Нүүр Энэ сэдвээр О.А.Казаков: Бүх албадын тогтвортой байнгын тасралтгүй үйл ажиллагааг хангах явд...
Энэ сэдвээр

О.А.Казаков: Бүх албадын тогтвортой байнгын тасралтгүй үйл ажиллагааг хангах явдал чухал

G.Press 2 жилийн өмнө 130 үзэлт 0 сэтгэгдэл

 

УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаковтой ярилцлаа.

-Та УБТЗ-д томилогдож ирээд багагүй хугацаа өнгөрлөө. Өөрийнхөө талаар төмөр замчдадаа товчхон танилцуулаач. Магадгүй олон төмөр замчид энэ талаар сонирхож байгаа байх аа?

-Тийм ээ, тэгэлгүй яах вэ. Товчхондоо би төмөр замчны гэр бүлээс гаралтай. Аав минь замчин хүн байсан л даа. Хүү, охин хоёр маань ч мөн адил төмөр замын мэргэжил эзэмшсэн. Миний хувьд “Оросын төмөр замууд” НХН-т 1993 онд галт тэрэгний найруулагчаас ажлын гараагаа эхлүүлж байлаа. Байгал-Амур, Дорнод Сибир, Красноярск гээд өнөөдөр таны харж байгаачлан УБТЗ ХНН-т ажиллаж байна. Яг л бусдын адил хөдөлгөөнчин хүн хэрхэн шатлан дэвшдэг вэ, тэр зарчмаар л өдий хүрсэн. Өртөө, тулгуур өртөө, алба, хөдөлгөөн удирдлагын төвд дарга гэх мэт албан тушаал хашиж байв.

-Та томилогдож ирсэн даруйдаа шугам замд ажиллаж, УБТЗ-ын аж ахуйн нэгж, замын байдалтай бүтэн танилцсан. Энэ төмөр замын потенциал боломжийг хэрхэн харж байна вэ. Энд сөргөөр нөлөөлөхүйц эрсдэл нь юу вэ?

-Таны хэлсэнчлэн, шугам замд ажиллаж замын техникийн байдал болоод аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай бүрэн танилцсан. УБТЗ бол хөгжих маш өндөр потенциалтай. Газарзүйн байрлал, жилээс жилд өсөн нэмэгдэж буй ачаа тээврийн хэмжээг харахад ч тэр. Бүс нутгийг холбосон тээврийн томоохон коридор болох бүрэн боломжтой. Харин миний харж байгаагаар ганц эрсдэл нь юу байна вэ гэхээр боловсон хүчний шилжилт хөдөлгөөн юм уу даа гэж харагддаг. Бид боловсон хүчнээ тогтвор суурьшилтай ажиллуулахад л гол анхаарлаа хандуулах хэрэгтэй.

-ОХУ, БНХАУ-ын хоорондох худалдааны бараа эргэлт эрчимтэй өсөн нэмэгдэж байна. Үүнийг дагаад УБТЗ-аар дамжин өнгөрөх ачаа тээврийн хэмжээ чөслөө. Таны хувьд УБТЗ-ын дамжин өнгөрөх тээврийн хэтийн төлөвийг хэрхэн зураглаж байна вэ?

-ОХУ-БНХАУ-ын хоорондох худалдааны бараа эргэлт нэмэгдэж байгаа нь манай тээврийн үзүүлэлтэд эерэгээр нөлөөлөх нь дамжиггүй. Миний бие зургадугаар сарын 13-нд Дорнод Сибирийн төмөр замын нэгдүгээр орлогч даргатай уулзсан. Энэ үеэрээ УБТЗ болон Дорнод Сибирийн төмөр замын хоорондох тодорхой бичиг баримтуудад гарын үсэг зурж, протокол үйлдлээ. Ерөнхийдөө төмөр замууд чингэлэг тээврийнхээ хэмжээг нэмэгдүүлэхэд санал нэгдсэн. Өөрөөр хэлбэл, өдөр бүр таван чингэлгийн галт тэрэг тогтмол солилцож байхаар тохиролцлоо. Өмнө нь бид дөрвөн чингэлгийн галт тэрэг авдаг байсан шүү дээ. Тиймээс транзит тээврийн хэмжээ нэмэгдэхээр байна. Тавдугаар сарын 18-ны байдлаар л гэхэд, 1033 транзит чингэлгийн тээвэр аялаад байна. Энэ нь, 2018 оны бүтэн жилийн үзүүлэлтээс ч өндөр үзүүлэлт юм.

-Хэдхэн хоногийн өмнө төмөр замчид дээд амжилт тогтоож, 74 жилийн түүхэндээ хамгийн олон галт тэрэг солилцлоо. Зөвхөн урд хил гэхгүйгээр хойд хилийн гарцаар технологийн хувьд энэ тоон үзүүлэлтийг ахиад нэмэгдүүлэх боломж бий юу?

