2023.06.30 Пүрэв гараг.Зөөлөн салхи сэвэлзсэн намуухан өглөө. Улаанбаатар өртөөний үүдэнд Сайншанд, Чойр, Дархан, Эрдэнэт гээд газар газрын төмөр замчид цуглажээ. Тэд “Онц хөдөлгөөнчин” тэмцээнд ур чадвар, эрдэм мэдлэгээрээ өрсөлдөөд зангилаа, хэсэглэлийн хэмжээний мэргэжил нэгтнүүдээсээ шалгаран гуравдугаар шат буюу “Замын аварга”-ын төлөө хүч үзэхээр ирсэн нь энэ. “Онц хөдөлгөөнчин” тэмцээний шийдвэрлэх шатны тэмцээнийг Дархан зангилаанд зохион байгуулахаар төлөвлөсөн ч галт тэрэгний хөдөлгөөний эрчимжилт, ажлын ачаалалаас шалтгаалан Багануур зангилаанд зохион байгуулсан юм. Ингээд шугам замын мэргэжил нэгтнүүдтэйгээ Улаанбаатар, Толгойт өртөөнийхөн нэгдэж, аян замдаа гарцгаав. 2013 оноос машинчийн бригад, холбогч найруулагчдын дунд зохиогдож байсан “Сэлгээ ур чадвар” тэмцээн Тээврийн хяналтын албаны санаачилгаар төмөр замын үндсэн мэргэжлүүд замчин, холбоочин, ачаа вагон хүлээлцэгч, өртөөний жижүүр, машинч, холбогч найруулагчдыг хамруулан “Онц хөдөлгөөнчин” хэмээх цогц тэмцээн болж байгаа юм.
Тэмцээнд оролцогсдын цуваа зогсолтгүй давхисаар зорьсон газартаа хүрч аяны дөрөө мултлав. Багануурын төмөр замчид мэргэжил нэгт нөхдөө халуун дотноор угтан авч, тэмцээн ч удирдамжийн дагуу эхэллээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн “Онц хөдөлгөөнчин” тэмцээнийг нээж, хэлсэн үгэндээ тус тэмцээний гол ач холбогдол нь галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, багаар ажиллах чадвараа сайжруулах, хамт олны дундах халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхэд оршиж буйг онцлон тэмдэглэв.
Энэ удаагийн тэмцээн “Онолын болон дүрэм, журмын мэдлэг сорих”, “Бодит байдлын ур чадвар сорих” гэсэн хоёр үндсэн хэсэгтэй бөгөөд хэсэг тус бүрдээ өөр өөр даалгаврыг оруулж зохиомжилсон нь оролцогчдод илүү сонирхолтойн дээр илүү өрсөлдөөнтэй болгожээ.
Онолын мэдлэг, багийн ажиллагааны цогц сорил
Оролцогчид зургаан баг бүрдүүлжээ. Чойр зангилааныхан цэнхэр өнгийн дүрэмт цамцаараа ижилссэн бол Эрдэнэтийн баг китлээр, Толгойтынхон ажлын цэнхэр хувцсаар, Улаанбаатарынхан цагаан цамцаар жигдэрчээ. Сайншандын баг бүр тэмцээндээ зориулж поло фудволк хийлгэж өмссөн харагдана. Ийнхүү онолын шат эхлэв. Тэмцээн зохион байгуулагчдын зүгээс “Баг багаараа бус мэргэжил мэргэжлээрээ нэг ширээнд сууцгаана шүү” хэмээн үүрэг өгснөөр жижүүрүүд, замчид, механикч, машинч нар гээд холилдон сууж даалгавраа биелүүлэхэд бэлэн болов. Хөндлөнгийн шүүгч нар тэдэнд “Та бүхэн бүгд өрсөлдөгчид, хүн тус бүрийн авсан оноо багийн оноонд чинь нөлөөлөх учраас нэг ширээнд суусан хүнээсээ тусламж авах, хэн нэгэнд туслах оролдлого зохисгүй болохыг анхаараарай” хэмээн санууллаа. Ингээд тэд мэргэжлийн холбогдолтой 50 асуулт бүхий тестийг 35 минутын хугацаанд бөглөх ажилдаа шуурхайлав. Нэг асуулт нэг оноо, энэ шатнаас гишүүн тус бүр багтаа 50 оноог авчрах боломжтой. Тэд даалгаврынхаа ач холбогдлыг сайтар ойлгосон бололтой танхимд ялаа ниссэн ч дуулдахаар хэмжээнд өмнөх тестдээ анхаарал хандуулж байв. Тест бөглөх цаг дууссаны дараагаар дэд багаараа бодлого бодох даалгавар авав. Тухайлбал, өртөөний жижүүр, туслах жижүүр, замын мастер, холбооны механикч нараас бүрдсэн дэд баг “Хэвийн бус үед ажиллах бодлого”, холбогч, найруулагч, машинч, туслах машинч нар “Сэлгээний ажлын бодлого”, Ачаа вагон хүлээлцэгчдийн болон вагон үзэгчдийн баг тус тусынхаа мэргэжлийн чиглэлийн бодлогыг бодох даалгавраар өрсөлдлөө. Дэд багийн бүрийн бодлого 10 оноотой бөгөөд, АВХ, Вагон үзэгч нарын бодлого таван оноотой аж. Ингээд тухайн даалгавраас багаараа нийт 30 хүртэлх оноог цуглуулах боломжтой.
