УБТЗ-ын мэргэжлийн ур чадвар сорих “Онц хөдөлгөөнчин” тэмцээний III шатыг тавдугаар сарын 30-нд Эрдэнэт өртөөнд амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнд Сүхбаатар, Эрдэнэт, Толгойт, Улаанбаатар, Чойр, Замын-Үүд зангилаа болон урилгаар Улсын баатар уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Тээвэр логистикийн төвийн хамт олон оролцож, мэргэжийн ур чадвар, авхаалж самбаагаараа өрсөлдлөө. Тэмцээний нээлтийн үеэр Замын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн “Энэхүү тэмцээн нь хөдөлгөөнтэй холбоотой ажилтнуудыг хөгжүүлэх, техникийн мэдлэгийг бататгах, хэвийн бус нөхцөл үүссэн үед ажиллах ур чадвар сорих, харилцан туршлага солилцох, багийн ажиллагааг сайжруулах зэрэг олон талын ач холбогдолтой” хэмээн онцлов. Түүнчлэн, энэхүү тэмцээн нь төмөр замчдын мэргэжлийн ёс зүй, нэр хүндийг өргөх, ажил мэргэжлээрээ бахархах сэдлийг төрүүлж, эерэг хандлагатай үлгэр жишээ, чадварлаг баг хамт олныг шалгаруулж урамшуулах зорилготойг тодотгосон юм. “Онц хөдөлгөөнчин” тэмцээн гурван үе шаттай өрнөж, хөдөлгөөнтэй холбоотой салбар нэгжүүдийн өртөөний жижүүр, туслах жижүүр, галт тэрэгний найруулагч, туслах найруулагч, машинч, туслах машинч, ачаа вагон хүлээлцэгч, вагон үзэгч, замын мастер, холбооны механикч нарын нийт 10 ажилтан зангилаа, бүсээс шалгарч оролцдог уламжлалтай. Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн “Энэ жилийн тэмцээний нэг онцлог нь “Эрдэнэт” ТӨҮГ-ын Тээвэр логистикийн төвийн хамт олон оролцсон явдал байлаа. Аюулгүй байдлын чиглэлээр УБТЗ бүхий л байгууллагуудтай хамтран ажиллаж, харилцан туршлага судалж, найдвартай, илтгэлтэй түнш байж ажиллахыг хичээдэг. Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахад ажилтан бүрийн үүрэг, оролцоо чухал. Иймд бид “Аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэх” зорилт тавин ажиллаж байна. Зөв хандлага, зөв дадал, ажлын хариуцлагыг эрхэмлэж, эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж, мэргэжил, хамт олноороо бахархаж ажиллахыг энэ тэмцээнээр үлгэрлэн харуулахыг зорилоо” гэв.
Ийнхүү мэргэжлийн ур чадвар сорих “Онц хөдөлгөөнчин” тэмцээний тэргүүн байрыг Эрдэнэт зангилааныхан эзэллээ. Харин дэд байрт Улаанбаатар зангилаа, гутгаар байрт Замын-Үүд зангилааны төмөр замчид тус тус шалгарлаа. Өртөөний шилдгээр Эрдэнэт өртөөний жижүүр Д.Эрдэнэдаваа, туслах жижүүр Д.Саруул, шилдэг найруулагчийн бригадаар Толгойт өртөөний найруулагч Г.Дүүрэнзаяа, туслах найруулагч Б.Найдан, шилдэг зүтгүүрийн бригадаар Улаанбаатар татах хэсгийн машинч Н.Алтанхуяг, туслах машинч Л.Энх-Амгаланбаатар нар шалгарав. Мөн Замын-Үүд өртөөний ачаа вагон хүлээлцэгч Д.Дангаасүрэн, Эрдэнэт ТҮГ-ын вагон үзэгч Э.Энхтөгс, Замын I ангийн II хэсгийн мастер Н.Эрдэнэсүх, Дохиолол холбооны I ангийн механикч О.Отгонбаатар нар тус тус ур чадвар, авхаалж самбаагаараа мэргэжил нэгт нөхдөө манлайллаа.
Түүнчлэн, шилдэг оролцогчоор Улаанбаатар татах хэсгийн туслах машинч Л.Энх-Амгаланбаатар шалгарав. Үзэгчдийн дундах тэмцээний ялагчаар Чойр өртөөний хөдөлгөөний техникч Т.Төмөрсүх шалгарч, Зүтгүүрийн аж ахуйн албаны авто тоормосын зааварлагч Б.Бямбабасан удаалав. Тэмцээний зохион байгуулалтад чухал үүрэг гүйцэтгэсэн Эрдэнэт зангилааны төмөр замчид болон Улсын баатар Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Тээвэр логистикийн хамт олонд зохион байгуулагчдын зүгээс талархал илэрхийллээ.
Э.Өнөрбаяр