УБТЗ-ын Замын аж ахуйн албаны харьяа Чулуун завод өнөөгийн байдлаар төлөвлөгөөг хэрхэн биелүүлэн ажиллаж буй талаар тус үйлдвэрийн дарга Н.Отгонбаатараас тодрууллаа.

 

-Манайх энэ оны зорилтыг хангаж ажиллах хүрээнд олон ажил зохион байгуулж байна. Тухайлбал, үйлдвэрлэсэн бүх бүтээгдэхүүндээ тохирлын гэрчилгээ авах, технологийн заавар дүрмийг батлуулахаар Барилга, хот байгуулалтын яам, Барилга хөгжлийн төвтэй хамтран цөөнгүй ажил зохион байгууллаа. Үүний үр дүнд анх удаа 20-60 мм-ийн щебеньд тохирлын гэрчилгээ авсан. Мөн 5-10, 10-20 мм-ийн хайрганд тохирлын гэрчилгээ авснаар манай үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн Монгол Улсын стандартын шаардлагад бүрэн нийцсэн, барилгын дүүргэгч материал гэдэг нь хүлээн зөвшөөрөгдлөө. Замын аж ахуйн албандаа үйлдвэрлэж буй бүх бүтээгдэхүүний тохирлын гэрчилгээг хүлээлгэн өгсөн. Хагас жилээр үйлдвэрлэлийн төлөвлөгөө 106 орчим хувиар биелж байна. Өнөөгийн байдлаар бид 63459 шоо метр щебень, нийт 32279 шибүр үйлдвэрлэсэн. 17.5 км замын их засварт шаардлагатай щебенийг бүрэн нийлүүлсэн. Мөн бороо усны улиралтай холбоотой үерийн бэхэлгээний чулууг тогтмол бэлтгэж байна. Ангиудын захиалгын дагуу чулууг нь бүрэн нийлүүлсэн. Өнөөдрийн /өчигдөр/ байдлаар үйлдвэрийн талбайд үерийн бэхэлгээний 900 орчим шоо метр чулууны нөөц бэлэн байгаа.

 

-Олон-Овоо-2 талбайд шилжих ажлын бэлтгэл хэр явж байна вэ. Тоног төхөөрөмжүүдээ авсан уу?

 

-Энэ ажилд Замын захиргаа болон Замын аж ахуйн алба онцгой анхаарал хандуулж байгаа. Шинэ бутлах шугамыг суурилуулахаар олон ажил зохион байгуулж байна. Бутлах шугамын тоног төхөөрөмжийн 90 орчим хувийг нь авч үйлдвэрийн талбайдаа буулгасан. Нийт таван машин ачаа буусан. Нийлүүлэгч тал эдгээр тоног төхөөрөмжийг суурилуулан угсрах ёстой. Энэ оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан түлш зөөврийн машин, авто ачигч зэрэг худалдан авалтын тендерүүд амжилттай болж, гэрээ байгуулсан. Нийлүүлэх хугацааг нь хүлээж байна. Энэ жилдээ багтаж бутлах шинэ шугам ашиглалтад орж, авто ачигчаа авчихвал Олон-Овоо-2 талбайд үйлдвэрлэлт эхлэхэд бэлэн болно.