35 минутын турш 50 асуулт бүхий тестэд бүх анхаарлаа төвлөрүүлж, үргэлжлүүлээд мэргэжлийн чиглэлийн бодлогод оюун бодлоо чилээсэн төмөр замчдын анхаарал тарамдаж, тасалгаан дахь дуу чимээ ихсэж ирэхтэй зэрэгцэн сэтгэн бодох, ажигч байдлыг шалгах тест бүхий багаараа IQ бодлого бодох даалгаврыг зохион байгуулагчдын зүгээс өглөө. Багууд нэг нэгнээсээ өрсөж оноо авахын тулд ширүүхэн өрсөлдөөн болж, хоорондоо ч бас хөгжилдөөд авлаа. Тарамдаж эхлээд байсан анхаарал хэдийнээ идэвхжсэн нь илэрхий. Гэсэн ч хэсэг хугацааны дараа олон хүн цугларсан танхимд агаарын солилцоо багасаж, оролцогчид дахиад л нозоорох аятай болов. Яг энэ үетэй зэрэгцээд оролцогчдыг гадна талбайд урилаа. Энд тэмцээний эхний шатны сүүлийн даалгавар болох багийн ажиллагаагаараа өрсөлдөх талбар бэлэн болсон байв. Тэд аягатай усыг хамгийн богино хугацаанд хоорондоо буухайчлан дамжуулсаар шилэн савыг усаараа дүүргэж, дараа нь аягаа хураах ёстой. Аягыг бүрэн хураасны дараа нэг ч гишүүн гараа тавилгүйгээр том цагираг дундуур сүлжин гарч, хамгийн сүүлчийн оролцогч цагаригийг тогтоосон цэгт хүргэснээр даалгавар дуусах юм. Тэмцээний гүйцэтгэлийг нэгдүгээрт багийн зохион байгуулалтад хэр сайн орж байгаа, мөн хамгийн богино хугацаанд гүйцэтгэж чадсан зэргээр дүгнэх журамтай. Эхний багууд эвээ олохгүй түүртэж, цаг алдсан бол дараагийн багууд өмнөх багаасаа туршлага судлан улам төгсөрсөөр байлаа. Нэг ёсондоо хамгийн сүүлийн дарааллыг сугалсан азтай багт илүү боломж олдсон гэсэн үг. Гэхдээ дараагийн шатанд алдсан оноогоо хэд дахин нугалж нөхөх боломж ч хэн хэнд нь бий.