-Энэ амжилт маань нэг удаагийн л тоон үзүүлэлт шүү дээ. Миний мөрдлөг болгож ажилладаг жанжин шугам бол нэг удаагийн амжилт үзүүлэх биш бүх албадын тогтвортой, байнгын тасралтгүй үйл ажиллагааг хангах явдал. Тийм учраас бид хойд хилийн гарцаараа хоногт 10 хос галт тэрэг солилцож байгаа юм. Би энд зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг оруулсангүй. Зөвхөн ачааны хөдөлгөөнийг ярилаа. Харин урд талдаа бид хоногт өргөн царигаараа 15 хос галт тэрэг, нарийн царигаараа найман хос галт тэрэг солилцож байна. Гол нь үүнийгээ л байнгын тогтвортой хэмжээнд барих нь чухал. Төлөвлөгөөт үзүүлэлт, Замын санхүүд ч энэ нь ашигтай.

-Х.Хэрлэн дарга ажлаа аваад урд, хойд хилийн гарцын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг хамгийн түрүүнд хөрш төмөр замын удирдлагуудтай ярилцсан. Энэ нь, ч зөв байсан. Та харж байгаа байх. Манай төмөр замын тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг боогдуулж байгаа гол зүйл нь хөрш төмөр замуудын хилийн өртөөдийн хүчин чадал. Замын даргын дээрх уулзалтын үр дүнд БНХАУ-ын тал Эрээн өртөөнд зарим нэг ажлыг хийж, хэрэгжүүлээд байгаа бол хойд хилийн гарцыг ОХУ-ын тал хэзээнээс өргөтгөж, шинэчлэх юм бол оо?

-Хэрэв та мэдэж байгаа бол бид урд хил хүртэл хоёр дахь нарийн царигийн төмөр замаа барьчихсан. Долдугаар сарын 2-нд БНХАУ-ын Төмөр замын агентлаг, Хөх хотын төмөр замын төлөөлөгчид ирж, нарийн царигийн хоёр дахь замын хил  холболтын цэгийг нарийвчлан тогтоно. Хойд хилийн хувьд ОХУ-ын тал ирэх есдүгээр сард Наушки өртөөнийхөө өргөтгөл, шинэчлэлийн ажлыг эхлүүлэх мэдээлэл байна.

-Монголчууд шинэ төмөр замуудаа эхнээс нь ашиглалтад хүлээн аваад байна. Энэ төмөр замуудаар ирээдүйд тээвэрлэгдэх ачааны хэмжээ манай гол замын ачаалалд хэрхэн нөлөөлөх бол. Энэ талаар хийсэн ямар нэг судалгаа, тооцоо бий юу? 

-Энэ талаар би танд одоогоор ямар нэг зүйл хэлж чадахгүй нь. Гэхдээ өнгөрсөн зургадугаар сарын 30-нд Москва хотноо Монгол, ОХУ, БНХАУ-ын гурван талт уулзалт болсон. Уулзалтаар Зүүнбаян-Хангийн хилийн гарцын талаар ярилцсан юм билээ. Хэрэв хилийн гарцыг нээх асуудал эерэгээр шийдэгдвэл бид Сайншанд-Зүүнбаянгийн замд дунд засвар хийж, түүгээр явах ачааг хүлээн авахад бэлэн байх ёстой болно.

-Төмөр замын тээврийн салбарт аюулгүй байдал нэн тэргүүнд тавигддаг. Ялангуяа, шинэ төмөр замуудтай галт тэрэг солилцохдоо бид өөрсдийн аюулгүй байдлыг хангахад юунд анхаарч ажиллах ёстой вэ. Хэрхэн журамлавал зөв гэж та бодож байна?

-Энэ талд ямар нэгэн шинэ санаа хэлэх боломжгүй. Бид дугуйг дахин зохион бүтээх шаардлагагүй. Манай замд бүхий л шаардлагатай дүрэм журам, эрсдэлийг хаах бичиг баримтууд нь болосвруулагдаад, мөрдөгддөг. Гол нь тэднийг биелүүлэх л хэрэгтэй. Бусад шинэ төмөр замуудад ч гэсэн ялгаагүй. Би нэг зүйлийг баттай хэлж чадна. Манай зам дээр мөрдөж байгаа аюулгүйн систем бусад шинэ төмөр замуудынхаас хавьгүй илүү. Бид эдгээр шинэ төмөр замуудтай холбогдож байгаа хэсгүүдэд яг л хилийн цэрэг шиг ажилладаг гэдгийг хэлэх хэрэгтэй байх.

-Энэ жил замын тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд хаана хаана ямар бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөж байгаа талаар манай уншигчдад мэдээлэл өгөөч?

