Анх 2013 оноос машинчийн бригад болон холбогч найруулагчдын дунд зохион байгуулагдаж ирсэн “Сэлгээ ур чадвар” тэмцээн Тээврийн хяналтын албаны санаачилгаар өргөжиж, төмөр замын үндсэн мэргэжлийн ажилтнууд болох замчин, холбоочин, ачаа вагон хүлээлцэгч, өртөөний жижүүр, машинч, холбогч найруулагч, цэрэгжүүлсэн хамгаалалтын албаныхныг хамарсан “Онц хөдөлгөөнчин” цогц тэмцээн болж өргөжсөн. Тус тэмцээн нь төмөр замын хөдөлгөөний аюулгүй ажиллагааг хангахад оролцдог мэргэжилтнүүдийн онолын мэдлэг, практик ур чадвар, багаар ажиллах чадамжийг сорьж, шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.
“Онц хөдөлгөөнчин-2026” тэмцээнд оролцогчид ур чадвар, эрдэм мэдлэгээрээ өрсөлдөн, зангилаа болон хэсэглэлийн шатны шалгаруулалтад мэргэжил нэгтнүүдээсээ манлайлан шалгарчээ. Ийнхүү гуравдугаар шат буюу “Замын аварга” цолны төлөө өрсөлдөхөөр Улаанбаатар, Сүхбаатар, Дархан, Чойр зангилаа, Баянтүмэн тасгийн шилдэг багууд Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж, авхаалж самбаа, мэдлэг чадвараа сорин өрсөлдсөн юм.
Тэмцээний энэхүү шат нь төмөр замын салбарын шилдэг хөдөлгөөнчдийг тодруулахын зэрэгцээ оролцогчдын мэргэжлийн ур чадвар, багаар ажиллах чадамж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах мэдлэг, туршлагыг бодит нөхцөлд үнэлсэн онцлогтой байлаа. “Онц хөдөлгөөнчин-2026” тэмцээн “Онолын мэдлэг болон дүрэм, журмын мэдлэг сорих”, “Бодит нөхцөлд ур чадвар сорих” гэсэн хоёр үндсэн төрлөөр явагдсан бөгөөд төрөл тус бүрд оролцогчдын мэргэжлийн онцлогт тохирсон даалгавруудыг багтаан зохион байгуулжээ. Ийнхүү тэмцээний агуулга, хэлбэрийг илүү бодит нөхцөлтэй уялдуулан боловсруулсан нь оролцогчдын сонирхлыг татаж, өрсөлдөөний уур амьсгалыг улам нэмэгдүүлсэн байлаа. Тэмцээний онолын шат эхлэхэд хөндлөнгийн шүүгчид тэмцээний дүрмийг танилцуулж, “Та бүхэн бүгд өрсөлдөгчид. Хүн бүрийн авсан оноо багийн нийт дүнд нөлөөлнө. Иймээс нэг ширээнд суусан хүнээсээ тусламж авах, эсвэл бусдад туслах аливаа оролдлого дүрмийн зөрчилд тооцогдоно” хэмээн анхааруулав. Оролцогчид мэргэжлийн мэдлэг шалгах 50 асуулт бүхий тесттэй, асуулт бүр нэг онооны үнэлгээтэй бөгөөд оролцогч бүр багтаа 50 хүртэлх оноог авчрах боломжтой. Тэмцээний эхний сорил төмөр замчдын онолын мэдлэг, дүрэм журмын ойлголт, мэргэжлийн бэлтгэлийг бодитоор шалгах чухал шалгуур болж байв. Онолын мэдлэг шалгах тестээс гадна оролцогчдын сэтгэн бодох чадвар, ажигч гярхай байдал, багаар ажиллах ур чадварыг сорьсон IQ бодлогын даалгаврыг зохион байгуулагчид бэлтгэжээ.
Энэхүү сорил нь зөв хариулт олохоос гадна багийн гишүүдийн харилцан ойлголцол, логик сэтгэлгээ, асуудлыг богино хугацаанд хамтран шийдвэрлэх чадварыг үнэлснээрээ онцлог байв. Буухиа тэмцээнээр оролцогчид эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, онцгой байдлын үед яаралтай арга хэмжээ авах зэргээр өрсөлдсөн юм. Үдээс хойш тэмцээний хоёрдугаар шат эхэлж, онолын мэдлэгийн өрсөлдөөн бодит нөхцөл дэх ур чадварын сорилоор үргэлжиллээ.