Мэдлэг, туршлага, зохион байгуулалт шаардсан ур чадварын “даваа”
Үдээс хойш тэмцээний хоёрдугаар хэсэг эхэллээ. Вагон үзэгчид бүгд гэмтэл илрүүлэхээр шуурхайлан гарчээ. Даалгаврын гүйцэтгэл цаг минутаар эрэмбэлэгдэх учраас тэдэнд өөр тийш анхаарлаа сарниулах сэхээ ч алга. Урьдчилан бэлтгэсэн гэмтэлтэй вагонуудын доогуур шургаж, мөлхөж, алхаараа тогшиж, зарим эд ангийг нь тэмтэрч, бас ажиглаж үзэх гээд л ёстой таван мэдрэхүйгээ зэрэг ажиллуулан гүйлдсээр. Хашир байцаагч нар тэдний ур чадварыг сорихын тулд ямар ч гэмтлийг хаана ч нуусан байж магадгүй. Хяналтын шүүгч нар бал цаас барин тус бүрд нь хяналт тавина. Илрүүлсэн гэмтлийг нь цаг минуттайгаар дор бүр нь тэмдэглэж харагдана. Ачаа вагон хүлээлцэгч нар ч тэдний цаахантаа тавьсан вагон дээр ур чадварын сорилд оржээ. Тэдэнд бүрэлдэхүүнд ачаа тээврийн үзлэг хийж, илэрсэн үл тохирлыг технологит хугацаанд арилгах даалгавар ногдсон байна. Вагоны хаалга, нээлхийний түгжээ дутуу хаагдсан, эрэг боолт нь суларсан,тэр ч бүү хэл вагоны дотор үйлчлүүлэгчийн ачааг гэмтээж болохуйц жижиг хадаас хаа нэгтээ ёрдойсон байх гээд мөн л тааварлашгүй, санаанд оромгүй зохиомол гэмтлүүд тэднийг хүлээж байгаа. Гэхдээ хоёрдугаар хэсгийн тэмцээнээс хамгийн түрүүнд вагончид болон ачаа вагон хүлээлцэгч нар даалгавраа бүрэн биелүүлж, үнэлгээгээ авсан. Энэ бол тэдний мэргэжлийн онцлог, ажлын технологийн ялгаа.
11 дүгээр зам дээр сэлгээний бригадын ур чадварын өрсөлдөөн ширүүхэн болж харагдана. “Гараа” гэсэн самбараас зүтгүүрийн бригадууд ТЭМ18ДМ серийн илчит тэрэгний гэмтлийг илрүүлж, засаад бүрэлдэхүүнд холбоно. Холбогдох үйл явц огцом түлхэлтгүй, зөөлхөн байх ёстой. Үүнийг нь шалгах тест болгож авто угсраан дээр аягатай ус тавьжээ. 120 тоннын даац бүхий нүсэр техникийг аягатай ус цалгихгүй хэмжээнд удирдана гэдэг жирийн хүний санаанд багтамгүй. Гэхдээ энэхүү гүйцэтгэлийг холбогч, найруулагчийн оновчтой дохио, машинчийн бригадын торгон мэдрэмж, ур чадварын нарийн уялдааны үндсэнд төгс хийх боломжтой аж. Нэг ёсондоо дөрвөн хүний мэдлэг, ур чадвар, практик нэг хүн шиг нийцэж, хоорондоо ойлголцож байж даалгаврыг амжилттай гүйцэтгэнэ. Машинчийн бүхээг рүү явж орвол Дархан зангилааны баг даалгавраа гүйцэтгэж байлаа. Зүтгүүрийн бригад гэмтлийг олох гэж нэлээд будилж байгаа харагдав. Байсхийгээд л чанга сигнал дуугарна. Ингэсээр даалгавар гүйцэтгэх цаг ч дуусаж, дараагийн үйл ажиллагаа болох холбож, найруулах шатандаа шилжсэн юм. Энэ үеэр ялангуяаТЭМ2 серийн зүтгүүрээр сэлгээний хийдэг машинч нар ТЭМ18ДМ серийн зүтгүүрээр даалгавар гүйцэтгэхдээ бага зэрэг туршлагагүйтэж байгаа нь ажиглагдсан. Зүтгүүрийн бригад 24 тоннын жинтэй нэг, 22 тоннын жинтэй хоёр хоосон вагон бүхий бүрэлдэхүүнийг амжилттай холбосны дараа 25 км/цагийн хурд авч, “Улаан самбар”-т яг тааруулан зогсох даалгаврыг биелүүлнэ. Үүнийг гүйцэтгэхдээ гар станц ашиглахгүй зөвхөн найруулагч нарын шар дарцаг, шүгэлийн дохиогоор хийх ёстой. Улаан самбарт хамгийн ойр зогсож чадсан машинч нь хамгийн өндөр мэдрэмжтэйгээр нэрлэгдэж оноогоо бүрэн авна.Мөн л мэдрэмж, ур чадвар шаардсан амаргүй даалгавар. “Улаан хивс тааруулж зогсох” ур чадварыг машинч бүхэн олон жилийн дадал туршлагаараа эзэмшдэг учиртай. Ямар нэгэн хүндэтгэлийн үйл ажиллагаанд очихоор бол эрхэм хүндтэй зочдыг яг л улаан хивсэнд тааруулж буулгана гэсэн үг. Зарим машинч нь жолоодож үзээгүй зүтгүүр дээрээ туршлагагүйтсэн бол зарим нь хэт бардаж байж алдах тохиолдол ч гарав.
