Энэ жил зуны эхэн сар гарчихаад байхад л тэнгэр нэг л хуйсгануур, хавар шиг аягласаар ... Харин зуны эхэн сарын хуучны 25-нд нар ээж, тэнгэр цэлмэг, салхи тогтуун ёстой л урин цагийн сайхныг мэдрүүлсэн өдөр замчдын нэг өдрийн ажлыг сурвалжлахаар Эмээлтийг зорилоо. Тодруулбал, зургадугаар сарын 10-ны Лхагва гарагт Замын II ангийнхан Давааны Эмээлт хоорондын 373-376 дугаар км-т байрлалтай бага радиустай тахируудын модон дэрийг төмөр бетон дэрээр солих дунд засварын ажил хийж байсан юм. Тус анги жил бүрийн зам хүчжүүлэх дунд засварыг хийдэг билээ. Энэ жил Дунд засварын бригадаа дөрөвдүгээр сарын эхээр ажилд нь гаргажээ. Тэдний ажил Шатан зөрлөгийн замаас эхэлсэн бол өнөөдөр Давааны-Эмээлт хоорондын замд үргэлжилж байгаа нь энэ. Биднийг сурвалжилгаар очсон өдөр Замын хэсгүүдээсээ нэмэлтээр хүн хүч татаж, 180 аад хүний бүрэлдэхүүнтэй засвар хийж байлаа. Алсаас улбар шар хантаазтай замчид зам даган ургасан цэцэгс шиг содон харагдаж байв. Биднийг очиход ажил удирдагч нарын шүгэл тас хийж, чанга яригчаар галт тэрэг ойртож буйг мэдээлж, замчид хөдөлмөрийн багаж хэрэгслээ аван ярсхийтэл замаа чөлөөлж галт тэргээ өнгөрүүлэв. Галт тэрэг өнгөрмөгц тэд багаж хэрэгслээ аван дахин зам руу гарч, ажлаа үргэлжлүүлнэ. Яг л ийм хэмнэлээр өдөржин галт тэрэг хоорондын чөлөөнд зам засварын ажлыг амжуулдаг нь замын их засварын цонхноос өөр аж. Тийм ч учраас хөдөлмөрийн болоод хөдөлгөөний аюулгүй байдлыг найдвартай хангах нь хамгийн чухал гэдгийг ангийн дарга Д.Алтангэрэл тайлбарласан юм.
Тус ангийн хэсэглэлд 2009-2013 онд их засвар хийхдээ 400-аас бага радиустай тахируудад модон дэртэйгээр зам шинэчлэл хийсэн байна. Ийм модон дэртэй тахирууд тус ангийн хэмжээнд нийт 14 байсныг 2022 оноос төлөвлөгөө гарган жил бүр төмөр бетон дэртэй болгон хүчжүүлсээр энэ жил бүрэн дуусгаж байгаа гэнэ. Ангийн дарга хотод хуралтай тул шуурхай ажил-аюултай бүс хариуцсан инженер Д.Наранбаатарт тодорхой үүрэг даалгавар өгөөд буцав.
И н ж е н е р Д.Наранбаатар: -Манай ангийн Дунд засварын бригад дөрөвдүгээр сарын 9-нөөс Шатан зөрлөгөөс ажлаа эхэлсэн. Бага радиустай тахируудад төмөр бетон дэр солих ажлыг хийж байгаа. Шатан зөрлөгт нийт 1400 ширхэг бетон дэрийг сарын хугацаанд сольсон. Сүүлийн сард нь Давааны-Эмээлт хоорондын замд ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 3000-аад дэр сольчихсон байна. Одоо зургадугаар сарын 26-н хүртэл 800 дэр сольж дуусах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Нийтдээ Замын тавдугаар хэсэгт 4000 дэр сольж төлөвлөгөөтэй ажиллаж байна.-Өнөөдрийн ажил хэдэн цагт эхэлсэн бэ?-Өглөө 08.00 цагаас анхаарамж эхэлсэн. Өнөөдрийн хувьд хэсгүүдээс нэмэлтээр хүн хүч татаж, ажиллуулж байгаа. 17.00 цаг хүртэл ажиллана.
