НҮБ-ын Тээврийн холболт, логистикийн шинжээчдийн багийн олон улсын хуралд УБТЗ төлөөлөл оролцлоо
Нэгдсэн үндэсний байгууллага (НҮБ)-ын Ази, номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (UNI ESCAP)-оос “Тээврийн холболт, логистикийн шинжээчдийн багийн олон улсын хурал”-ыг Тайланд улсын Бангкок хотноо 2024 оны 04 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Тус хуралд ESCAP-ын гишүүн БНХАУ, Гүрж, Тайланд, Өмнөд Солонгос, ОХУ, Азербайжан, Иран, Казахстан, Киргизстан, Малайз, Непал, Гүрж, Камбож, Бангладеш, Лаос, Тажикстан, Туркменистан зэрэг орнууд чуулснаас Монгол Улсын шинжээчдийн багийг төлөөлж Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлого зохицуулалтын газрын шинжээч Г.Дөлгөөн, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Техникийн бодлого, стандартчиллын албаны дарга С.Мөнх-Алдар нар оролцож байна. Шинжээчдийн багийн олон улсын хурлын үндсэн чиглэл болох “Транс Азийн төмөр замын сүлжээний дагуух төмөр замын холболтыг сайжруулах боломж, тэдгээрийг шийдвэрлэх арга зам” гэсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг, илтгэл өрнүүлж, Ази номхон далайн бүс нутгийн улс, орнууд өөрсдийн төмөр замын хөгжил, ирээдүйн төлөвлөгөө, бодлогыг танилцуулж, хэлэлцлээ. Хурлын үеэр Монгол Улсын шинжээчдийн багаас “Төмөр замын хөгжлийн хэтийн төлөвлөлт, стратеги, тус улсын эдийн засгийн төмөр замын төв коридор нь Транс-Азийн төмөр замын сүлжээнд үзүүлэх нөлөөлөл” Монгол Улсын илтгэлийг ESCAP тээврийн хэлтсийн дарга Sandeep Jain онцолж, 2 их гүрний дунд оршдог танай улсын төмөр зам сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байна. Энэ нь, төмөр замын суурь бүтцийг хөгжүүлэхээс гадна геостратегийн оновчтой бодлогууд хэрэгжүүлж, олон улсын төмөр замын тээврийн коридоруудад нэгдэх амбицтай том зорилт тавьж хэрэгжүүлж байгаагийн үр дүн гэдгийг нийт оролцогч орнуудад хандан хэлжээ. Хуралд ESCAP-ийн Тээврийн холболт, логистик хариуцсан захирал Azhar Jaimurzina Ducrest, Тээврийн хэлтсийн дарга Sandeep Jain, AtkinsRealis-ийн төмөр замын тээврийн зөвлөх доктор Richard Thomas, ESCAP-ийн зөвлөх IEC олон улсын байгууллагын ерөнхийлөгч Ekaterina Kozyareva зэрэг шинжээчид дээрх сэдвүүдийн хүрээнд илтгэл тавьж, харилцан хэлэлцүүлэг зохион байгуулан ложистик, тээвэр, холболтын суваг, шинэ коридорын харилцан уялдаа холбоо, төмөр замын сүлжээн дэх кибер аюулгүй байдлын талаар санал солилцлоо.
