Монгол улс 2003 оноос хойш жил бүрийн наймдугаар сарын 25-ныг “Монголын залуучуудын өдөр” болгон тэмдэглэж ирсэн билээ. Уг өдрийг тохиолдуулан Олон улсын төмөр замчин залуус энэ сарын 24, 25-нд Улаанбаатар хотноо чуулав. Тус чуулган УБТЗ-ын Залуучуудын төв байгууллагын санаачилгаар хоёр дахь удаагаа зохион байгуулж буй бөгөөд анхдугаар чуулган нь 2018 онд болсон юм. Энэ удаагийн чуулганыг “Төмөр зам ба залуучууд II” сэдвийн хүрээнд өрнүүлсэн бөгөөд Монгол Улсаас гадна ОХУ, БНХАУ, Беларусь, ОХУ-ын Бүгд найрамдах Саха улс буюу Якутын төмөр замын залуус урилгаар оролцсон юм. Тэд салбарын хөгжил хийгээд өөр өөрсдийнхөө мэргэжлийн талбарт өрнөж буй үйл явдал, ирээдүйн хөгжлийн талаар харилцан санал солилцож, хамтран ажиллах боломжи зэрэг олон асуудлыг хамтдаа хэлэлцлээ. Мөн өөр өөрийн орны давуу тал, онцлогийг харилцан уялдуулж эзэмшсэн мэргэжил, ажилладаг салбартаа оновчтой шийдэл авчирч болохыг зөвлөлдөн санал санаачилгуудаа нэгтгэсэн юм.
“Төмөр зам ба залуучууд II” сэдэвт чуулганд МУ-ын Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр замын бодлого зохицуулалтын газрын ахлах шинжээч Л.Булганхүү, “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн, Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга бөгөөд Зам тээврийн салбарын Залуучуудын байгууллагын тэргүүн Ш.Нямсүрэн, Замын даргын ажлын албаны дарга С.Сумъяадорж, Маркетингийн албаны дарга Ш.Ариунбаяр, “УБТЗ”-ын ХЗЭ-ийн Ахмад ажилтны холбооны тэргүүн Б.Бадарч, гүйцэтгэх захирал Б.Ганбат, JCI Монгол байгууллагын тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Энхдэлгэр, УБТЗ-ын Залуучуудын төв байгууллагын тэргүүн Ц.Золбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга А.Энх-Амгалан нарын албаны хүмүүсээс гадна зочин төмөр замуудын төлөөлөгч залуус, Зам, тээврийн салбарыг төлөөлж, Иргэний нисэх, Авто зам, Агаарын тээврийн салбарын шилдэг тэргүүний манлайлагч залуус, Төмөр замын салбарынхан болох МТЗ ТӨХК, ГТХЗНТ, ТТЗ ХХК, МТЛ ХХК, “Бодь интернэшнл” групп зэрэг компанийн 14 шилдэг залуу, УБТЗ ХНН-ийн салбар, мэргэжил бүрийн төлөөлөл болсон 83 манлайлагч залуус оролцсон билээ.
