Энэ удаагийн үзлэгээр “Ган зам” дэлгүүрүүд, орон сууц зэрэг нийгмийн чиглэлийн байгууллагууд үзлэгт сайн бэлтгэсэн байлаа. Ялангуяа, хүүхдийн цэцэрлэгүүд төмөр замын аж ахуйн нэгжүүд төдийгүй орон нутгийн байгууллагатай маш сайн хамтран ажиллацгааж байлаа. Тухайлбал, Хүүхдийн секторын харьяа “Сансар” цэцэрлэгт орон нутгаас 10 сая төгрөгөөр бүрэн камержуулж, мөн хөгжим аппаратур авч өгсөн байна. Тус цэцэрлэг хөгжмөөр дамжуулан хүүхдүүдэд боловсрол олгоход анхаарч, хамтлаг байгуулсан нь аймгийнхаа урлагийн наадмын аварга болсон гэнэ. Тиймээс аймгийн хэмжээний бүх цэцэрлэг удахгүй туршлага судлахаар ирэх гэж буй таатай мэдээг дуулгалаа. Харин Айраг дахь “Ботгохон” цэцэрлэгийн барилга суулт өгч хана, тааз нь хагарсан тул үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн дүгнэлт гарчээ. Тиймээс ирэх хичээлийн жилд ашиглах боломжгүй тул шинэ цэцэрлэг барих талаар комиссынхон судалж шийдвэрлэхээр боллоо. Кейтеринг-Зочлох үйлчилгээний төвийн хувьд энэ удаагийн үзлэгээр амжилттай гүйцэтгэсэн ажил цөөнгүй байсан ч байцаагчийн дэвтэрт ч бас нэлээд зүйл бичигдлээ. Тухайлбал, тус төвийн харьяа “Жинчин” төвийг өмнөх үзлэгээр өгсөн үүрэг даалгаврыг арилгаагүй, галын эрсдэлтэй хэвээр байна гэдгийг онцлов. Мөн Багануур өртөөний цайны газрыг холбогдох байцаагч нар “Агааржуулагчийн дууг намсгаагүй, дуунаас нь болоод ажиллуулдаггүй”, “Газ ашиглалтын аюулгүй байдлыг хангаагүй” гэх мэт шүүмжлэлийг хэлж, үзлэг дамжиж буйг сануулж байлаа. Түүнчлэн, Айраг цайны газар зориулалтын бус, багтаамж багатай газарт үйл ажиллагаа явуулж, 70-80 хүнд үйлчилж байгаа нь хүндрэлтэй байгааг цайны газрын ажилчдын зүгээс хэлсэн юм. Тиймээс энэ талд анхаарч ажиллахыг холбогдох алба, хэлтсийн удирдлагууд болон тулгуур өртөөний даргад үүрэг болголоо.
Харин аль ч өртөө, зөрлөгт очсон ажилчдын амьдрах орон сууц хангалтгүй, дээврээс ус гоождог, хана, цонхноос сэнгэнэдэг гэсэн асуудал тавьж байв. Зарим газарт амьдрах орон сууцгүй учир өндөр үнэтэй байр түрээслэн амьдарч буйгаа хэлж байлаа. Энэ талд үе шаттай асуудлыг шийдвэрлэж, шугам замынхаа төмөр замчдын ажиллаж амьдрах нөхцөл боломжийг бүрэн хангахаа Замын дарга дуулгасан юм.