Замын III ангийнхан үер уснаас сэргийлэх ажлыг үе шаттай хийж байна. Тухайлбал, энэ сарын 11-нд Шивээ-Овоо-Шивээговь хоорондын 683 дугаар км-ийн IV зуут, Шивээговь-Өлзийт хоородын 693 дугаар км-ийн III зуутад “Д” маягийн ус зайлуулах хоолойг шинээр суурилуулах ажлыг ЗЗМС-ийн Гүүр хоолойн бригадтай хамтран хийсэн байна. Эл өдөр цонхны ажил 07.00-17.30 цагийн хооронд үргэлжилсэн бөгөөд дээрх хоёр хоолойг зэрэг суурилуулснаараа онцлогтой байжээ. Уг цонхонд ЗЗМС-ийн Гүүр хоолойн бригад болон Замын III ангийн V, VI, VII хэсгийн замчдаас бүрдсэн 60 хүнтэй баг цаг нартай уралдан ажиллаж, товлосон хугацаандаа ажлаа бүрэн дуусгаж, галт тэрэгний хөдөлгөөнийг нээжээ.