Ш.НЯМСҮРЭН:АЛДАГДСАН БОЛОМЖИЙГ ХАМТЫН ХҮЧЭЭР НӨХНӨ
Тус чуулганыг “УБТЗ” ХНН-ийн Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга бөгөөд Зам, тээврийн залуучуудын байгууллагын тэргүүн, “УБТЗ”-ын Залуучуудын төв байгууллагын удирдах зөвлөлийн дарга Ш.Нямсүрэн нээж, хэлсэн үгэндээ УБТЗ-ын залуучуудын төв байгууллага 2016 онд шинэчлэн зохион байгуулалтад орж байгуулагдаад 2017 онд Зам тээврийн салбарын залуучуудын анхдугаар зөвлөгөөнийг, 2018 онд олон улсын төмөр замчин залуучуудын анхдугаар форумыг санаачлан зохион байгуулж, гадаад дотоодын харилцаа хамтын ажиллагаагаа эхлүүлснийг онцлон тэмдэглээд “Дэлхий нийтийг хамарсан цар тахал нь хийж бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн залууст маань хүндрэл бэрхшээлийг бас боломжуудтай нь авч ирсэн сорилт байлаа. Эдийн засаг хумигдаж, дэлхий нийтээр хөл хорьсон хүнд цаг мөчүүдэд төмөр замчид бид л хүндрэл бэрхшээлүүдийг үл ажран урагшилж ажилласныг дурдахад таатай бөгөөд мэргэжлээрээ, хамт олноороо бахархаж байна. Алдагдсан боломж цаг хугацааг нөхөхөөр дэлхийн улс орнууд, үйлдвэр компаниуд хичээн ажиллаж, бүх түвшинд тэлэлт явагдаж буй энэ цаг мөчид ачаа тээврийн эргэлт 2-3 дахин өсч, төмөр замчид бидэнд ирэх үүрэг хариуцлага нэмэгдэж байна. Ази Европыг холбосон эдийн засаг, тээврийн төв коридорийг өргөтгөх, бэхжүүлэн хөгжүүлэх хэрэгцээ шаардлага бидний тулгамдсан асуудал боллоо. Энэхүү коридорын ач холбогдол нь зөвхөн манай улсад төдийгүй хөрш орнууд бүс нутгийн эрх ашигт нийцсэн өндөр ач холбогдол бүхий транзит сүлжээ юм. Иймд төмөр замчин манлайлагч залуучууд та бид хэл, соёл өөр хэдий ч эзэмшсэн мэргэжил, эрмэлзэх зорилгоороо нэгдэж хамтын хүчээр, анд нөхдийн барилдлагаар бүгдийг хамтдаа даван туулж хөгжил дэвшилд хөл нийлүүлэн хамтдаа алхах болно. Итгэл дааж, сэтгэл нийлэх төмөр замчин залуус маань энэхүү танхимд цугласан гэж би өөрийгөө, хамт олноо зоригжуулан омогшиж байна. Бидний урилгыг хүлээн авч дэлгэр Монгол оронд хүрэлцэн ирсэн ОХУ, БНХАУ, Беларусь улсын залуучууддаа, хүндэт зочдодоо дахин талархал илэрхийлье.Мөн УБТЗ-ын Залуучуудын төв байгууллагын үйл хэргийг үргэлж дэмжиж тусалж байдаг “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн танд болон таны удирдлагын баг хамт олонд “Аяганы хариу өдөртөө агтны хариу жилдээ гэж эртний сайхан үгийг санаж нийт төмөр замчин залуучуудынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлж “Төмөр зам ба залуучууд” хоёрдугаар форум нээснийг албан ёсоор мэдэгдье” гэв.
Х.ХЭРЛЭН: ХӨРШ ОРНУУДЫН ХАРИЛЦААГ ТӨМӨР ЗАМЧИН ЗАЛУУС УЛАМ ӨРГӨЖҮҮЛНЭ
УБТЗ-ын дарга Х.Хэрлэн чуулганд оролцож, залуучуудад хандан, мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас энэхүү чуулга уулзалт таван жилийн дараа дахин болж байгаа ч форумд оролцогч орнууд нь хөрш болон бүс нутгийн хэмжээнээс хальж шинээр Беларусь улсын төмөр замчин залуучууд ирсэн нь чуулга уулзалтад улс орнууд өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл гэж ойлгож буйгаа дурьдаад, “Улаанбаатар төмөр зам” ХНН нь нийтдээ 16 мянга шахам ажилтантай Монгол Улсын хамгийн том ажил олгогч байгууллага бөгөөд нийт ажилтнуудын 58.9 хувь нь 40 хүртэлх насны залуучууд байдаг тул тээврийн төлөвлөгөөт зорилтыг биелүүлэх, хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, шинэ технологи, инноваци нэвтрүүлэхэд залуучуудын оролцоо, манлайлал чухал үүрэгтэй. Тийм учраас УБТЗ-ын удирдлага залуучуудын байгууллагаа бүхий л талаар дэмжин ажилладаг юм. Өнөөдөр дэлхий дахинаа залуучуудын оролцоо, манлайлал улам өсөн нэмэгдэж байгаа цаг үед “Төмөр зам ба залуучууд” олон улсын чуулга уулзалт болж байгааг өндөр ач холбогдолтой үйл явдал гэж “УБТЗ” ХНН-ийн удирдлага үзэж байна. Тус чуулга уулзалтад оролцож байгаа манай залуучууд хөрш болон бусад орны төмөр замчин залуучуудтай мэдлэг туршлагаа хуваалцаж, олон шинэ зүйлийг сурч мэднэ гэдэгт эргэлзэхгүй байна. Хөрш болон бусад улс орны төмөр замуудын хамтын ажиллагааг тал бүрээр хөгжүүлэхэд залуучуудын оролцоо, идэвх зүтгэл чухал үүрэгтэй бөгөөд энэхүү чуулга уулзалтаас олон чухал санал санаачилга гарч эдгээр орнуудын харилцаа хамтын ажиллагааг улам баялаг агуулгатай, өргөн дэлгэр болгоно гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.
