерөнхий инженер А.Туулсайхан
Манай ангийн хэмжээнд 2023 онд нийт 205 ширхэг өвлийн хос гутал, 186 ширхэг ажлын хувцас захиалсан. Тус захиалгаа бүрэн татан авч, олголтыг хийсэн. Ажлын хувцастай холбоотой ямар нэгэн санал гомдол ирээгүй. Харин өвлийн гуталын чанартай холбоотой гомдол ангийн удирдлагад маш ихээр ирж байна. Энэ удаад размерын том жижгээс шалтгаалаад дотоодын “Best shoes”, “Agula” гэсэн хоёр компаниас нийлүүлэлт хийсэн. Ялангуяа, “Аgula” үйлдвэрийн гутал “Хөл даарууллаа. Арын зуузай хэсгээрээ доош суудаг. Маш их чийг татдаг, чанарын шаардлага хангахгүй байна” гэсэн гомдол зонхилон ирж байгаа. Замчдаас ирүүлсэн дээрх санал гомдолтой холбогдуулан урагдсан, цоорсон, зуузай сууж өмсөх боломжгүй болсон гутлуудыг зохих журмын дагуу акталж нөхөн хангаж байна. Түүнчлэн, их хүйтрэлтэй холбогдуулан өнгөрөгч арванхоёрдугаар сард дотоод үнийн комиссыг хуралдуулан замчдад зах зээлээс эсгий гутлыг худалдан авч, олгох ажлыг зохион байгуулж байна. Бидний хувьд дээрх асуудлыг жил бүр давтагдуулахгүйн тулд өвлийн гутлын өнөөгийн үнэлгээг өндөрсгөж, улмаар маш сайн чанарын шаардлага хангасан гутлаар хангалт хийдэг болох нь зүйтэй гэж үзэж байгаа. Замчдын маань нормын гутал хоёр жилийн хугацаатай. Ихэнх тохиолдолд нэг гутлыг хоёр өвөл өмсөж чадахгүй байгаа учраас нэг бүрийнх нь үнийг нэмж, чанарыг эрс сайжруулах шаардлага үүсээд байна. Цаашлаад манайхаас зарласан тендерт байгууллагуудыг өөрсдөө ирж оролцохыг нь хүлээх бус “Танайх үнэхээр сайн гутал үйлдвэрлэдэг бол ирж оролцооч” гэж урьдаг. Үйлдвэрийнх нь технологитой танилцдаг байх хэрэгтэй. Ингэж гэмээнэ нормын хувцасны үйлдвэр, төмөр замчид хоорондын уялдаа холбоо сайжирч, түүнээ дагаад хувцас нь чанартай болно гэж үзэж байгаа.
Б.Дэлгэрхишиг