Чансаа шалгасан даалгавар
Жижүүрийн удирдлагын самбар/пульт/ дээр М13 дохионы ард сум №11, №21 СПС улайж, сум гуйвж дохио нээгдэхгүй болсныг заав. Дохионд орж ирээд зогссон галт тэргийг яаралтай явуулахгүй бол дараа дараагийн галт тэрэгний хөдөлгөөнд саад учирна. Тиймээс технологийн дагуу нэн тэргүүнд туслах жижүүр тухайн гэмтэл гарсан цэг рүү яаралтай очиж зам суманд гадна үзлэг хийн, бодит байдлыг пультны заалттай албан ярилцлагын дэлгэмээр тулгах ёстой. Ингээд газар дээрээс нь бодит байдлыг холбооны механикч, замын мастер хоёрт мэдэгдсэнээр хамтарсан шалгалт хийж эхлэх юм. Тэд гэмтлийг илрүүлж чадахгүйд хүрвэл билет газарчаар сумыг албадан гуйвуулж, галт тэргийг хүлээн авч, явуулна. Ингээд туслах жижүүр, замын мастер, холбооны механикч гурав дараагийн галт тэрэг орж ирэхээс өмнө гэмтлийг олж илрүүлэн засах үүрэгтэй. Чухамдаа тэмцээн зохион байгуулагчдын зүгээс дээрх даалгаврыг өгөв. Тэд үндсэн дохиог улайлгасан нэг, дагалдах хоёр гэмтлийг шилжих тахирын 3300-ын тороосонд нэвтрэлт өгөх байдлаар зохиомжилжээ. Энэ даалгаврыг гүйцэтгэл ёстой л “Сүүлийн тэмээний ачаа хүнд” гэдэг үгийг санагдуулж байв. Хамгийн эхэнд өртөөний жижүүр оновчтой мэдээлэл өгөхгүй бол туслах жижүүр нь тэс өөр цэгт гэмтлийг хайж цаг алддаг аж. Дараа нь холбооны механикчийн ур чадвар, замын мастерын ажигч, гярхай, туршлагатай байдлаас бүх зүйл шалтгаалдаг юм байна. Баг бүр өөр өөрсдийн гүйцэтгэлээр тухайн гэмтлийн шалтгааныг хайж байсан бол тэд нэг л нийтлэг алдаа гаргасан нь “Зам суманд гадна үзлэг хийн, бодит байдлыг пультны заалттай албан ярилцлагын дэлгэмээр тулгах” гэсэн журмыг хэн хэн нь хэрэгжүүлэхгүй байв. Үүнээс улбаалан гэмтлийг олж тогтоох явц улам удааширч байлаа. Уг нь энэ заалтыг мөрдөж буй байдал багийн оноонд чухал нөлөөтэй. Гэвч бүгд алдаж байгаа учраас шүүгчид харьцангуй уян хатан хандаж, гэмтлийг олж илрүүлэх байдалд нь илүү төвлөрсөн. Байцаагч нарын хувьд “Чигжээсний үе бохирдсон, хамгаалах бүрээс хийгээгүй зэргээс шалтгаалж ялангуяа бороо орсон үед чигжээсний үеэр дамжиж нэвтрэлт гарах тохиолдол их гардаг. Манайхан энэ гэмтлийг олохгүй байх тохиолдол гардаг учраас дадлага суулгах үүднээс энэ даалгаврыг өгсөн юм. Уг нь мэдээлэл дамжуулах, ажиглалт хийх, шалгаж үзэх гээд бүх технологийн процесс эрэмбэ дараалалтайгаа дүрэм журмын ном дээр бичээстэй байгаа” гэцгээж байв. Тухайн даалгаврыг гүйцэтгэх явцад зарим нь “Ийм толгой эргүүлсэн даалгаврыг хэн мэдэх вэ дээ” хэмээн цухалдах нэг нь байсан бол Замын II ангийн XXI хэсгийн мастер Б.Хосбаяр туршлага, ур чадвараар бусдаасаа ялгарч байлаа. Гэхдээ тухайн даалгавар нэг хүнээс бус багийн ажиллагаагаар дүгнэгдэх зарчимтай.