ЗАЛУУСЫН ОРОЛЦОО НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ЦАГ ҮЕИЙНХЭЭ ШААРДЛАГАТАЙ БҮРЭН НИЙЦНЭ
Мөн үүний дараагаар чуулганд оролцогч улс бүрийн төлөөлөгч залуус өөрийн орны төмөр замын талаарх товч танилцуулгаа хүргэсэн юм. Харин чуулганы хоёрдугаар хэсэг “Монгол Улсын төмөр замын хөгжил, залуучуудын бодлого” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг байдлаар өрнөсөн. Хэлэлцүүлгийн зохицуулагчаар УБТЗ-ын Залуучуудын төв байгууллагын ЕНБ-ийн дарга А.Энх-Амгалан, оролцогчоор Зам, тээврийн залуучуудын байгууллагын тэргүүн Ш.Нямсүрэн, ЗТХЯ-ны Төмөр замын бодлого зохицуулалтын газрын ахлах шинжээч Л.Булганхүү, JCI Монгол байгууллагын тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Энхдэлгэр нар оролцсон юм. Тэд Монгол Улсын ЗТХЯ-наас төмөр замын болон залуу ажилтнуудын талаар баримталж буй бодлогын тухайд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэсэн. Мөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний болон олон улсын залуучуудын байгууллагын үйл ажиллагаа, төлөвлөлт, чиглэлийн талаар чуулганд оролцогчдын асуултад хариулт өглөө. Ийнхүү тухайн хэлэлцүүлгээс гарсан санал санаачилгуудыг нэгтгэн дүгнэснээр чуулганы үдээс өмнөх үйл ажиллагаа өндөрлөсөн билээ.
Хөтөлбөрийн дагуу тухайн өдрийн үдээс хойш чуулганд оролцогч залуус “Бүс нутгийн төмөр замуудын хөгжил, түүнд залуучуудын гүйцэтгэх үүрэг, оролцоо” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн. Тус хэлэлцүүлгийн зохицуулагчаар УБТЗ-ын Залуучуудын төв байгууллагын тэргүүн А.Энх-Амгалан, оролцогчоор Залуучуудын төв байгууллагын тэргүүн Ц.Золбаатар, ОТЗ-ууд НХН-ийн Дорнод Сибирийн төмөр замын орлогчдыг төлөөлж Хүүхдийн төмөр замын дарга В.Л.Барютин, БНХАУ-ын төмөр замын байгууллагыг төлөөлж Хятадын төмөр замын Зураг төслийн корпорацийн Гадаад бизнесийн газрын мэргэжилтэн Мэн Шиан Нан, Беларусь улсын төмөр замын байгууллагыг төлөөлж “ББНУ-ын Залуучуудын зөвлөл” олон нийтийн байгууллагын анхан шатны нэгжийн нарийн бичгийн дарга Александр Врублевский, Якутын төмөр замын байгууллагын оролцогчдыг төлөөлж ЯТЗ-ын Их барилгын албаны хэлтсийн дарга Д.А.Буженко нар ажилласан юм.
