Одоогоос хоёр жилийн өмнө  Удирдах газрын хашааны зүүн талын гол хаалган дээр өглөө болгон орсон гарсан хүмүүстэй найрсаг сайхан мэндэлдэг залуу зогсдог болжээ. Тэр бол Дархан татах хэсгийн харьяа Сүхбаатар депод ажиллаж байгаад шилжиж ирсэн үйлчилгээний ажилтан Д.Бөхбаяр байлаа. Тэрбээр ажилдаа ирсэн хүмүүсийг угтаж авсныхаа дараа шүүр, хүрзээ бариад зам талбайгаа цэвэрлэх ажлаа үргэлжүүлнэ. Түүний хичээл зүтгэлээр УБТЗ-ын Удирдах газрын хашааны цэвэр цэмцгэр байдаг нь хэний ч анхааралд өртдөг. Хотын төв хэсэгт ийм, цэвэрхэн цэцэрлэгт байгууламжтай газар бараг байхгүй биз ээ. Өөдлөх айл үүднээсээ гэж байгууллагынхаа өнгө төрхийг өргөх гэж хичээж яваа жирийн  нэгэн үйлчилгээний ажилтан Д.Бөхбаярын ажилч хичээнгүй, найрсаг сайхан зан төдий л удалгүй олны анхааралд өртөх болжээ. Хариуцсан ажилдаа үнэнч, уйгагүй хичээл зүтгэлтэй чанарыг нь олж харсан хүмүүс түүнтэй уулзаж ярилцахыг хүсч, туслаж дэмжихийг хичээнэ. Тэр тусмаа түүнийг Монголын төмөр замын нэрт зүтгэлтэн, Монгол Улсын гавьяат тээвэрчин Д.Дамбийбалжир агсны хүү гэдгийг сонсоод аргагүй л аавыгаа дуурайсан, ажилч хичээнгүй хүн юм байна гэж магтацгаана.

Түүний аав Д.Дамбийбалжир 1950-аад онд төмөр замын машинчийн курст суралцаж төгссөн анхны залуусын нэг байжээ. Сургуулиа төгсөөд Чойр өртөөнд сумчнаар ажлын гараагаа эхэлж, улмаар Сайншанд депод туслах машинчаас эхлээд орлогч  дарга болтлоо дэвшин ажиллажээ. Дараа нь 1975 онд Сүхбаатар депогийн даргаар томилогдон очиж, 25 жилийн турш тасралтгүй ажиллажээ.  Түүний эхнэр Шагдарын Ичинхорлоо нь мөн л төмөр замчин бөгөөд Чойр өртөөнд сумчнаас эхлээд Сайншанд, Сүхбаатар зангилаанд нярав, нягтлан хийж байгаад  тэтгэвэртэй гарчээ.

Д.Дамбийбалжир гуайнх есөн хүү, ганц охинтой, өнөр өтгөн айл байв. Бүх хүүхдүүд нь Сүхбаатар зүтгүүрийн депотой ажил амьдралаа холбож, төмөр замчид болцгоожээ. Тэдний дунд илчит тэрэгний машинч, засварчин, техникч, инженер, санхүүгийн ажилтан, тэр ч бүү хэл зүтгүүрийн элс зэхэгч, сонины идэвхтэн бичигч хүртэл бий. Тэр элс зэхэгч бол манай хөрөг найрууллын баатар Д.Бөхбаяр юм.

Д.Бөхбаяр айлын отгон хүү. Түүнийг дунд сургуулиа төгсөхөд аав нь аль хэдийн ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байлаа.  Нэг жил ажилгүй сул явж байтал 2007 онд нэг өдөр аавынх нь орлогчоор олон жил ажилласан, тухайн үеийн Сүхбаатар татах хэсгийн дарга Дагвын Галхүү тааралдаад “Алив миний машинд суу” гэжээ. Тэгээд “Маргааш цагаан цамцаа өмсөөд ажил дээр хүрээд ирээрэй” гээд шууд л Дархан татах хэсгийн Сүхбаатар зүтгүүрийн депогийн Нэгдсэн цехэд зүтгүүрийн элс зэхэгчээр ажилд авчээ. Ингэж Д.Бөхбаяр аавынхаа ажиллаж байсан газар, одоо аавынх нь нэрэмжит болсон Сүхбаатар зүтгүүрийн депод ажиллах болсондоо баярлаж байлаа. Түүнийг ажилд орсон анхны өдрөөс эхлэн Дагвын Галхүү даргаас гадна Дашдондогийн Батдорж, Болдсайханы Ууганбаяр болон ажлын хамт олон нь ихэд тусалж, дэмжсэнд Д.Бөхбаяр үргэлж талархаж явдаг ажээ.   

