Германы хэсэг эрдэмтэд 125.000 жилийн өмнө амьдарч байсан неандертальчуудтай холбоотой олдворыг судалсан үр дүнгээ өчигдөр “Sicence Advances” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлүүлжээ. Тэд Герман улсын төв бүсийн Халле хотын орчимд 1980-аад оныг хүртэл томоохон нүүрсний уурхай байсан газраас эртний хүмүүсийн суурьшин амьдарч байсан газрыг олсон юм байна. Эндээс 70 орчим арслан зааны ясны үлдэгдэл илэрсэн нь неандертальчууд ан гөрөөгөөр амьдарч байсныг харуулжээ. Тухайн үеийн арслан заан нь өнөөдрийн Ази тивийн заанаас гурав дахин том биетэй байсан тул тэднийг олуулаа нийлж ан хийдэг байсан гэж дүгнэхэд хүргэсэн байна. “Аварга том амьтныг агнаж, махыг нь хүнсэндээ хэрэглэх зорилгоор бэлдэж боловсруулах энд байсан неандертальчуудын амьдралын чухал хэсэг байсан бололтой. Тэд байгалийн боол байгаагүй, амьдарч буй орчиндоо том нөлөө үзүүлдэг байсныг эндээс харж болно” гэж судалгаанд оролцсон Лэйдений их сургуулийн археологийн профессор Вил Рубрук ярьжээ.
Арслан зааны яснуудыг судлаад тэдгээр нь голдуу эрэгчин, нас биед хүрсэн байсныг тогтоосон байна. Энэ нь неандертальчууд ангаа сонгодог байсны илрэл гэнэ. Эрэгчнүүд нь том биетэй буюу мах ихтэйгээс гадна ганцаар амьдардаг байсан нь авлахад хялбар байсан гэж дүгнэжээ. Эмэгчнүүд голдуу сүрэглэж явдаг, үр төлөө хамгаалахын тулд ширүүн эсэргүүцдэг байсан нь үүнд бас нөлөөлсөн байж болзошгүй гэнэ. Тиймээс ганцаар яваа эрэгчин арслан зааныг урхинд оруулахад илүү амар байсан гэж таамаглажээ. Нэг том ан неандертальчуудын хэдэн сарын хүнсний хэрэгцээг хангадаг байсан гэж дүгнэсэн байна. “Дундаж эрэгчин 10 тонн жинтэй байсан гэж үзвэл энэ нь хамгийн багаар бодоход насанд хүрсэн нэг неандерталь хүний 2,500 өдрийн хоол юм. Тэд илүүдэл махыг удаан хугацаанд хэрэглэхээр нөөцөлдөг, эсвэл олуулаа байсан тул шууд хэрэглэдэг байсан ч байх боломжтой” гэж Рубрук ярьжээ. Малтлагын газраас мах огтлох зориулалттай цахиур чулуун багажнууд олдсон байна. Арслан зааны яснаас махыг нь шулсныг илтгэх зэвсгийн мөр олдсон нь үүнийг баталжээ. Мөн нүүрс шатааж байсан ул мөр олдсоноос харвал тэд махыг утаж хадгалдаг байсан байх боломжтой гэнэ. Ямартай ч энэ судалгаагаар неандертальчууд олуулаа нэгдэж амьдардаг байсан гэж эрдэмтэд дүгнэжээ. Гэхдээ яг хэдүүлээ нэг дор амьдарч байсныг ядаж багцаалах дүгнэлт гаргаж чадаагүйгээ хэлсэн байна. “10 тонн жинтэй амьтны махыг муудахаас нь өмнө салгаж боловсруулахын тулд ядаж 20 хүн долоо хоногийн хугацаанд зэрэг ажиллах хэрэгтэй. Энэ бол бидний баримжаалж чадах ганц тоо” гэж Рубрук ярьсан байна.
Эх сурвалж: AFP