Ц.ЗОЛБААТАР:ОЛОН УЛСЫН АРГА ХЭМЖЭЭГ ӨӨРСДӨӨ ЗОХИОН БАЙГУУЛЖ СУРЛАА
УБТЗ-ын Залуучуудын төв байгууллагын тэргүүн
УБТЗ-ын залуус гадны орнуудад зохион байгуулагддаг арга хэмжээнүүдэд маш идэвхтэй оролцож байна. Бид 2018 онд олон улсын төмөр замчин залуусыг эх орондоо урьж, орон орны мэргэжил нэгтнүүдээ нэгэн дээвэр доор цуглуулан танилцуулахдаа бусад орны төмөр замын салбарын залуус мэдлэг, мэргэжил, сэтгэлгээний хувьд хаана явааг олж харсан. Мөн бид тэдэнтэй харьцуулахад аль түвшинд байгаагаа тодорхойлсон. Товчхондоо анх санаачилсан ажил маань маш үр дүнтэй болсон. Ингээд тухайн чуулганыг хоёр жилд нэг удаа зохион байгуулах нь зүйтэй юм байна гэж үзсэн. Энэ удаагийн чуулганд зөвхөн УБТЗ-ын залуус төдийгүй ЗТХЯ, Авто тээвэр, “Жи Си Ай Монгол” гээд өргөн цар хүрээнд оролцож байгаагаараа онцлогтой. УБТЗ-аас оролцох төлөөлөгчдөө бид аль болох шугам замд ажиллаж, амьдарч байгаа залуусаа оролцуулахыг зорьсон. Бид тус чуулганаараа салбарын хэмжээний асуудлыг залуусынхаа түвшинд өргөн цар хүрээгээр харж, хэлэлцэж хамтдаа хөгжиж байна. Үүнээс УБТЗ-ын залуус олон улсын арга хэмжээг өөрсдөө зохион байгуулж сурсныг харж болно. Орон орны мэргэжил нэгтнүүдтэйгээ хамтдаа суралцаж, хөгжинө гэдэг маш том ололт юм. УБТЗ-ын Залуучуудын төв байгууллагын дотоод үйл ажиллагааг нэг бүрчлэн дурдвал багагүй цаг авна. Хамгийн наад зах нь л тус байгууллага дэргэдээ “Залуучууд хөгжлийн академитай” болсон. Тус академиараа дамжуулан шилдэг тэргүүний манлайлагч залуусаас бүрдсэн 30 хүнийг хувь хүний хөгжлийн сургагч багш болгон бэлтгэлээ. Тэд маань зөвхөн УБТЗ-ын төдийгүй Зам тээврийн залуусыг хувь хүний хөгжлөөр чадавхжуулах чиглэлд үнэтэй хувь нэмрээ оруулж одоогоор давхардсан тоогоор 3000 гаруй хүнд 50 цагийн сургалтыг амжилттай ороод байна. Цаашид төмөр замын салбарын хэмжээнд аюулгүй байдлыг улам бүр төгөлдөржүүлж, залуу ажилтнууд руу чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг олноор хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага өдрөөс өдөрт нэмэгдэж байна гэж хардаг. Цаг үеийн энэхүү хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан цагт төмөр замчин залуучуудын хөгжил хурдасч, үүрэг оролцоо нь эрс нэмэгдэх юм.