-2023 онд Цайдам, Хангай, 36-р зөрлөгийн хүлээн авах, явуулах замуудыг уртасгана. Энэ бол манай хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний дагуу хийж байгаа томоохон ажлуудын нэг. Үндсэндээ арваннэгдүгээр сар гэхэд эдгээр өртөөдийн хүлээн авах, явуулах замыг 71 вагон хүлээж авах хүчин чадалтай болгож уртасгана. Мөн энэ жил дохиолол холбооны чиглэлээр Шаргын-Овоо-Замын-Үүд хоорондын хоёр дахь замын дохиолол төвлөрүүлэлтийн ажлыг гүйцэтгэнэ. Өнгөрсөн жил бид энэ замыг барьж ашиглалтад оруулсныг та бүхэн мэдэж байгаа байх. Харин их засвараар Дулаан-Ерөө, Маань-Агуйт хоорондын нийт 25 км замд их засвар хийнэ. Яагаад гэвэл, Дулаан-Ерөөгийн хоорондын зам бол манай хамгийн эмзэг хэсэг. Учир нь, бага радиустай олон тахир энэ хэсэгт бий. Наймдугаар сарын 1-нээс бид их засвараа эхлүүлэхээр төлөвлөсөн.

-Замын тээх, нэвтрүүлэх хүчин чадал хамгийн багатай хэсэг бол Замын-Үүд-Сайншандын хэсэглэл. Энэ хэсгийн тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд алсын удирдлагатай зөрлөгүүдийг ашиглалтад оруулах чухал гэж харагддаг. Та ашиглалын инженер хүн. Замын энэ хэсэгт алсын удирдлагатай зөрлөгүүдийг нэмэх нь ирээдүйн шийдэл мөн үү?

-Алсын удирдлагатай зөрлөгүүдийн тоог нэмэх, цаашлаад диспетчерийн төвлөрүүлэлтэд шилжүүлэх бүрэн боломжтой гэж би хувьдаа хардаг. Бид галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчдаа нэг юм уу хоёр зөрлөгийг алсаас удирдаж байхаар одооноос сургаж байна. Хавар, намрын улиралд бороо, шороо ихтэй байдаг онцлогийг харгалзан аюулгүй байдлын үүднээс алсын удирдлагатай зөрлөгүүдэд жижүүр байрлуулан ажиллуулж байгаа.

-СИРДП-Е системийн ашиглалт ямар төвшинд байна вэ. Хэзээнээс бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байна?

-Систем үр дүнгээ өгч байгаа. Өдөрт дор хаяж нэг галт тэргийг мөрдүүлэн аялуулж байна. Энэ бол маш ирээдүйтэй систем. Дэлхийн ихэнх төмөр замуудад ийм систем нэвтрээгүй. Бид энэ тал дээрээ тэдгээр төмөр замуудаас тэргүүнд явж байгаа гэхэд болно.

-Саяхан Москва хотноо хоёр улсын Засгийн газрын өндөр дээд төвшний уулзалт болж, УБТЗ-ын дүрмийн санг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэж, Оросын талын хөрөнгө оруулалтад таван шинэ зүтгүүр авахаар тохирлоо. Энэ зүтгүүрүүд хэзээнээс орж ирэх төлөвлөгөөтэй байна. Танд энэ талаар мэдээлэл байна уу?

-Энэ таван зүтгүүрийг 2024 оны I улиралд багтаан оруулж ирэхээр төлөвлөж байна. Бидний зүгээс энэ үйл явцыг түргэтгэхийн тулд энэ оны арванхоёрдугаар сарын 30-наас өмнө хүлээлгэж өгөөч гэсэн хүсэлт тавиад хоёр тал ажиллаад эхэлсэн. Таван зүтгүүр авчихвал өөрсдийн зүтгүүрийнхээ засварыг цаг тухайд нь хийж чадахгүй байгаа байдал арилж, зүтгүүрүүд маань цаг тухай бүртээ засварт орж байх боломж бүрдэхээс гадна эвдрэл гэмтэл гарах тохиолдол буурна. Ашиглалтын ажил болон бусад үзүүлэлтүүдэд шинэ зүтгүүрүүд эерэгээр нөлөөлнө гэдэгт итгэлтэй байж болно.

-Та бид хоёрын ярилцлага Үндэсний их баяр наадмын дугаарт нийтлэгдэнэ. Тиймээс төмөр замчдадаа хандаад та мэндчилгээ дэвшүүлнэ үү?

-Тэгэлгүй яах вэ. Юуны өмнө өнөөдөр биднийг ингэж ажиллах бололцоог бүрдүүлж, энэ төмөр замыг ашиглалтад оруулсан ахмад үеийнхэндээ талархаж байгаагаа илэрхийлье. Мөн одоо ажиллаж буй нийт төмөр замчид тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд Үндэсний их баяр наадмын мэнд хүргэе. Та бүхний юу санасан бүхэн сэтгэлчлэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Та бүхэн сайхан наадаарай. Мөн Үндэсний баяр наадмын үеэр ажил үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй төмөр замчдадаа сайхан наадаарайй гэж хэлье.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье!

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.