Нүүр Дугаарын сурвалжилга Нийслэлийн шилдэг СӨХ - "Дэвшил-39"
Дугаарын сурвалжилга

Нийслэлийн шилдэг СӨХ - "Дэвшил-39"

G.Press 2 жилийн өмнө 100 үзэлт 0 сэтгэгдэл

 

УБТЗ-ын өмчөөс хувьд шилжсэн орон сууц Улаанбаатар хотод олон бий. Тэдний ихэнх нь өдгөө үгүй болж, оронд нь олон давхар өндөр барилга сүндэрлэн боссон. Харин үлдсэн хэдээс нь зарим нурж унахдаа тулсан байхад цөөн хэд нь шинэ барилгаас ялгагдахааргүй өнгө үзэмжтэй, арчилгаа үйлчилгээ, тордлого сайтайдаа хэвээр байна. Тэдгээр арчилгаа сайтай цөөхөн байрны нэг нь Сүхбаатар дүүргийн тавдугаар хороонд байх 39 дүгээр байр юм. Тус байрыг 1969 онд барьсан бөгөөд оршин сууж буй төмөр замчдадаа УБТЗ шилжүүлэн өгснөөр Барилга ашиглалт үйлчилгээний ангийн харьяанаас гарснаар оршин суугчид “Дэвшил-39” СӨХ байгуулан барилгаа өнөөг хүртэлт арчлан тордож, орчны өнгө үзэмжийг нь жилээс жилд сайжруулсаар байгаа аж.Тиймээс энэ удаагийнхаа дугаарт тус байрны орчин, СӨХ-ны үйл ажиллагааг сурвалжиллаа. Тус СӨХ-ны даргаар Төмөр замын коллежийн багшаар олон жил ажилласан өндөр настан Ч.Энхцэцэг ажиллаж буй юм. Тэрбээр, “Би өмнө нь СӨХ-ныхоо тэргүүлэгчээр ажиллаж байгаад 2014 оноос даргаар нь сонгогдож, удалгүй дээврээ засварласан. Мөн 2015 оноос хөөцөлдөж байгаад гаднах газрынхаа зөвшөөрлийг авч, дүүргийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгт хүрээлэн байгуулсан. Эндээ усан оргилуур, хүүхдийн тоглоом, сагсны талбай, хоёр сүүдрэвчтэй. 2017 онд нийслэлийн Авто замын хөрөнгө оруулалтаар ус зайлуулах хоолойг 45 сая төгрөгөөр хийлгэж байлаа. 2018 онд ногоон байгууламжийн 13 хайрцаг дүүргийн хөрөнгө оруулалтаар хийлгэсэн. Гаднах зам хоёр урсгалтай байхад хүүхдүүд машинд дайруулж бэртэх асуудал их байсан. Тиймээс 2019 оноос нэг чигийн урсгалтай болгуулсан. Хот тохижуулалтын газраар 2020-2022 онд дулааны шугамаа бүрэн засварлуулсан. Энэ мэтчилэн оршин суугчдынхаа ая тухтай, амгалан тайван амьдрах цэвэр, эко орчин бүрдүүлэхэд маш их анхаарч ажилладаг. СӨХ маань есөн тэргүүлэгч, хоёр үйлчлэгч, бас хяналтын зөвлөлтэй. Үйлчлэгч нар маань 10 гаруй жил ажиллаж байгаа. Бүгд ямарваа нэг ажилд чин сэтгэлээсээ ханддаг. Оршин суугчид маань ч бидний зохион байгуулж буй бүхий л ажилд оролцдог. УЗ-ийн дарга Ч.Доржханд, Нарангэрэл, Хяналтын зөвлөлийнхөн гээд бүгд нэг сэтгэлээр ажилладаг даа. Манайхан байрныхаа 50 жилийн ойг 2019 онд хийсэн. Нягтлан маань давхар төмөр замын вагоны мэргэжилтэй Наранчимэг гэж бүсгүй бий. Бас л 10 гаруй жил ажиллаж, улсын СӨХ-ны 20 жилийн ойгоор тэргүүний нягтлан бодогчоор шалгарсан. Үйлчлэгч нар маань ч баярын бичиг, өргөмжлөлөөр шагнасан. Харин би ойгоор СӨХ-ны тэргүүний ажилтан болсон. Бидний бүхий л ажилд тусалдаг манай байрны Ө.Ган-Эрдэнэ, Эрдэнэбаяр, Мөнхжаргал нарын залуус бий. Ирээдүйд тэд маань л байраа, СӨХ-гоо энэ эрчээр нь авч явах байх” хэмээн танилцуулав. Тус 39 дүгээр байранд дийлэнх нь төмөр замын ажилчид, тэдний үр хүүхдүүд амьдардагаж.СӨХ-ноос гадна байрны Ахмадын зөвлөлтэй, түүндээ зориулсан өрөөтэй юм байна. Мөн 1996 оноос хойш тус байранд А.Эрдэнэтуяа“Чадавх” гэх үсчний газар ажиллуулж байгаа аж. Социализмын үед үсчний 39 дүгээр салбарт ажиллаж байсан гэнэ. Тус байранд үсчин болсноосоо хойш СӨХ-ныхон болон оршин суугчидтай ахан дүүс шиг дотносож цагаан сараар ахмадуудад нь үнэгүй үйлчилж, сүүлийн арав шахам жилд байрныхаа ахмадын болон хүүхдийн баярыг зохион байгуулж байгаа гэнэ. Тэрбээр, “Ч.Энхцэцэг даргатай СӨХ маш сайн ажилладаг. Бид олон жил хамтран ажиллаад сурчихсан” хэмээн цөөхөн үгээр тодорхойлов. Мөн оршин суугч өндөр настан Д.Даваасамбуу “Би энэ байранд 1969 онд залуудаа орж байлаа. Одоо 54 жил амьдарч, нас 80 гарчихлаа. Ардчилал гарснаас хойш байр хувьчилснаар СӨХ-ны даргаар Ч.Энхцэцэг томилогдсон. Өмнө нь Орон сууцны ангид харьяалагдаж байхад нь СӨХ-ны дарга Лхамхүү байсан юм. Манай СӨХ ахмадууд, хүүхдүүд амралт чөлөөт цагаа ая тухтай өнгөрөөх орчин бүрдүүлсэнд бид баяртай байдаг. Түрээслэгч аж ахуйн нэгж, иргэд ч засвар үйлчилгээнд сайн оролцдог. Ийм сайхан байр Улаанбаатарт цөөхөн байх. Би УБТЗ-д 40 гаруй жил ажилласны сүүлийн 20 гаруй жилд нь ТЗДС-д багшилсан” гэв.