Э.ЭНХДЭЛГЭР: “ЖИ СИ АЙ”-ААР ДАМЖУУЛАН ОЛОН УЛСАД ГАРАХ БОЛОМЖ НЭЭЛТТЭЙ
JCI Монгол байгууллагын тэргүүн дэд ерөнхийлөгч
УБТЗ-ын Залуучуудын төв байгууллага олон улсын чанартай үйл ажиллагааг хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулж байгаа нь дэлхийн хэмжээний өргөн цар хүрээнд үйл ажиллагаа тэлж чадсаныг харуулж байна. Монголын мянга мянган манлайлагч залуусаа олон улсын зах зээлд гаргах зорилготой ажилладаг манай байгууллагын хувьд энэ амжилтаар нь бахархан сайшааж байна. “Жи Си Ай” нь залуучуудад хөгжих суралцах, манлайлах тэгш эрхийг олгодог зарчимтайгаар 1915 онд анх байгуулагдсан түүхтэй. Монголд 32 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Залуучуудын байгууллага гэдэг үргэлж шинэчлэгдэж байх ёстой. Орчин үеийн залуучуудад тухайн байгууллага хэрхэн өвлөгдөж үлдэх вэ, Орчин үеийн технологижсон эрин зуунд амьдарч, сэтгэлгээ, чадварын хувьд асар хурдацтай хөгжиж байгаад “Жен зи” үеийнхэнд “Жи Си Ай”-г яаж өвлүүлэн үлдээх вэ гэдэгт бид бүхэн гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. УБТЗ-ын залуус “Жи Си Ай” хэрхэн хамтарч ажиллаж болох вэ гэдэг гарц гаргалгаагаа тодорхойлоход нь манай байгууллагын үүд хаалга үргэлж нээлттэй байх болно. Монголын залуус дэлхийн хөгжлөөс хоцроогүй. Гагцхүү тэдэнд олон улсад гарах боломж нь хомс байдаг. Энэ чиглэлд төмөр замчин залуучуудтайгаа хамтран ажиллахад бэлэн. Та бүхэн “Жи Си Ай”-аар дамжуулж олон улсад гарах гарц нээлттэй байна.
В.Л Барютин: Цахим спортоор дамжуулан танилын хүрээгээ өргөжүүлье
ДСТЗ-ын Хүүхдийн төмөр замын дарга
ОТЗ-ууд НХН-ийн залууст өөрийгөө хөгжүүлэх, салбарын хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулах чиглэлд нь өргөн боломж олгодог. Бид олон улсын залуучуудын арга хэмжээнд тогтмол оролцдог. Манай залуучуудын байгууллага БАМ-д салбар зөвлөлтэй.Түүгээрээ дамжуулан төмөр замчин залуусын хүсэл сонирхлыг дэмжиж, сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулах, инновацийн чиглэлээр эрдэм мэдлэгээ сорих, спортын арга хэмжээ өрнүүлэх гээд маш олон үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлж байна. Товчхондоо манай залуус зөвхөн өөрийн төмөр замын арга хэмжээнд бус бүс нутгийн РЖД-ын хэмжээнд явагдаж байгаа арга хэмжээнүүдэд идэвхитэй оролцох боломжтой байдаг. Жил бүрийн “Слет молодежи” арга хэмжээнд оролцох эрхийг л гэхэд залуус өөрсдийнхөө хөдөлмөр зүтгэлээр олж авдаг. Тиймээс чуулганд оролцогч мэргэжил нэгтнүүдэдээ хандаж, өөрсдийн шинэ санааг бусадтай хуваалцахаас хэзээ ч битгий санаа зовж байгаарай гэж хэлье. Энд нэг зүйлийг онцлон дурьдахад, Оросын төмөр замчин залуус сүүлийн үед цахим спортоор идэвхитэй хичээллэж, түүгээрээ дамжуулан олон улсын залуустай нөхөрсөг харилцаа тогтоож байна. Монголын төмөр замчин залуусын хувьд ч манайхаас зохион байгуулж буй уламжлалт цахим спортын тэмцээнд оролцох үүд хаалга үргэлж нээлттэй шүү.
