Зургадугаар сарын 6-нд УБТЗ ХНН-ийн түүхт 75 жилийн ойн баярын хурал “Ган зам” паласт болсон билээ. Энэ үеэр УБТЗ ХНН-ийн дарга Х.Хэрлэн хурлыг нээж хэлсэн үгэндээ УБТЗ ХНН-ийн Монгол Улсын хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг онцлон дурдаж, үе үеийн төмөр замчдад баяр хүргэж, амжилт хүслээ.
Мөн энэ үеэр олон жил үр бүтээлтэй ажилласан төмөр замчдыг төр засгийн болон төмөр замын шагналаар шагнасныг гардууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Зорчигчийн вагон депогийн технологич инженер Г.Сарантуяа, Сайншанд Татах хэсгийн зааварлагч машинч Ц.Энхболд, Замын II ангийн X хэсгийн мастер Т.Буянтогтох нарын 10, “Алтан гадас одон”-гоор Техникийн бодлого, стандартчиллын албаны орлогч дарга Л.Энхболд, Дархан татах хэсгийн машинч А.Отгонбаяр, Баянтүмэн тасгийн Замын V ангийн дарга Д.Балдандорж нарын 17 хүнийг тус тус шагнасан байна.
Мөн Замын даргын тушаалаар УБТЗ-ын Эдийн засаг, санхүү хариуцсан орлогч дарга бөгөөд Санхүү нягтлан бодох бүртгэлийн албаны дарга С.Я.Усольцева, Вагоны аж ахуйн албаны хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан ахлах байцаагч А.Пүрэвбаатар нарыг “Хүндэт дэвтэр”-т бичиж, тус бүр гурван сая төгрөгөөр шагнасан байна.
“Төмөр замчны алдар” тэмдгээр Замын VI ангийн тор засагч Х.Батцэнгэл, Дохиолол холбооны I ангийн механикч Ж.Энхтөр, ЭХУХ-ийн I ангийн техникч М.Есөндорж нарын 47, “Тэргүүний төмөр замчин” тэмдгээр Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депогийн засварчин А.Галдан, Замын III ангийн замчин Т.Ганболд, Төв засварын үйлдвэрийн зохион бүтээгч М.Эрдэнэсамбуу нарын 50, “Онц хөдөлгөөнчин” тэмдгээр Толгойт өртөөний тооцооны оператор Б.Пүрэвдулам, Дархан татах хэсгийн засварчин Э.Түмэн-Өлзий нарын 37, “Хүндэт үнэмлэх”-ээр нэр бүхий 35 хүнийг, мөн мөнгөн шагналаар арав гаруй төмөр замчинг шагнаж урамшуулсан байна.