            Тус байрны орц бүрээр ороход цэвэрхэн байлаа. Хэдийгээр хуучин байр ч гэлээ арчилгаа үйлчилгээ сайн байвал шинэ орон сууцнаас ч дутахааргүй тохилог, цэвэрхэн байж болдгийг энэ байрнаас харж болох аж. Үйлчлэгчээр Ч.Хүрэлбаатар, Я.Тунгалаг гэх гэр бүлийн хоёр ажилладаг юм байна. Үйлчлэгч Я.Тунгалаг “Бид энэ СӨХ-ны үйлчлэгчээр 2014 онд орж байлаа. Найман орц, гадна орчны цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажилладаг. Байрныхан маань үйлчлэгч нараа маш сайн хүндэлж, ажилд ч тусалдаг. СӨХ-ныхоо 20 жилийн ойн медалийг хүртсэндээ би баяртай байгаа” хэмээв. Түүнчлэн, тус байрны оршин суугч Ө.Ган-Эрдэнэ “Би багаасаа л энэ байранд амьдарсан. Намайг хүүхэд байхад гадна орчин гэрэлгүй, чөлөөт цаг өнгөрөөх юу ч байгаагүй. Харин сүүлийн жилүүдэд Ч.Энхцэцэг эгч СӨХ-ны дарга болсоор тохижуулж, үнэхээр сайхан болгосон. Би залуу оршин суугчийн хувьд засвар үйлчилгээний бүхий л ажилд нь цаг заваараа тусалдаг. Сагсны талбай цутгалцаж, хамгаалалтын хашааг нь будалцсан. Миний л амьдарч буй орчин шүү дээ. Тиймээс байрныхаа хүүхэд залууст аль болох орчиндоо цэвэрхэн, тоглоом, тохилог орчиндоо гамтай, өөриймсөг хандахыг уриалдаг. Манай байрныхан энэ тохижилтоо хайрлаж хамгаалдаг” гэлээ. Тэд цэцэрлэгт хүрээлэндээ болон орцнуудынхаа үүдний хоёр талд гацуур, улиас, бургас зэрэг олон төрлийн мянга гаруй мод тарьжээ. Бүр нохойн хошуу, үхрийн нүд... гэхчилэн жимсний мод ч олныг тарьсан, түрүүч нь жимс нь ургасан байлаа. Уулзсан оршин суугч бүр СӨХ-ны ажилд ам сайтай, бүгд л хамтран ажилладгаа хэлж байсан юм. Ч.Энхцэцэг даргын хэлснээр тус СӨХ нийслэлийн “Манай хороо, миний гудамж” уралдаанд дэд, “Хоггүй цэвэр цэмцгэр хамт олон” уралдаанд гутгаар байрт шалгарч байжээ. Сүхбаатар дүүргээс зарласан энэ төрлийн уралдаанд ихэвчлэн тэргүүлдгээ СӨХ-ны хамт олон бахархан ярьсан юм. Дүүрэг, хорооны удирдлагууд ч үргэлж ажлыг нь дэмжин хамтарч ажилладаг гэнэ.

