Чулуун заводын хамт олон энэ жилийн төлөвлөгөөт зам шинэчлэлтийн ажлын хүрээнд ямар ажлууд хийж байгааг тус заводын дарга Н.Отгонбаатараас тодрууллаа.
-Чулуун заводын үйлдвэрлэл тасралтгүй, жигд явж байна. Одоогийн байдлаар, бид өссөн дүнгээр 81705 шоо метр щебений нөөцийг бүрдүүлсэн. Энэ нь 40 гаруй км замын их засварт хүрэлцэхүйц хэмжээний нөөц.
Хоёрдугаарт, замын дунд болон их засварын ажлуудтай холбоотойгоор бүтээгдэхүүнийг их болон дунд засварын цонхны ажилд тасралтгүй ачиж нийлүүлэх нь ажлын нарийн зохион байгуулалт шаарддаг. Үүний тулд авто ачигчийн хэвийн тасралтгүй ажиллагаа ихээхэн нөлөөтэй байдаг. Өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд Замын санхүүжилтээр манай авто ачигч шинээр худалдаж авч өгсөн. Тэгэхээр энэ жилийн зам шинэчлэлийн ажилд авто ачигчаас шалтгаалсан ямар ч саатал гарахгүй байх.
Гуравдугаарт, замын их болон дунд засварт шаардлагатай бүтээгдэхүүнийг цаг тухай бүрд нь саадгүй нийлүүлэхэд манай зарим ажилтны хувьд илүү цагаар ажиллах шаардлага үүсдэг. Ялангуяа, амралтын болон нийтээр амрах баяр ёслолын үеэр ачилт хийх, ачсан бүтээгдэхүүнийг илгээх зэрэг ажилбаруудыг гүйцэтгэхэд илүү цагаар ажиллах шаардлага үүсдэг. Ажилчдын илүү цагийн асуудлыг шийдвэрлээд явчихвал өөр хүндрэл гарахгүй байх. Энэ талаар бид Замын захиргаанд асуудлыг тавихаар бэлтгэж байна.
-Хөтөлийн Төмөр бетон дэрийн үйлдвэрийн түүхий эдийг танайхаас хангадаг байхаа?
-Тэгэлгүй яах вэ, Төмөр бетон дэрний үйлдвэрийн гол түүхий эд болох 10-20, 5-10 мм-н хайргыг манайх тасралтгүй нийлүүлдэг. Замын их засвар эхлэхээс өмнө Төмөр бетон дэрийн үйлдвэрийн буталмал чулууны нөөцийг сайтар бүрдүүлээд өгчихийг зорьдог. Зам шинэчлэлийн аж ил эхэлчихсэн ид ачааллын дундуур тус үйлдвэрийн бүтээгдэхүүнийг явуулахад хүндрэл үүсэх магадлалтай учраас нэгдүгээр улиралд Хөтөл рүү 10-20, 5-10 мм-ийн хайргыг нийлүүлэлтийг түлхүү хийсэн.
Үүнээс гадна хаврын шар усны болон зуны үерээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд үерийн бэхэлгээний чулууг нэлээд бэлтгэж, Замын ангиудад нийлүүлсэн. Одоогоор манай талбай дээрээ 2700 орчим шоо метр үерийн далангийн бэхэлгээний чулуу бэлэн байна. Замын ангиудаас суларч ирсэн платформуудыг ачаанд илгээсэн байгаа.
Он гарснаас хойш буюу гуравдугаар сарын 19-ний байдлаар 22317 шоо метр щебень үйлдвэрлэсэн. Өдрийн дундаж үйлдвэрлэлт 750-990 шоо метр , щебений үлдэгдэл 81705 шоо метр байна.
Мөн 10-20, 5-10 мм-ийн шибурийн үлдэгдэл нийлээд 23710 шоо метр байна.
-Танайх бусад төмөр замуудад бүтээгдэхүүнээ нийлүүлдэг үү?
-Дорноговь аймгийн Алтанширээгийн Нефть боловсруулах үйлдвэрийн төмөр зам, Зүүнбаян-Тавантолгойн төмөр замын бүтээн байгуулалтад манайх бүтээгдэхүүнээ нийлүүлж байсан туршлагатай. Одоохондоо улс, бүсийн хэмжээний төмөр замын бүтээн байгуулалтуудад манайхаас бүтээгдэхүүн нийлүүлж эхлээгүй байна. Ер нь, манай бүтээгдэхүүн замын далан ул шороо тавигдаад үе угсарсны дараа замыг хөдөлгөөнгүй болгох үед л чигжиж асгадаг учраас энэ төслийн ажлууд яваандаа манайхаас щебень авах байх. Манайхаас авъя гэсэн тохиолдолд бид нийлүүлэхэд бэлэн. Гадны аж ахуйн нэгжүүд салбар зам барих ажилд бага хэмжээгээр щебень авдаг.