МИН ШАН МАНЬ: ХӨРШ ОРНЫ МЭРГЭЖИЛ НЭГТНҮҮДТЭЙГЭЭ ХАМТРАН АЖИЛЛАХАД БЭЛЭН
Хятадын төмөр замын Зураг төслийн корпорацийн Гадаад бизнесийн газрын мэргэжилтэн
-Юуны өмнө зохион байгуулагч УБТЗ-ынхандаа баярласнаа илэрхийлье. Монгол улс Хятад улстай хиллэдэг хөрш орнуудын нэг юм. Миний бие энэ оны зургадугаар сард Монгол, Орос, Хятадын төв коридорын ажлын хэсгийн хурал, уулзалтын үеэр монгол залуустай танилцсан юм. Манай компани Тян Жиньд байрладаг. Дээрх арга хэмжээний хоёр дахь зөвлөгөөн Тянь Жинд болно, та бүхэн оролцоорой, манай компаниар зочлоорой гэж урья. Манай компани энэ жил Хятад Лаос, Мумбай Майрони чиглэлийн төмөр замын төслийг дуусгасан. Жакарта- Пакистан чиглэлийн хурдны төмөр замын төслийг ч мөн амжилттай дуусгалаа. Түүнчлэн, Хятад –Тайланд, Серби-Будапешт чиглэлийн хурдны төмөр замын зураг төслийг амжилттай дуусгаж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд бэлэн болоод байна. Бид төмөр замын бүтээн байгуулалтын олон ажлыг гардан зохион байгуулж байна. Энэ бүхний тэргүүн эгнээнд мэдээж төмөр замчин залуус явдаг. Тиймээс харилцан туршлага судлах, төмөр замын бүтээн байгуулалтад хамтдаа оролцох, олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулахад хөрш орны мэргэжил нэгт залуусын хувьд үргэлж нээлттэй шүү гэдгийг энд тэмдэглэе.
Александр Врублевский: Төмөр замын салбарт цахимжуулалт чухал байна
Беларусийн төмөр замын Гадаад харилцааны албаны ахлах мэргэжилтэн
- Монгол Улсад зочилсондоо маш их баяртай байна. Манай мэргэжил нэгт залуус чуулганы өмнөх өдөр Чингис хааны музей, төрийн ордонтой танилцуулсанд маш их сэтгэл хөдөлсөн. Монгол орны үзэсгэлэнт байгаль, монголчуудын бахархам түүх, соёл, орчин цагийн хөгжил дэвшил гээд бүгд гайхамшигтай санагдлаа. Беларусын залуучуудын холбоо нийт 200.000 гишүүнтэй. Беларусын төмөр зам тус холбооны нэг гишүүн нь. Манай улсын төмөр замд нийт 60 мянган хүн ажилладгаас 60 хувийг нь залуус эзэлдэг. Манай төмөр зам залуу ажилтнуудыг дэмжих, хөгжүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулдаг. Шинэ “Z generation” үеийнхний дунд кибер спорт эрчимтэй хөгжиж байна. А үеийнхэн буюу 2010 оноос хойш төрсөн залуучууд Дота-2, Контер страйк зэрэг цахим тоглоомоор идэвхNтэй тоглодог. Тиймээс өнөөдрийн чуулганд оролцож байгаа Монгол, Хятад, Орос, Якутын төмөр замынхантай хамтран кибер спортын тэмцээн зохион байгуулбал идэвхитэй оролцох болно. Зохион байгуулах боломж нь ч бүрэн нээлттэй. Бидний амьдарч буй эрин үед цахимжуулалт онцгой байр суурь эзэлж байна. Ялангуяа төмөр замын салбарт цахим шийдэл өргөнөөр нэвтэрснээр аюулгүй байдлаас эхлээд туламдсан олон асуудлаа шийдэх боломжтой юм. Эцэст нь мэргэжил нэгт найзууддаа, улс орныхоо гэрэлт ирээдүйн түүчээ болсон нийт манлайлагч залуустаа амжилтын дээдийг хүсье.