Сүхбаатар депогийн нэгдсэн цехэд нарийн ширхэгтэй нойтон элсийг Зүүнбаянгаас татаж авчирдаг байжээ. Түүнийг хатаахын тулд дизель түлш шатааж, галлагаа хийж, халаана. Нойтон элсийг бүүр хав хар болтол нь халаана. Бараг л гурил хуурч байгаатай адил. Ингэж өндөр градуст элсийг халаасны дараа, компресороор үлээлгэнэ. Д.Бөхбаярыг ажиллаж байх үед элсний зуухыг галлахдаа ашигласан дизель түлш болон машин техник арчсан хуучин даавуу шуувууг шатаадаг байжээ. “Манай машинч нар замд гарч ирээд ажлаасаа бууж, тэргээ хүлээлгэж өгөхдөө тос масло болсон хуучин муусайн алчуураа шууд манай элсний өрөө рүү өгдөг байлаа.  Одоо харин намайг Улаанбаатарт ирснээс хойш зуухаа шууд түлшээр галлаж, просункаар үлээлгэдэг болсон  гэнэлээ” гэж Д.Бөхбаяр хэллээ.

Элс бэлтгэх технологи нь шигшигдсэн элсийг конверээр дамжуулан тогоо руу оруулж, барбанд эргүүлж хатаана. Дараа нь хатаасан элсээ доошоо 500-ын гурван том баллон руу асгана. Тэгээд компресороор дээш нь хөөргөж резевер рүү шилжүүлж, нарийн хоолойгоор дамжуулж илчит тэргэнд ачдаг байна. Энэ бүх дамжлагад Д.Бөхбаяр ажиллаж байжээ. Тухайн үед Сүхбаатар депогийн элс халааж, хатаах хүчин чадал нь 6 тоннын хэмжээтэй байжээ. Элс бэлтгэгч Д.Бөхбаяр ажилдаа ирмэгцээ хамгийн түрүүнд галаа маш хүчтэй түлж, тогоогоо сайн халаахыг чухалчилдаг байжээ. Машинч ах нар нь “За миний дүү, элсээ сайхан дүүргээд өгөөрэй. Ах нь замд гарлаа шүү” гэнэ. Цас, бороотой, хальтиргаа гулгаатай үед түүний бэлтгэсэн хуурай элс шиг хэрэгтэй зүйл үгүй. Ингээд машинч нар баярласан сэтгэлээ илэрхийлээд алсын замд гарцгаадаг байжээ.

Ингэж л Д.Бөхбаяр ах дүү нартайгаа хамт 15 жил Сүхбаатар зүтгүүрийн депогийн Нэгдсэн цехэд элс бэлтгэгчээр ажиллаж байгаад 2022 онд Улаанбаатар хотод шилжин ирж Замын даргын ажлын албанд үйлчилгээний ажилтнаар ажиллах болжээ.

Уг нь Д.Бөхбаярын ажил өглөө 8 цаг 30 минутад эхлэх ёстой. Харин тэр өглөө болгон 6 цаг 15 минутад ажилдаа ирээд, хүмүүсийг ажилдаа цуглахаас өмнө амжиж орчин тойрны зам, талбайг сайтар цэвэрлэж хэвшжээ. Үүнийг тэрээр “Хүмүүсийг дөнгөж ажилдаа ирж байхад нь шороо манаргаад зогсож байлтай биш, цэвэр цэмцгэр угтах ёстой шүү дээ” гэнэ.