Төмөр замын үндсэн мэргэжил бүр өөр өөрийн ажлын байртай төстэй орчинд мэдлэг, туршлага, авхаалж самбаагаа сорих даалгавар хүлээн авсан юм. Вагон үзэгчид урьдчилан бэлтгэсэн гэмтэлтэй вагонуудад үзлэг хийхээр шуурхайлав. Даалгаврын гүйцэтгэлийг зөвхөн илрүүлсэн гэмтлийн тоогоор бус хугацаагаар нь үнэлэх тул оролцогч бүр секундтэй уралдав. Тэд вагон доогуур шурган орж, эд анги бүрийг нарийвчлан ажиглаж, алхны тогшилт, гарын мэдрэмж, харааны ажиглалтаа хослуулан ажиллах нь жинхэнэ мэргэжлийн ур чадварын шалгалт болж байлаа.
Зохион байгуулагчид болон хашир туршлагатай шүүгчид гэмтлүүдийг санаанд оромгүй газруудад нуусан нь оролцогчдоос өндөр төвлөрөл, ажигч чанарыг шаардсан юм. Хяналтын шүүгчид оролцогч бүрийн илрүүлсэн гэмтэл, гүйцэтгэсэн хугацааг тухай бүр тэмдэглэн үнэлж байв. Үүний зэрэгцээ ачаа вагон хүлээлцэгчид өөрсдийн ур чадварын сорилыг гүйцэтгэв. Тэдэнд ачааны бүрэлдэхүүнд техникийн үзлэг хийж, илэрсэн үл тохирлыг тогтоосон технологийн хугацаанд арилгах даалгавар өгчээ. Вагоны хаалга, нээлхийн түгжээ бүрэн хаагдаагүй байх, эрэг боолт суларсан, тэр бүү хэл үйлчлүүлэгчийн ачаанд гэмтэл учруулж болзошгүй жижиг хадаас, ирмэг зэрэг үл анзаарагдам зөрчлийг хүртэл илрүүлэх шаардлагатай. Эдгээр сорил нь зөвхөн онолын мэдлэгээр бус ажлын туршлага, анхаарал төвлөрөл, хурд, зохион байгуулалт, аюулгүй ажиллагааны соёлыг бодитоор шалгасан нь тэмцээний хамгийн сонирхолтой бөгөөд өрсөлдөөнтэй хэсгүүдийн нэг болж байв. Зүтгүүрийн бригадын ур чадварын сорил ч мөн үзэгчдийн анхаарлыг татсан сонирхолтой даалгавруудын нэг байлаа.
“Гараа” гэсэн дохио өгөгдөхөд оролцогчид илчит тэрэгний урьдчилан бэлтгэсэн гэмтлийг илрүүлэн засварлаж, дараа нь бүрэлдэхүүнтэй холбох ажиллагааг гүйцэтгэх ёстой. Гэвч энэ нь энгийн нэгэн холболтын ажил биш. Бүрэлдэхүүнтэй холбогдох үйл явц ямар нэгэн огцом түлхэлт, доргилтгүй, аль болох зөөлөн явагдах шаардлагатай. Үүнийг шалгахын тулд зохион байгуулагчид авто угсрааны дээр цэнхэр өнгийн хөнгөн хайрцаг байрлуулжээ. 120 тоннын даацтай аварга том техник хэрэгслийг хөдөлгөж байхдаа дээр нь тавьсан эд зүйлийг унагахгүйгээр удирдана гэдэг жирийн хүний төсөөлөхөд бэрх нарийн ажиллагаа юм. Харин төмөр замчдын хувьд энэ нь хамтын ажиллагаа, мэргэжлийн ур чадварын төгс зохицлыг илэрхийлэх сорил юм. Холбогч найруулагчийн оновчтой дохио, машинч болон туслах машинчийн мэдрэмж, хөдөлгөөний зөв тооцоолол, харилцан ойлголцол зэрэг бүх хүчин зүйл нэгэн зэрэг зөв ажиллаж байж даалгавар амжилттай хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл, энэ сорил нь дөрвөн хүний мэдлэг, туршлага, практик ур чадвар нэг хүний үйлдэл мэт уялдан нийцэж, нэгэн зорилгын төлөө төгс хамтран ажиллахыг шаардсан жинхэнэ багийн ажиллагааны шалгуур байв. Иймээс зүтгүүрийн бригадын үзүүлбэр нь зөвхөн техник жолоодох чадварыг бус, харилцан итгэлцэл, мэргэжлийн сахилга бат, олон жилийн дадлага туршлагын үнэ цэнийг тод харуулж чаджээ.