Толгойтынхон тэргүүлж, Улаанбаатарчууд удааллаа
Тэмцээн нар жаргахтай зэрэгцэн өндөрлөлөө. Энэ үеэр Эрдэнэт өртөөний вагонүзэгчБ.Раднааравжир, өртөөний жижүүр Б.Билгүүн, Улаанбаатар татах хэсгийн I цувааны машинч Г.Энхбаяр нар “Онц хөдөлгөөнчин” тэмдгээр энгэрээ мялаалгав. Мөн“Шилдэг вагон үзэгч”-ээр Дархан өртөөнийвагонүзэгчМ.Энхбаатар “Шилдэгачаавагонхүлээлцэгч”-ээр Сайншанд өртөөний АВХД.Цэнд-Аюуш, “Шилдэгзамынмастер”-аарЗамын III ангийнIV хэсгийнмастер С.Батхишиг, “Шилдэгхолбоонымеханикч”-аарТолгойтшугамын хэсгийн механикчЭ.Шинэ-Од, “Шилдэгзүтгүүрийнбригад”-аарУлаанбаатар татаххэсгийн машинч Н.Алтанхуяг, туслах машинч Х.Бэлэгдэмбэрэл, “Шилдэгнайруулагчийнбригад”-аар Улаанбаатарөртөөнийхолбогч Б.Ууганбаатар, найруулагчЦ.Батболд, “Шилдэгөртөөнийжижүүр,туслахжижүүр”-ээр Улаанбаатар өртөөний жижүүрД.Баасандорж, туслах жижүүр Д.Долгормаа нар шалгарсан билээ. Энэ удаагийн “Онц хөдөлгөөнчин” тэмцээний “Шилдгийн шилдэг оролцогч”-оор Толгойт өртөөний жижүүр Э.Ган-Өлзий тодров. Багийн нийлбэр оноогоор харин Толгойт зангилааныхан тэргүүлж, Улаанбаатар, Эрдэнэт зангилааны баг дэд болон гуртгаар байрыг эзэлсэн билээ.Ийнхүү өрсөлдөөнтэй, хөгжөөнтэй, мэдлэг туршлага сорьсон тэмцээн Багануур зангилаанд амжилттай болж өндөрлөсөн юм. Тэмцээний үеэр мэргэжил нэгтнүүдээ хошуучилж “Шилдгийн шилдэг оролцогч”-оор тодорсон Толгойт өртөөний жижүүр Э.Ган-Өлзий “Би УБТЗ-д 15 дахь жилдээ ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд Замын-Үүд, Сайншанд, Дархан, Толгойт гээд замын бүх хэсэглэлд ажиллалаа. Шинэлэг зохион байгуулалтаар, илүү өргөн хүрээнд болсон “Онц хөдөлгөөнчин-2023” тэмцээнд оролцоод хичээл зүтгэлээ ийм өндөрт үнэлүүлсэндээ баяртай байна. Манай салбарт шинэ залуус хүч түрэн орж ирж байгаа нь тэмцээнд оролцогчдын насны байдлаас ч илт харагдаж байна. Тээврийн хэмжээ нэмэгдсэн, шинэ залуу ажилтнууд олширсон энэ үед ийм төрлийн тэмцээнийг мэргэжил бүрийн оролцоотой, илүү сонирхолтой хэлбэрээр зохион байгуулж байгаа нь маш өндөр ач холбогдолтой, үр өгөөжтэй үйл явдал боллоо” гэв.
Дараа жилийн “Онц хөдөлгөөнчин-2024” тэмцээний III шатны шалгаруулалтыг Эрдэнэт зангилаанд зохион байгуулахаар товлолоо.
Б.Дэлгэрхишиг