           

Ч.Доржханд:Бусад СӨХ-ны шинэлэг зүйлийг өөрийнхөө байранд хэрэгжүүлдэг

“Дэвшил” СӨХ-ны УЗ-ийн дарга 

            - Улаанбаатар өртөөнд би 38 жил ажилласан. 2013 оноос УЗ-ийн даргаар ажиллаж байна. Манай СӨХ маш сайн ажилладаг. Надаас гадна дарга, тэргүүлэгчид, нягтлан, туслах ажилчид, Хяналтын зөвлөл гээд олон хүн бий. Бүгд нэгэн сэтгэлээр ажилладаг. Жилд хоёр удаа тайлангаа тавьдаг. Оршин суугчид ч дуудсан цагт хуралдан санал сэтгэгдлээ солилцдог. Хамгийн гол нь, оршин суугчдынхаа саналыг авах нь чухал байдаг юм.Манайхан үргэлж бусад байрны СӨХ-ны ажилтай танилцаад шинэлэг зүйл байвал өөрийнхөө байр, орчинд тохирохыг нь хэрэгжүүлдэг. Ер нь, дандаа төмөр замчид энэ байрыг анх баригдсан цагаас нь амьдарсан болохоор нэгнээ андахгүй. Одоо ч заримынх нь үр хүүхэд үе дамжин амьдарч буй болохоор байрныхаа засвар үйлчилгээ, гаднах орчны тохижилтод нэгэн сэтгэлээр ханддаг. Сантехникийн халуун, хүйтэн усны шугамыг солиод удаагүй байна.Цахилгааны асуудлаа бүрэн шинэчилсэн. Манай Ч.Энхцэцэг маш сайн ажиллаж байгаа 

 

 

 

 

Зүүн гараас СӨХ-ны үйлчлэгч Я.Тунгалаг, оршин суугч Ө.Ган-Эрдэнэ, Д.Даваасамбуу, СӨХ-ны дарга Энхцэцэг, үйлчлэгч Ч.Хүрэлбаатар, оршин суугч Г.Алтанцэцэг, У.Буянхишиг, СӨХ-ны УЗ-ийн дарга Ч.Доржханд нар.

 

Оршин суугч өндөр настан Д.Даваасамбуу, СӨХ-ны орлогч захирал И.Мөнхжаргал

 

 

М.Наранболд

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.