Хөдөлгөөнтэй холбоотой ажил үүрэг гүйцэтгэж буй төмөр замчдын мэргэжлийн болон хувь хүний ур чадваруудыг сорьж, ээлжийн нэгдсэн бригадын уялдаа холбоог сайжруулах, өртөөдийн ажилтнуудын дунд харилцан туршлага судлуулах замаар хамтын үйл ажиллагааг сайжруулах зорилт бүхий “Онц хөдөлгөөнчин-2024” тэмцээний төвийн хэсгийн хоёрдугаар шатыг энэ сарын 18-нд Толгойт өртөөнд зохион байгуулав. Нэгдүгээр шатны тэмцээнийг тухайн өртөө тус бүрдээ зохион байгуулж, шилдгээр шалгарсан багууд ийнхүү хоёрдугаар шатанд оролцож буй юм. Энэ удаагийн тэмцээнд Улаанбаатар, Амгалан, Толгойт, Багануур өртөөний шилдэг багууд тус бүр 10 хүний бүрэлдэхүүнтэй оролцож, мэдлэг сорих тест, мэргэжлийн холбогдолтой бодлого, IQ сорил, ур чадвар гэсэн үндсэн дөрвөн шалгуур үзүүлэлтээр өрсөлдөв. Үүнээс багийн гишүүдийн нийлбэр оноогоороо Улаанбаатар өртөөний баг тэргүүлж, Толгойт, Багануур, Амгалан гэсэн дарааллаар удаах байруудыг эзэллээ. Тэмцээний ерөнхий шүүгчээр Тээврийн хяналтын албаны тээвэр зохион байгуулалт хариуцсан хяналтын байцаагч Д.Пүрэвдорж, Тээвэр зохион байгуулалтын албаны ГТХАБ хариуцсан байцаагч Н.Амаржав, Баярсайхан нар ажиллалаа. Мөн чиглэл бүрийн байцаагч нар хяналтын шүүгчээр оролцож, багуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө туслалцааг үзүүлж ажилласан юм.
Д.ПҮРЭВДОРЖ:ТЭМЦЭЭНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТАД САЙЖРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ ЗҮЙЛС БАЙНА
Тэмцээний үеэр Тээврийн хяналтын албаны байцаагч
-Энэхүү тэмцээнийг зохион байгуулсны үр дүнд ээлжийн нэгдсэн бригадуудын уялдаа холбоо сайжирч, харилцан бие биедээ тусалдаг зөв жишиг тогтоход тодорхой өөрчлөлт гарч байгаа. Гэхдээ одоогоор хангалттай хэмжээний өөрчлөлтийг авчирсан гэж хэлэхэд эрт юм. Цаашид жил бүр тогтмол зохион байгуулж, өндөр ач холбогдол өгснөөр бид хүссэн үр дүндээ хүрнэ гэсэн хүлээлттэй байгаа. Ялангуяа, хөдөлгөөнчид маань эрс залуужиж байгаа энэ үед ахмад үеийн туршлага маш их хэрэгтэй. Гэвч ажиллаж байгаа ахмад төмөр замчин алга. Тиймээс энэ тэмцээнд ахмад үеийг оролцуулах зохион байгуулалтыг бодлогоор хийж өгөх нь зүйтэй санагдлаа. Бас нэг зүйл анзаарагдсан нь тэмцээний гол зорилго нь аль болох олон хүнийг сургах, чадавжуулах. Гэтэл Улаанбаатараас оролцож байгаа бага л гэхэд түрүү жилийн тэмцээнд орсон хүмүүс байна. Ер нь, тэмцээн уралдаанд байнга ордог хүмүүс жил бүр хоорондоо өрсөлдөөд, бусад нь сугарч үлдээд байж болохгүй. Тиймээс удирдамждаа өөрчлөлт оруулах замаар энэ мэт учир дутагдалтай талуудыг нь засахад анхаарна. Бид жил бүрийн тэмцээнд өмнөх тэмцээний сул талуудыг засаж, давуу талыг улам сайжршуулахыг хичээдэг.
Б.ТУЛГА:УБТЗ-Д АЖИЛД ОРСНООСОО ЭХЛЭЭД Л ЭНЭ ТЭМЦЭЭНД ОРОХ СОН ГЭЖ БОДСОН
Улаанбаатар өртөөний туслах жижүүр
-Би УБТЗ-д гурав дахь жилдээ ажиллаж байна. “Онц хөдөлгөөнчин” тэмцээнд анх удаа оролцож байна. Өмнө нь “Сэлгээ-ур чадвар” нэрээр зохион байгуулагдаж байх үеэс нь оролцох юм сан гэж бодож байсан ч яг тэмцээний үеэр өвчтэй, чөлөөтэй таараад байсан. Энэ тэмцээнд зөвхөн байр эзлэхийн төлөө бус мэргэжил нэгтнүүдтэйгээ ур чадвараараа өрсөлдөж, тэднээс туршлага судлах, дээр нь танилын хүрээгээ нэмэгдүүлж буйдаа баяртай байна. Бодлогын даалгаврын хувьд туслах жижүүрийн мэдэж байх ёстой ганцхан томьёо байдаг нь орж ирсэн болохоор эргэлзэх зүйл гарсангүй. Харин тест бөглөх шатанд ганц хоёр эргэлзээтэй зүйл гарсан. Ямартаа ч өөрийнхөө бодсоноор бөглөөд л гарлаа. Манай багийн жижүүр, найруулагч хоёр үнэхээр туршлагатай хүмүүс. Тиймээс дараа дараагийн сорилуудад илүү өндөр оноо авна гэдэгтээ итгэлтэй байна гэв.
Тээврийн хяналтын албанаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус тэмцээнд өртөөний жижүүр, туслах жижүүр, холбогч, найруулагч, ачаа вагон хүлээлцэгч, машинч, туслах машинч, замын мастер, холбооны механикч, вагон үзэгч нар багийн зохион байгуулалтад орж өрсөлддөгөөрөө онцлогтой. Замын аваргаа тодруулах гуравдугаар шатны тэмцээнийг энэ жил Эрдэнэт өртөөнд зохион байгуулах аж.