-Өдөрт хэчнээн дэр солих ёстой вэ?
-Нэг эрэгтэй замчин өдөрт дөрвөн дэр солих нормтой. Тэгэхээр нийт ажиллаж байгаа замчдынхаа нормоор л дэрээ солино гэсэн үг. Дунд засвар дээр гурван удаа хэсэглэлүүдээс хүн хүч татаж өргөтгөсөн бүрэлдэхүүнээр засвар хийсэн. Бусад үед Дунд засварын бригадын 20 замчин маань ажилладаг. Дунд засварын бригадын дарга С.Төмөрчөдөр:-Би Замын II ангид 28 дахь жилдээ ажиллаж байгаа. Дунд засварын бригадыг 2015 оноос ахлаад 11 жил ажиллаж байна.
-Танай бригад Замын ангийнхаа хэмжээнд нүүдэллэж ажилладаг гэж ойлголоо?
-Тэгж ойлгож болно. Жил бүр Замын хэсэг болгоноос нэг нэг замчин татан авч Дунд засварын бригад бүрдүүлээд ажилдаа гардаг. Энэ жилийн ажлаа бид Шатан зөрлөгийн 293 294 дугаар км-ээс эхэлсэн. Шатангийн дунд засварыг бид тавдугаар сарын 1-нд дуусгасан. Тавдугаар сарын 4-нөөс 373 дугаар км-ээс үргэлжлүүлээд ажиллаж байна. Одоогийн байдлаар энэ жилийн төлөвлөсөн засварынхаа 50-аас дээш хувийг нь хийчихсэн явж байна. Өнөөдөр Замын хэсгүүд маань хүч нэмж ирж, дэр солилцож байна.
-Танай бригадынхан хаана байрлаж ажилладаг вэ?
-Шугам замд гарахаараа дунд засварын хоёр гэрээ барьж байрладаг. Өртөө, зөрлөгт ойр газар засвар хийвэл байшинд байрлаад ажилладаг.
-Танай бригадынхан өдөрт хэдэн дэр сольдог вэ?
-Манай бригадын 20 замчин нэг өдөрт 80 дэр сольдог. Нэг замчин өдөрт дөрвөн дэр солих нормтой. Өглөөд 08.00 цагаас анхаарамж эхэлж, ажилдаа гараад 17.00 цагт ажлаас буудаг.
-Дунд засварын бригдад жил бүр шинэ хүн ирдэг үү, эсвэл өмнө нь ажиллаж байсан туршлагатай замчид ирдэг үү?
-Янз бүр. Зарим жил 70-80 хувь нь өмнө нь дунд засварт явж байсан хүмүүс ирдэг. Зарим жил шинэ хүмүүс их ирэх жишээтэй. Манай бригадад ирсэн залуус багаар ажиллаж сурдаг. Дадлага туршлага их хуримтлуулдаг6
Дунд засварын бригадын замчин Э.Жавхлан: Би Политехник коллежийн замын техникчийн ангийг 2024 онд төгссөн. Төгсөөд Замын II ангийн VIII хэсэгт хуваарилагдсан. Би дунд засварын бригадад өмнө нь 2024 онд ажиллаж байсан. Энэ жил хоёр дахь удаагаа ө ө р и й н хүсэлтээр ирж ажиллаж байгаа. Дунд засварын бригадад ажиллахад танилын хүрээ тэлэгдэж, олон найз нөхөдтэй болдог. Ажил хийж сурдаг. Өдрийн нормт ажлаа цаг тухайд нь хийгээд дуусчихвал ажлаасаа эрт буудаг. Замчдын ажил хүнд, хааяа шантармаар үе байсан. Гэхдээ аливаа ажлыг хамт олныхоо хүчээр даваад гарчихдаг. Манай замчид бүгд маш сайхан сэтгэлтэй. Хамт олны уур амьсгал маш гоё болохоор ажил хийхэд урамтай сайхан байна. Замын IV хэсгийн мастер Ё.Гантуяа: Би 1993 оноос хойш 33 дахь жилдээ ажиллаж байна. Өнөөдөр хэсгээсээ 13 замчин, бригадын дарга, жолооч гээд 17-уулаа ирж, дунд засварын ажилд оролцож байна. Манай 10 эрэгтэй, гурван эмэгтэй замчин маань өдрийн нормын дагуу 43 дэр солилоо. Хийсэн ажл а а тухайн хэсэгтээ хүлээлгэж өгөөд буцна даа.
