Энэ сарын 21-ний өглөө Ерөө-Орхон хоорондын төмөр замын гарам дээр ачааны галт тэрэгний урдуур том оврын автомашин орсны улмаас ноцтой осол гарсан билээ. Уг галт тэргийг жолоодож явсан зааварлагч машинч Б.Отгонбаяр, машинч Н.Төмөрбат, туслах машинч Э.Энхтөгс нар өдгөө төмөр замын Төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тиймээс машинч нарын биеийн байдалтай Замын дарга Х.Хэрлэн тэргүүтэй орлогч дарга нар танилцаж, нэг сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламжийг гардуулж “Та гуравт өчүүхэн төдий ч буруу байхгүй. Авах ёстой арга хэмжээг дүрмийн дагуу авсан байна. Тиймээс санаагаа бүү зовоогоорой. Эрүүл мэнддээ анхаарч, эмчилгээгээ сайн хийлгээрэй” гэв. Мөн тэдний эрүүл мэндэд онцгойлон анхаарч, шаардлагатай үзлэг оношилгоо, эмчилгээг маш сайн хийхийг эмнэлгийн удирдлагуудаас хүссэн юм. Энэ үеэр машинч нараас ослын үеийн нөхцөл байдлын талаар тодрууллаа.
Дархан татах хэсгийн Сүхбаатар депогийн IV цувааны зааварлагч машинч Б.Отгонбаяр:
-Ээлжийн амралтаас орж ирсэн машинч Н.Төмөрбатыг шалган зааварлах аяллаар хамт явж байсан. Төмөр замын техник ашиглалтын дүрэмд оворгүй газар гаднын биет, хүн, машин тэрэг, техник хэрэгсэл орж ирэх үед машинч нэн даруй зогсох яаралтай тоормос хийх ёстой байдаг. Оворгүй газар руу орох хүртэл дуут дохио сигналыг тасралтгүй өгч явах ёстой. Үүний дагуу дуут дохио өгч явсан. Тэгээд машин оворгүй газар руу орж ирэхэд нь яаралтай тоормос хийсэн. Гэвч машин тэр чигтээ явсаар мөргөлдсөн. Машинч нар төмөр замынхаа дүрмээ л баримтална. Энэ тохиолдолд манай машинчаас бус том аврын автомашины жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалж буй учир ямар ч арга байхгүй. Галт тэрэгний хувьд Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн 2428 тонн жинтэй, чингэлгийн 31 вагонтой явсан. Ер нь, галт тэрэг шууд тоормослоод газар дээрээ зогсдог техник биш шүү дээ. Харин ч бид гурвын хувьд ч, мөн машины жолооч ч маш их азтай. Амиа алдацгааж болохоор байлаа. Жолооч нарын хариуцлагагүй үйлдлээс болж автомашин галт тэрэгтэй мөргөлдөн маш их эд хөрөнгө сүйдэж, хүний эрүүл мэнд хохирч, цаашлаад амь нас ч эрсэддэг. Тиймээс автомашины жолооч нар дүрмээ баримталж, төмөр замын гарам дээр заавал зогсож хоёр талаа харж, сонсож, сонор сэрэмжтэй зорчих хэрэгтэй. Өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүйн тулд сэрэмжтэй зорчиж байхыг хүсье.
Дархан татах хэсгийн IV цувааны машинч Н.Төмөрбат:
-Галт тэрэг ногоон гэрэлтэй шууд дохиогоор гол замаар дунджаар 60 км/цагийн хурдтай явж байсан. Гэтэл авто гармын улаан гэрлээр ачааны автомашин шууд орж ирээд л мөргөлдсөн. Бидний хувьд сигнал өгөхөд автомашины жолооч зогсоогүй. Галт тэрэг яаралтай зогсох арга хэмжээг авсан. Мөргөлдөхөд шороо орж ирэн үзэгдэх орчин байхгүй болж, нэг л мэдэхэд бүх юм болоод өнгөрсөн. Биеийн байдал анх ирснээ бодвол овоо гайгүй болж байна.