Чойр хэсэглэлийн ачилтын олон өртөөний нэг Олон-Овоо өртөөний хувьд Замын хэмжээний буталмал чулуу үйлдвэрлэдэг Чулуун завод байрладгаараа онцлогтой. Цаашид Цомог зөрлөгийг тус өртөөний хоёр дахь парк болгон холбохоор төлөвлөж буй юм. Тус өртөө хоногт 100 вагон ачдаг гэнэ. Оны эхний дөрвөн сард 202488.09 тонн ачиж төлөвлөгөөг 128.80, вагоноор нь үзвэл 3051 вагон ачиж төлөвлөгөөг 127.13 хувиар тус тус биелүүлжээ. Ачааны нэр төрлөөр нь авч үзвэл нүүрс 74.38 хувь, цемент 13.07, шороо 9.12, төмрийн хүдэр 2.95, хоосон чингэлэг 0.44, төмөр замын эд анги 0.03 хувийг эзэлж байгааг өртөөний дарга танилцуулав. Мөн Тооцооны хэсгийн эрхлэгч М.Шинэбаяр “Манай өртөө нунтаг нурмаг ачаа ачдаг. 2022 онд тээврийн 25 тэрбум төгрөгийн орлоготой байсан. Харин 2023 онд тээврийн тариф нэмэгдсэнээр 47.8 тэрбум төгрөгийн орлого олж өмнөх оноосоо маш их хувиар өссөн. Үүнд экспортын нүүрсний тариф 20 хувиар нэмэгдсэн нь нөлөөлсөн. Энэ оны хувьд ч орлого тодорхой хэмжээгээр өсөхөөр байгаа” хэмээн танилцуулав. Түүнчлэн, өртөөний төмөр замчид үзлэгийн комиссоос технологийн 54 айлын орон сууц барих асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ.   

            Харин Чулуун заводын хувьд Олон-Овоо-2 ордын төслийг үргэлжлүүлэх шаардлагатай байгааг танилцуулсан юм. Тус ордыг ашиглалтад оруулбал дотооддоо бүрэн хангаад зогсохгүй гадны байгууллагад нийлүүлэх боломжтой гэнэ. Ашиглалтад оруулахын тулд гурван тэрбум төгрөгөөр агаарын шугам татах, мөн орд руу 5.5 км төмөр зам тавих зэрэг ажлыг шат дараатай бүтээн байгуулахыг комиссынхон онцолж байв. Мөн замын аж ахуйгаас гарсан дахин ашиглах боломжтой хуучин материал ашиглах талаар судалж үзэхийг Замын аж ахуйн албаны даргад үүрэг болгосон юм. Харин шинээр авахаар болсон бутлуурыг нийлүүлэх компани нь төлбөрийн 30 хувийг авсан хэр нь нийлүүлэхгүй удаж буйг Худалдан авах ажиллагаа, борлуулалтын албаны дарга хэлэв. Тиймээс худалдан авалтын үйл ажиллагааг яаравчлуулахыг холбогдох хүмүүст нь анхаарууллаа.