-Хэсгүүдээс хүн хүч татаж, олуулаа ажиллах нь ямар санагддаг вэ?
-Олны хүч оломгүй далай гэдэг шүү дээ. Олон хүчний хүчээр богино хугацаанд их ажил нугалж байна. Дунд засварын бригадынхаа нэлээд хэдэн өдрийн ажлыг нэг л өдөр хамтраад хийчихнэ гэдэг нь бахархалтай сайхан хэрэг. Ингэж томсгосон бүрэлдэхүүнээр засвар хийхэд замчид чадварждаг сайн талтай. Энэ бол залуу замчид ажилдаа дадлагажиж сурах сайхан талбар болдог. Хөдөлмөрийн бүтээмж ч нэмэгддэг.
-Өнөөдрийн хувьд таны гол анхаарал хандуулсан зүйл юу байв?
-Хэсгийн мастерын хувьд замчдынхаа аюулгүй ажиллагааг хангаж ажиллахад гол анхаарлаа хандуулдаг. Хоёр галт тэрэг хоорондын чөлөөнд ажиллаж байгаа замчдын хөдөлмөрийн болон хөдөлгөөний аюулгүй байдалд онцгой анхаарч, өндөр сонор сэрэмжтэй ажиллахаас аргагүй.
-Танай хэсгийн хувьд залуучууд олонтой юу?
-Манай хэсгийн замчдын 80 хувь нь гурав хүртэл жил ажиллаж байгаа залуус. Шинэ замчид ихээр орж ирж байна. Залуусыг анхнаас нь зөв арга барилд сургаж дадлагажуулж, технологи мөрдөж ажиллуулж хэвшүүлэх нь чухал. Эхнээсээ зөв суурь нь тавигдсан замчид цаашаа амжилттай ажилладаг. Залуу замчдыг сургахад туршлагатай бригадын дарга нар голлох үүргийг гүйцэтгэдэг. Тэд үйлдлээрээ үлгэрлэж, биетээр дагуулж явж сургадаг. Мөн ахмад замчдаа залуу замчидтайгаа багш шавийн гэрээтэй ажиллуулж байна. Өнөөдөр олуулаа их ажлыг амжилттай нугалсандаа баяртай байна гэлээ.
Ийнхүү тэдэнтэй галт тэрэг явж өнгөрөх хэсэгхэн чөлөөнд товчхон хөөрөлдлөө. Галт тэргээ өнгөрөөгөөд тэд ч ажилдаа яаравчилна. Модрон дээрээ багаж хэсэглээ ачаад ажилдаа гарч байв. Д.Наранбаатар инженер галт тэрэгний хөдөлгөөн нягтрахын хэрээр замчдын зам дээр ажиллах хугацаа богиносдог. Өдөрт нэг цаг 30 минутаас хоёр цаг хүртэлх хугацааг галт тэрэг өнгөрөхийг хүлээж байна. Тэгэхээр замчдад өдрөөс өдөрт богино хугацаанд өндөр бүтээмжтэй ажиллах шаардлага тулгарч байгаа. Үүний зэрэгцээ аюулгүй байдал маш чухал гэж тайлбарлаж байлаа. Төмөр бетон дэрийг гараар солих тийм ч амар ажил биш. Нэг бетон дэр гэхэд 310 кг гэнэ. Хуучин дэр модыг сугалж аваад бетон дэрийг байрлуулж, бэхэлнэ гэхээр мань мэтэд бол төсөөлөхөд ч барамгүй ажил. Харин ажилдаа эзэн болсон аатай залуусын хувьд хийж сурсан ажил юм даа гэж бодож билээ. Нар ээсэн сайхан өдөр, зам даган цэцэгс дэлгэрсэн аятай алсаас өнгөлөг харагдах замчид магнайн хөлсөө арчих завгүй ажил буцалж байлаа. Ямагт ган зам зурайж, галт тэрэг жирийж байг ээ.
Б.Гүнжинлхам
