Төвийн хэсгийн үзлэгийн дүнгийн хурал арваннэгдүгээр сарын 4-нд “Ган зам” паласт боллоо. Уламжлал ёсоор Тээврийн хяналтын албаны чиглэл хариуцсан байцаагч нарын дүгнэлт болон зарим байгууллагын удирдлагуудын тайлбарыг сонсож, үзлэгээр илэрсэн үл тохирлуудыг арилгах хугацаатай үүрэг өгсөн юм. Мөн үзлэгийн дүнгийн хурлын төгсгөлд Замын I орлогч дарга О.А.Казаков “Төвийн хэсгийн үзлэг дууслаа. Тээврийн хяналтын албанаас өгсөн үүрэг даалгавруудыг бүгдийг хийж, үл тохирлуудыг арилгах хэрэгтэй. Замын орлогч дарга нар болон албадын удирдлагуудад хандаж хэлэхэд Замын даргын хаврын үзлэгийн тушаалыг биелүүлээгүй зөрчлүүд байна. Цаашид үзлэгийн тушаалд орсон ажлын хэрэгжилтэд Замын орлогч дарга нар болон албадын удирдлагууд маш сайн хяналт тавьж ажиллаарай. Хаврын үзлэгээр хэрэгжилтийг нь авч үзнэ шүү. Хоёрдугаарт, Замын хэмжээнд хүний нөөцийн асуудал маш хүнд байгаа. Үүнийг дагаад илүү цагийн асуудал гарч байна. Үүнийг Тээвэр зохион байгуулалтын албаны хувьд авч үзэхэд шийдэх боломжууд их байна. Өртөө зөрлөгүүдийг диспетчерийн удирдлагаар тоноглоход маш их хэмжээний хөрөнгө зарцуулсан. Гэтэл диспетчерийн удирдлагад нэг ч өртөө зөрлөг шилжээгүй байна. Урд, хойд замд диспетчерийн удирдлагыг нэвтрүүлэх саналтай байна. Ингэснээр хүний нөөц дутагдалтай байгаа газруудад илүү цагийн асуудлыг шийдвэрлэх боломжтой.

Мөн Зүтгүүрийн аж ахуйн албаны хувьд сэлгээний зүтгүүрүүдийн асуудлыг шийдвэрлээд, туслах машинч нарыг галт тэргэнд явуулах хэрэгтэй. Энэ бол өнгөц зүйл үүнийг дагаад маш олон зүйлийг шийдвэрлэх боломжтой. Үүнтэй холбоотой бүх албадын дарга нар сарын дотор үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж, батлуул. Хүний нөөцийн бүрдэлийг хэрхэн шийдэх вэ гэдэг талаар маш олон шийдэл гаргах хэрэгтэй.

Мөн төмөр замчдын хүүхдүүдийг сургалтад хамруулах, ирэх жилээс төмөр замчдынхаа хүүхдүүдийг ТЗДС, ПТК-д сургана. Байгууллагын дарга нар энэ жил маш олон шинэ ажилтан ирлээ гэж ярьж байна. Шинэ ажилтан ирж байгаа нь сайн хэрэг. УБТЗ-д энэ оны эхний арван сард нийт 3005 хүн шинээр ажилд орсон байна. Энэ хүмүүсийг цаг хугацаа, чин сэтгэлээ зориулж маш сайн сургах хэрэгтэй. Багш шавийн гэрээ байгуулах, эсвэл ахмад ажилтнуудыг сургах ажилд татан оролцуулах хэрэгтэй. Манайд ирж байгаа боловсон хүчин бол ТЗДС, ПТК-ийн төгсөгч нар байгаа. Энэ сургалтын чанарыг тусгайлан авч үзнэ.

Гуравдугаарт албадын дарга нар харьяа байгууллагуудынхаа хөгжлийн хөтөлбөрийг боловсруул. Энэ хүрээнд БОС-тай хамтраад ойрын таван жилд засварлах ажилчдын сууцны төлөвлөгөөг гарга. Үнэхээр хүнд байдалтай байгаа орон сууцны засварыг 2025 оны төлөвлөгөөнд нэмэлтээр суулгах байдлаар шийдвэрлэ.

Албадын дарга нарын гаргасан төлөвлөгөөний дагуу бид дараа дараагийн төлөвлөлтийг хийх болно.

Мөн шугам замд явж байхад Замын захиргаанаас хийж байгаа үзлэг шалгалтын тоо хэмжээний талаар гомдол ирсэн. Үзлэг шалгалтын тоог цөөрүүлэхийн тулд эхний ээлжинд Замын ерөнхий инженерийн удирддаг ХАБЭА-н хяналт шалгалтыг Замын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч даргын удирддаг улирлын үзлэгтэй хамтатгахаар болсон.  

Замын даргын үзлэгийн үеэр бүх объектыг үзсэн. Байгууллагууд маш шинэлэг, инновацилаг зүйлүүдийг нэвтрүүлсэн байна. Ямар нэгэн санхүүжилтгүйгээр өөрсдийн нөөц боломжийг ашиглан хийсэн ажлууд их байна. Замын хэмжээнд 2024-2025 оны өвөлжилтөд маш сайн бэлтгэжээ” гэв.