Д.А.Буженко:Мэргэжилтэн солилцооны хөтөлбөр хэрэгжүүлье
- Якутын төмөр зам шинэ залуучуудыг тав тухтай амьдрах байраар хангахаас гадна, усан бассейн, кино театр зэрэг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан томоохон айгууламжуудыг барьж байгаа. Манай төмөр замын хувьд өвөлдөө -60 хэмд хүртэл хүйтэрдгээрээ онцлогтой. Заримдаа зам төмөр хагарах хүртэл байгаль цаг уурын онц аюултай үзэгдэл болдог. Бид малгайгаа гурав давхарлаж өмсөөд л ажлаа үргэлжлүүлдэг. Мөн байнгын ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг дизель буугаар халаадаг. Энэ мэтээр дурьдвал манай төмөр замд онцлог зүйл олон бий. Цаг уурын байдлаас шалтгаалан өдөр бүр дэргэдэх хамтрагчдаа туслахаас авахуулаад сайн дурын арга хэмжээг манай залуус санаачилан хэрэгжүүлдэг. Бидний хувьд мэргэжил нэгтнүүдтэйгээ ажилтан солилцох хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлбэл ямар вэ гэдэг саналыг дэвшүүлж байна.
Тус чуулганы хүрээнд УБТЗ-ын Залуучуудын төв байгууллагын Хувь хүний хөгжлийн сургагч багш нар өртөөчилсөн хэлбэрээр оролцогч нарт сургалт орох байсан ч хэлэлцүүлгийн цагт багтаагүй. Учир нь, чуулганд оролцогчдын дундах хэлэлцүүлэг онц сонирхолтой бөгөөд талууд бүгд идэвх зүтгэл өндөртэй, улс бүрийн мэргэжил нэгтнүүдээсээ сонирхох асуулт ч арвин байсан юм. Ингээд чуулганы гуравдугаар хэсэгт оролцогч талууд таван багт хуваагдан “Залуучуудын байгууллагын хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд хамтарсан хэлэлцүүлэг өрнүүлэв. Ингээд баг тус бүр гаргасан санаачилгаа нэгтгэж, өөр өөрсдийн уриалга гаргасан. Тэдгээр таван багаас гарсан уриалга, санаачилгуудыг чуулган зохион байгуулагчдын зүгээс эцсийн хувбилбарт оруулан нэгтгэснээр чуулганы үндсэн үйл ажиллагаа өндөрлөсөн билээ.
“ТӨМӨР ЗАМ БА ЗАЛУУЧУУД” ОЛОН УЛСЫН ТӨМӨР ЗАМЧИН
ЗАЛУУСЫН ЗӨВЛӨГӨӨНӨӨС ГАРСАН САНААЧИЛГА
2023.08.24 Улаанбаатар хот
-
Энэхүү зөвлөгөөнөөс гарсан уриалга, хэрэгжүүлж болохуйц санал санаачилгуудыг өөрийн төмөр замын удирдлагад уламжилж, бусад төмөр замууд болон Залуучуудын байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэхэд зөвөлгөөнд оролцогч талууд бүх талаар дэмжиж, хамтран ажиллана.
-
Төмөр замын салбарын залгамж халаа болсон өнөөгийн болон ирээдүйн залуу үеийн хүсэл сонирхлыг тусгасан арга хэмжээнүүдийг санаачилан зохион байгуулах, дэмжин оролцох.
-
Хөрш орнууд болон олон улсын төмөр замын тээврийн салбарын цахимжуулалт, технологийн чиглэлээр харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх.
-
Төмөр замын мэргэжлийн ур чадвар сорих олон улсын тэмцээн зохион байгуулах.
-
Төмөр замууд хоорондоо ажилтан солилцох, мэргэжлийн чиглэлээр туршлага хуваалцах боломжийг бүрдүүлэх. Хамтын үйл ажиллагаандаа өөрсдийн орны төлөөллийг идэвхитэй оролцуулах.
ЗӨВЛӨГӨӨНӨӨС ГАРСАН УРИАЛГА:
-
ХИЛ ХЯЗГААРГҮЙГЭЭР ХАМТДАА ХӨГЖЬЕ
Б.Дэлгэрхишиг
