2024.07.18.

 

Ахмад инженер Д.Бадарч

 

Өнөө цагт дохиолол, холбооны системийн дэлхийн ханган нийлүүлэгчид орон нутгийн олон тооны өөр өөр стандартыг мөрдөөд байх боломжоор бага байна. Түүнчлэн худалдан авагчид тендерийнхээ өрсөлдөөнийг аль болох өндөр түвшинд байлгахыг хичээдэг зэргээс үндэслэвэл CENELEC стандарт нь явцдаа олон улсын зах зээлд төмөр замын удирдлагын автоматикийн системд хамаарах “цорын ганц”-аар тодрох магадлал өндөртэй байгаа юм. Нөгөө талаас CENELEC стандарт нь нийлүүлэгч, худалдан авагч талын ашиг сонирхлыг хангах боломжтой гэсэн тохирлын тогтолцоо албан ёсоор гарсан.

Мөн Европын улс бүрийг төлөөлсөн олон зуун мэргэжилтэн оролцож стандартыг улам боловсронгуй болгон ажиллаж байгаа ажээ.

Манай улсад энэ цогц гурван стандартын хоёрыг албажуулсан ба EN50126-ийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм. Үүнээс албажсан MNS 50129:2016 стандартын хамрах хүрээг зургаар харуулав.

 

Анхны болох EN50126 стандарт нь зөв ажиллагаа, ашиглалт, тогтвортой байдал, аюулгүй ажиллагааны тодорхойлолт ба үзүүлэлт (RAMS)-ыг чухалчлан авч үздэг.

Төмөр замын тээврийн системд RAMS-ийн бүрэлдэхүүн хэсгүүдийн практик ач холбогдол юу вэ? гэдгийг товч тайлбарлахыг оролдоё. Ер нь, төмөр зам аюулгүй гэдгийг олон нийт хүлээн зөвшөөрдөг, тухайлбал, авто тээврээс хамаагүй бага эрсдэлтэй гэж олон нийт үзэж байна. Хүлээлтийг гүйцэлдүүлэхийн тулд төмөр зам нь осол, авааргүй стратегиар дамжуулан өндөр түвшний аюулгүй байдлыг хангана. Эрсдэл хэзээ ч тэг болж чадахгүй тул аюулгүй байдал хэзээ ч зуун хувь байж чадахгүй. Энэхүү постулат дээр үндэслэн аюулгүй байдал гэдэг нь хүлээн зөвшөөрөгдөх аргагүй эрсдэлүүд байхгүйг хэлнэ гэж ойлгогдоно. Төмөр замын тээврийн системийг аюулгүй систем байхаар зохион бүтээж, ажиллуулж байгаа боловч бүх эрсдэлээс зайлсхийх боломж хомс юм. Энэ үлдэгдэл эрсдэл бага байх ёстой бөгөөд аюулгүй байдал нь эцсийн эцэст өндөр шаардлагыг хангах ёстой.

 

Найдвартай байдал, засвар үйлчилгээ, аюулгүй байдлын үндсэн ойлголт:

  • Найдвартай байдал (Reliability): Өгөгдсөн нөхцөл, заасан хугацаанд өөрийн чиг үүргийг гүйцэтгэх хөрөнгө \төхөөрөмж байгууламж\-ийн шинж чанар.

  • Бэлэн байдал (Availability): Тухайн төхөөрөмж байгууламжийн өгөгдсөн нөхцөлд эсвэл тухайн цагт, бүрдсэн нөхцөлд шаардлагатай функцийг гүйцэтгэх чадвартай байх шинж чанар.

  • Засвар авах чанар (Maintenability): Өгөгдсөн нөхцөлд төхөөрөмж байгууламж өөрийн чиг үүргээ гүйцэтгэж чадахаар засвар авах, сэргэх шинж чанар.

  • Аюулгүй байдал (Safety): Бие махбод болон эд хөрөнгөд хохирол учирч болзошгүй нөхцөлийг хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл хязгаарласан төлөв.

           

Аюулгүй байдал ба бэлэн байдлын хоорондын зөрчилдөөнийг хангалтгүй эсвэл зохисгүй удирдах нь холбогдох системийн хэрэгжилтэд нөлөөлж болзошгүй гэх утгаар найдвартай байдал болон бэлэн байдал харилцан хамааралтай байна.

Ажиллагааны аюулгүй байдлын зорилгод зөвхөн найдвартай байдал, засвар үйлчилгээний шаардлагыг биелүүлж, систем ажиллах орчинд урт хугацааны засвар үйлчилгээ, арга хэмжээ авснаар л хүрч болно.

EN50126 стандартаар аюулгүй байдлын удирдлагын тодорхой тооны үндсэн баримт бичгийг чухал гэж үздэг.

  • Системийн тодорхойлолтын баримт бичиг (System definition) нь төслийн ерөнхий ойлголтыг тодорхойлдог: Үндсэн функц, интерфейс гэх мэт

  • Аюулгүй байдлын удирдлагын төлөвлөгөө (Safety plan): "Хэн, хэзээ хийх ёстой вэ" гэж тодорхойлсон байна.

  • Аюулын бүртгэл (Hazard Log): Аюулыг тодорхойлох, удирдах бүх элементийг агуулдаг.

  • Эрсдэлийн шинжилгээний баримт бичиг (Risk analysis): Аюул тус бүртэй холбоотой эрсдэлийн дүн шинжилгээг агуулдаг.

  • Аюулгүй байдлын шаардлагын баримт бичиг (Safety requirements): Эрсдэлийг удирдахын тулд сонгосон бүх үйлдэл, арга хэмжээг тусгана.

  • Аюулгүй байдлын баримт бичиг (Safety case): Систем найдвартай гэдгийг нотолж харуулсан тохирлын тайлан.

Системийн аюулгүй байдлын зохион байгуулалттай холбогдох (Safety organisation) болон алдааны ба үйлдлийг хянах системийн (Failure report) элементийг  аюулгүй байдлын төлөвлөгөөнд (Safety Plan) харуулна.

Дүрэм, стандарттай холбоотой мэдээллийг аюулын бүртгэлд (Hazard Log) оруулж болдог.

Эрсдэлийн уламжлалт шалгуурын мэдээллийг (Risk acceptance criterion) эрсдэлийн шинжилгээний баримт бичигт (Risk analysis) харуулна.

Эдгээр бүх бичиг баримт шаардлагатай юу? Оператор (суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч) эсвэл үйлдвэрлэгч бид өөрөөсөө “Бид энэ бүх бичиг цаасны ажлыг тухайн цаг бүр, тэр дундаа жижиг төсөл болгон дээр хийх шаардлагатай юу?” гэж асууж болно.

Хариулт нь "Тийм, олон удаа." Тийм ээ, та бүх мэдээллийг өгөх ёстой, гэхдээ зарим тохиолдолд энэ нь нэг А4 хуудсанд багтаж болно.

Харин баримт бичгийг боловсруулаагүй бол төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой бүх аж ахуйн нэгжүүд харанхуйд байх болно. Бас ашиглалтад оруулах зөвшөөрөл олгох талаар аюулгүй байдлын байгууллагууд, түүнчлэн аюулгүй байдал болон төслийн үнэлгээний хэлтэс ч мөн байдалд байх юм (түрүүч нь Ган зам № 26, 27-д). Үргэлжлэл бий.