Түүний хувьд өглөө болгон эртлэн босоод олон сайхан хүмүүстэй уулзаж, мэндлэх шиг аз жаргал үгүй гэнэ. “Намайг цэвэрлэгээгээ дөнгөж эхэлж байхад өглөө болгон 6 цаг өнгөрөөгөөд манай Р.Раш дарга салхилах гээд ирдэг юм. Наваанжамбын Цэрэнноров даргын хөшөөний дэргэд хэсэг сууж байгаад явна. Р.Раш дарга надад, миний хүү, би чиний аавыг маш сайн мэднэ. Би Дамбий даргынхаа тухай ном бичиж байгаа. Мундаг хүн шүү дээ. Төмөр замыг нэвт шувт мэднэ. Зөвхөн нэг зүйлийг хэлэхэд л 1991 онд ОХУ-д бид хоёр хамт хуралд явсан юм. Тэгэхэд Оросын Зам тээврийн сайд Фатеев гэж хүн байсан. Тэр хүн эхлээд Дамбий даргатай уулзсан юм. Дамбий дарга Монголын төмөр замын талаар түүнд нүдэнд харагдтал нь ярьсан байж билээ. Дараа нь намайг түүний өрөөнд ороход энгэр дээр нь ОХУ-ын “Хүндэт төмөр замчин” тэмдэг зүүсэн байсан. Дараа нь надад энэ тэмдэгийг бас гардуулж өгсөн. Ингэж бид хоёр гурван улсын “Хүндэт төмөр замчин” тэмдэг хүртсэн анхны монгол хүн болж байж билээ. Хамгийн сүүлд аавтай чинь уулзахад, дугуй эргэж л байвал төмөр зам сайхан болно доо гэж хэлж билээ” хэмээн Д.Бөхбаяр бахархан ярилаа.

Ингэж л Д.Бөхбаяр бүхнээс эрт ирж, орчноо сайхан цэвэрлэчихээд Замын дарга нарыг ирэхэд нь хаалган дээрээ угтаж авдаг болсоор хоёр жил болж байна. 

“Нэг өглөө манай Л.Халтар дарга надтай мэндэлж, гар барьж уулзаад “За миний дүү, ажил хүнийг голно уу гэхээс, хүн ажил голдоггүй юм шүү. Миний дүү цаашаа дээшээ явна аа,” гээд мөрөн дээр минь алгадаж билээ. Тэгэхэд нь би, тэр хамаагүй ээ, би сайн ажиллана. Би энэ ажилдаа дуртай гэж хэлсэн.

Дараа нь Л.Халтар дарга Зам тээврийн яаманд очсон хойноо над руу утасдаад “Дүү хүү, яаман дээр нэг ирнэ байгаа” гэж дуудлаа. Яваад очсон нь өрөөндөө хүлээж аваад нэлээн юм ярьж суусан. Манай аавын тухай их сайхан дурсамж хуучилж, надад нэг гоё цаг, сайхан сэтгүүл бэлэглэсэн. Дараа нь “За дүүтэйгээ нэг сайхан зураг даруулна аа” гээд зургаа авахуулсан.  Тэгэхэд би их баярлаж билээ” гэж Д.Бөхбаяр хуучиллаа.

Д.Бөхбаяр ярих болгондоо өөрийнхөө тухай биш аав, ээж, ах дүү нарынхаа тухай, бусад сайхан хүмүүсийн тухай, баярлаж талархаж явдаг хүмүүсийнхээ тухай өгүүлнэ.  

“Манай аав ээж хоёр их мундаг хүмүүс байсан. Тэр их ажлын хажуугаар арван хүүхэд төрүүлж, өсгөсөн. Бүгдийг нь төмөр замчин болгосон. Хүргэн бэрүүд маань хүртэл төмөр замчид. Манайх олон банди нартай болохоор чинь хоол тэсгээхгүй. Ээж тогоо дүүрэн хоол хийнэ. Хүний өөрийнгүй шавчихна. Ихо эгч хоол хийчихсэн байгаа гээд депогийнхон их ирнэ. Манай аав, хаалгаа л түгжиж болохгүй шүү, байнга онгорхой байлгаарай. Гэрлээ л унтрааж болохгүй шүү, байнга асаалттай байлгаарай гэж ээжид хэлдэг байсан.