Замын мастеруудын ур чадварын сорил ч мөн өндөр төвлөрөл, туршлага шаардсан даалгавруудын нэг байлаа. Тэдэнд замын аж ахуйн байгууламжид урьдчилан бэлтгэсэн арван гэмтлийг арван минутын дотор илрүүлэх үүрэгтэй. Энэхүү даалгавар нь оролцогчдын мэргэжлийн мэдлэгээс гадна ажигч гярхай байдал, практик туршлага, богино хугацаанд зөв дүгнэлт хийх чадварыг шалгасан юм. Шалгалтын талбайд жааз зам төмрийн угийн эпюр тохироогүй, баруун рам шамралттай, сахал зам төмрийн уулзварт шулуун замын цариг 1515 мм болсон, баруун жааз зам төмрийн боолт суларсан, 62 дугаарын хоёрдугаар үеийн гэмтэл үүссэн зэрэг олон төрлийн зөрчил, гэмтэл байв. Эдгээрийг илрүүлэхийн тулд замын мастерууд замын бүтцийн элемент бүрийг нягтлан шалгаж, хурдтай атлаа алдаа мадаггүй ажиллах шаардлагатай болсон.
Ур чадварын энэхүү сорилд Сүхбаатар зангилааны замын мастер Н.Эрдэнэсүх, Улаанбаатар өртөөний замын мастер Н.Ууганбаяр, Баянтүмэн тасгийн замын мастер С.Батбаяр, Дархан зангилааны замын мастер Б.Доржсүрэн, Чойр зангилааны замын мастер Д.Гантогтох нар өрсөлдлөө. Энэ төрөлд Улаанбаатар өртөөний замын мастер Н.Ууганбаяр онцгой амжилт үзүүлж, арван гэмтлийг найман минут гаруйн хугацаанд бүрэн илрүүлэн бусад оролцогчдыг тэргүүлсэн юм. Түүний үзүүлсэн хурд, нарийвчлал нь замын аж ахуйн ажилтнаас шаардагдах мэргэжлийн ур чадвар, туршлагын тод илэрхийлэл болж байлаа. “Шилдэг паркийн харуул”-аар Улаанбаатар цэрэгжүүлсэн хамгаалалтын ангийн паркийн харуул Э.Золжаргал, “Шилдэг замын мастер”-аар Замын I ангийн мастер Н.Эрдэнэсүх, “Шилдэг холбооны механикч”-аар Дохиолол холбооны I ангийн холбооны механикч Д.Гантулга, “Шилдэг вагон үзэгч”-ээр Улаанбаатар Техник үйлчилгээний газрын вагон үзэгч Н.Энхжавхлан, “Шилдэг ачаа вагон үзэгч”-ээр Улаанбаатар өртөөний ачаа вагон хүлээлцэгч Б.Бат-Эрдэнэ, “Шилдэг зүтгүүрийн бригад”-аар Сүхбаатар эргэх депогийн зүтгүүрийн машинч Б.Адъяа, туслах машинч А.Нямдаваа, “Шилдэг найруулагч бригад”-аар Чойр өртөөний галт тэрэгний найруулагч Х.Батхишиг, туслах найруулагч Ө.Базарзагд, “Шилдэг өртөөний жижүүр, туслах жижүүр”-ээр Чойр өртөөний жижүүр А.Энхжавхлан, “Шилдгийн шилдэг оролцогч”-оор Замын II ангийн мастер Н.Ууганбаяр нар тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.
Багийн нийлбэр оноогоор харин Улаанбаатар зангилаа тэргүүлж, Сүхбаатар, Чойр зангилаа удаалав.
Тэмцээний ач холбогдлыг дүгнэхэд, “Онц хөдөлгөөнчин” тэмцээний үнэ цэн нь зөвхөн түрүүлж, аварга шалгаруулахад оршдоггүй. Харин энэхүү тэмцээнд оролцох нь өөрөө нэр төрийн хэрэг юм. Учир нь зангилаа, хэсэглэл бүрийн шилдэг ажилтнууд нэг дор цуглаж, өөр өөрийн туршлага, арга барил, мэдлэг ур чадвараа сорин өрсөлдөхийн зэрэгцээ бие биенээсээ суралцаж, шилдэг туршлагаа солилцдог. Энэ нь мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхээс гадна хамтын ажиллагааг бэхжүүлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах соёлыг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулдаг билээ.
П.Түмэндэмбэрэл
