Өнгөрсөн Бямба гарагт “УБТЗ” ХНН-ийн залуус уламжлал ёсоор шугам замын 503 дугаар км дэх Алсын худагт намрын мод тариалалтаа хийхээр цугларлаа. Арав гаруй жилийн өмнө төмөр замчин залуус сэтгэлийн дуудлагаар цуглан анхны моддоо суулгаж байсан энэхүү төгөл үржин, үржсээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” Үндэсний хөтөлбөртэй золгож өдгөө улам хүрээгээ тэлээд байгаа билээ. Өнгөрсөн хавар яригдаж байсан дуслын усалгааны систем энд бодит ажил болжээ. Замын санхүүжилтээр ЭХУХ-ийн I ангийн хамт олон нийт 9000 метр урттай, нэг дор 4000 гаруй мод зэрэг услах систем хийжээ. Үүний зэрэгцээ тухайн талбайд мод усалгаа хариуцсан гэрээт ажилтан ажиллуулсан зэрэг нь төмөр замчин залуусын төгөлд ёстой шимээ өгсөн шийдвэр болжээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн зуны усалгааны ачаар хавар тарьсан моддын ургалт 96 хувьтай байна гэх урамтай мэдээг Замын II ангийн ойн инженер ???..Нямсүрэн намрын тариалалтын нээлтийн үеэр дуулгасан нь залууст эрч хүч нэмлээ. Үүнээс гадна жилийн жилд хавар, намрын салхи шуурганд задгай хээр талд мод тарих амаргүй ч, залуус зорьсон ажлаа гүйцээдэг. Энэхүү хүндрэлийг шийдвэрлэхээр ЭХУХ-ийн I ангийнхан Замын захиргаанаас санхүүжилт авч тус талбайд 40 болон 20 футын чингэлгийг тохилог сууц болгон тохижуулж байрлуулсан байна. Ингэхдээ боловсон ариун цэврийн өрөө хийж, бохирын системийг нь эко байдлаар шийдвэрлэснийг залуус ихэд сайшаав. Мөн гадна 00-ийг ч холгүй барьсан гээд шинэ бүтээн байгуулалтууд нэлээд байсан юм. Эдгээр сууцыг аваачиж суурилуулах ажлыг өнгөрсөн долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт багтаан гүйцэтгэсэн ЭХУХ-ийн I ангийн залуус хийсэн ажлаа тухайн өдөр нүүр бардам хүлээлгэж өгөөд буцацгааж юм.
Энэ өдөр мод тарихаар алба, хэлтэс, салбар нэгж нийлсэн 14 байгууллагын 120 орчим төмөр замчин цуглаж, ногоон төгөлдөө гурван төрлийн 300 мод тарив.
Мөн энэхүү үйл ажиллагаанд “УБТЗ”-ын Тээврийн хяналтын албаны дарга М.Цогт (“Ногоон төгөл-2030” төслийг санаачлагч), Нийслэлийн ИТХ-ийн төлөөлөгч С.Эрдэнэбаяр нар хүрэлцэн ирж, мод тарьцгаалаа. Мод тарих ажлыг “УБТЗ”-ын Залуучуудын төв байгууллагын тэргүүн Ц.Золбаатар (Хэмжил зүйн төвийн ерөнхий инженер), дэд тэргүүн А.Туулсайхан (Замын VI ангийн ерөнхий инженер) нар удирдаж, Замын аж ахуйн албаны ойн инженер И.Алтанцэцэг, Замын II ангийн ойжуулагч Нямсүрэн нар мод тарьж буй залууст мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллалаа.
Мод тарьж дууссан залуус есөн багт хуваагдан олс татах тэмцээнээр хүчээ сорьцгоож, энэ удаад БЗАҮ-ний ангийн баг тэргүүлж, дэд байрт Замын II ангийн залуус шалгаран мөнгөн шагнал хүртэцгээлээ.
Ирэх жил “УБТЗ” ХНН-ийн үүсэн байгуулагдсан 75 жилийн ой тохиох тул уг төгөлд шинээр тохижилтын ажлууд хийж, мөн усалгааны системийг өргөтгөх, гүний худаг шинээр нэмж гаргах, усны нөөцийн сав нэмж байршуулах гээд ирэх жил хийх ажлаа Залуучуудын байгууллагын удирдлагууд энэ завсар зөвшилцөөд авна билээ. Ийнхүү төмөр замчин залуусын сэтгэлийн хүч, хүсэл тэмүүллээс цучил авч, “Ногоон төгөл” жил жилээр хаяагаа тэлсээр түм бумаар тоологдох модтой ой болоосой гэх ерөөл өргөн буцацгаалаа.
Б.Гүнжинлхам