Манай Сэлэнгийнхэн манай ээж аав хоёрыг өндөр ээж, буурал дарга гэж хүндэтгэдэг байсан. Аав маань ажилчдадаа маш их хайртай байсан. Тээр хойно тэтгэвэртэй гарчихсан, бие нь муу байхдаа хүртэл Сүхбаатар депогоос ямар нэгэн шалтгаанаар ажлаасаа халагдсан хүмүүсийг ажилд нь эргүүлж авах талаар холбогдох дарга нарт нь хүсэлт тавьж байгаад бүгдийг нь ажилд нь оруулж байсан удаатай. Миний аав, ээжийн энэ сайхан чанарыг манай ах, дүү нар бүгд өвлөж авсан. Одоо тэд нар маань хүнд тус хүргэхсэн гэж бүгд л хичээж мэрийж явдаг. Би ч яахав найз нөхөд, ах дүү нартаа “Санхүү мөнгөөр тусалж чадахгүй ч гэсэн хэрэгтэй зүйлийг чинь бүтээхийн тулд танил тал, болж бүтэх гаргалгааг нь олох гэж зүтгэнэ шүү” л гэдэг. Манай найз нар намайг хүнд тус болох гээд уулгамч юм шиг зүтгэчихдэг гэмтэй гэж хэлдэг. Заримдаа би хальт сонссон зүйлээ ч бүтээгээд өгчих гээд байдаг дутагдалтай” гээд Д.Бөхбаяр инээлээ.

Үйлчилгээний ажилтан Д.Бөхбаярын гадна дотор ажил барагдахгүй. Нэг харахад гадаа цас мөс, навч, хог шүүрдэж байхад нөгөө харахад нярав, нягтлангийнхаа ажилд туслаад ширээ сандал, хайрцаг савтай зүйл зөөгөөд гүйж л явдаг. Хэний ч хүсэлт, гуйлтад татгалзаж үзээгүй энэ тусч чанар өнөө цагт ховордож байгаа билээ.

“Манай дээд талын ах нар төмөр замаас авах бүх шагналаа авцгаасан. Харин дараагийн ах нараас хоёр ах маань сая 75 жилийн ойгоор “Тэргүүний төмөр замчин” болсон. Бэр эгч маань “Төмөр замчны алдар” тэмдэгээр шагнагдсан. Цэрэгжүүлсэн хамгаалах албанд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан Д.Жаргалсайхан ах маань Замын аваргаар хоёр удаа шалгарч байсан. Сайхан юм аа, ах нартайгаа хамт байх. Би Сүхбаатар депогийнхаа аварга олон удаа болсон. Жил болгон л намайг шагнах гээд байдаг юм. Тэгэхээр нь би “Одоо больё, өөр хүн шагнаач” гэхээр “Сайн ажиллаж байгаа юм чинь шагналгүй яадаг юм” гээд л шагнадаг. Харин УБТЗ-ын хэмжээний шагнал огт авч байгаагүй шүү” гэж  Д.Бөхбаяр хэллээ.

Түүний хувьд ямар нэгэн шагнал гэхээсээ илүү өөрийн гэсэн гэр оронтой болж, өрх гэрээ төвхнүүлэхсэн гэж хичээж явна. “Одоохондоо ганц бие болохоор авсан хэд маань байрны түрээсээ байраа төлөөд амьжиргаанд маань хүрэлцээд л байна. Ажилтай байхад цаашдаа болох л байлгүй дээ.  Найз нөхөд, таньдаг хүмүүс намайг өөр ахиу цалинтай ажил хийгээч гээд дууддаг л юм. Яаж ч байсан сэтгэл зүрх маань төмөр зам руугаа татагдаад би хөдөлж чаддаггүй” гэж Д.Бөхбаяр хэллээ.

“Манай Төмөр зам сайхан шүү дээ. Намайг анх ажилд авсан Сүхбаатар депогийнхон болон Замын даргын ажлын албаныхандаа их баярлаж явдаг” гэж тэр яриагаа өндөрлөлөө.

Түүний амнаас ямагт сайн, сайхан гэх үгс хөвөрнө. Хүн болгонд талархалтай хандаж, сэтгэл догдлон ярихдаа ямагт бүтэн овог нэрээр нь дурдана. Энэ бас л одоо цагт нэгэн ховор чанар шүү. Ийм л энгийн мөртөө сэтгэл тэнүүн ажиллаж, амьдарч яваа эгэл төмөр замчнаар бахархахгүй байхын аргагүй.  

Намрын навчны шаржигнасан чимээ салхины аясаар алслан холдсоор л . . .   

 

Г.Энхбаатар