Манай “Хобби” буланд энэ удаад Зорчигч тээврийн төвийн амрах байрны жижүүр Нямдоржийн Чинбат уригдлаа. Эелдэг даруухан, ер зүгээр суудаггүй, хөдөлмөрч, бүтээлч энэ бүсгүйг хамт олон нь ихэд хүндэтгэн хайрладаг юм билээ.
-Танд налгар намрын мэнд хүргэе!
-Баярлалаа, танай редакцийн хамт олонд энэ өдрийн мэнд хүргэе. Ажлаасаа буугаад амарч байтал Л.Дэлгэрмаа инженер маань утасдаад “Ган зам” сонинд маргааш ярилцлага өгөөрэй гэхэд нь баярлах, балмагдах зэрэгцлээ шүү дээ. Намайг сониндоо урьсанд их баярлалаа.
-Таныг гар урлалын зүйл их хийдэг гэж дуулсан. Ямар зүйлс хийдэг вэ?
-Би ер нь, зүгээр сууж чаддаггүй хүн. Шүр сувд хэлхэх, хатгамал, оёдол, сүлжмэл (макраме), зүймэл урлал, чимэглэлийн зүйлс гээд юм бүрийг л хийж байна. Нэг шинэ зүйл хийж сураад ахиад өөр шинэ зүйл хийж үзмээр санагддаг. Миний хобби маш олон төрөл. Байнга л шинэ зүйл хийж туршиж үзэх сонирхолтой. Ер нь, чөлөөт цагаа өөрийнхөө дуртай зүйлд зориулдаг. Цагийг дэмий өнгөрөөж үнэхээр чаддаггүй.
–Хүний бүтээлч сэтгэлгээ гэрийн хүмүүжилтэй их холбоотой санагддаг. Танд юмхнаар юм хийхийг хэн заасан бэ?
-Чамайг ингэж асуусан чинь өвөө, эмээтэйгээ өнгөрүүлсэн бага насны дурсамж яг зураг шиг тодхон санагдаж байна. Би эцэг эхээс зургуулаа. Айлын тав дахь хүүхэд. Багадаа эмээ өвөө дээрээ өссөн. Намайг цэцэрлэгт байхад өвөөгийнх 40 мянгатад Их дэлгүүрийн хавьд “Нүүдэлчин” зочид буудлын дэргэд байдаг байлаа. Дараа нь өвөө эмээ бид гурав төмөр замын тосгонд нүүж ирсэн. Манайх 50 дугаар байранд байсан. Өвөө (Донойн Сэрээсэн) минь төмөр замын Удирдах газарт ажилладаг байсан. Гэрийн цонхоор өвөөгийн ажлын өрөөний цонх харагддаг байсан. Миний өвөө, эмээ хоёр маш ажилсаг, эртэч хүмүүс байлаа. Өглөө бүр бид гурав 06.00 цагт босно. Цай ундаа уучихаад өвөө ажилдаа явж, эмээ бид хоёр үлдэнэ. Эмээ байнга л юм оёж хатгаж, юмхнаар юм хийж сууна. Тэгэхдээ намайг дэргэдээ суулгачихна. Тэгээд даавууны өөдөснүүд зүйгээд оёодох гэнэ. Тэгсээр сүүлдээ дээл, хувцас оёхыг заасан. Зун зуслан дээр эмээ минь модоор сандал хүртэл хийчихнэ. Тэгэхдээ надад “Миний хүү хийж чадахгүй ч яаж хийдгийг нь сайн хараад ав” гэдэгсэн. Тэгэхээр гэр бүлийн хүмүүжил, эцэг эх, эмээ, өвөөгийн ажил амьдралын дадал хэвшил хүүхэд хэн болж төлөвших вэ гэдэгт шууд нөлөөлдөг нь үнэн. Аавын минь ээж ч маш уран, булган малгай оёдог хүн байсан. Аав минь намайг миний хүү нөгөө эмээгээсээ малгай оёхыг нь бас сураарай гэдэг байсан. Ер нь, ганц би биш манай гэрийнхэн бүгд л ажилсаг хүмүүс дээ.
Дээр нь, биднийг дунд сургуульд байхад үйлчлэх хөдөлмөрийн хичээл гэж ордог байлаа. Тэр хичээлээр охидод оёж, шидэх, нэхэхийг, хөвгүүдэд мод хөрөөдөж харуулдаж, хадахаас өгсүүлээд амьдралд хэрэгтэй зүйлсийг заадаг байсан даа. Одоо дунд сургуульд тийм хичээл ордог юм болов уу даа.
-Таныг хүүхэд байхад одоо шиг юм бүр ийм ч элбэг байгаагүй байх. Оёдол үйл хийдэг хүмүүс хувцсаа өөрсдөө оёод өмсдөг байсан гэх?
-Тийм шүү, даашинз, юбка зэргийг өөрөө оёод өмсчихдөг байлаа. Эмээ надад даавуу авчирч өгөөд миний хүү өөрөө эсгээд юм оё. Материал эвдэнэ гэж битгий ай. Дуртай зүйлээ өөрөө хийгээд үз гэдэг байсан. Одоо бодоход намайг цэцэрлэгт байхаас эхлээд шал арчих, аяга таваг угаах, оёж шидэхээс эхлээд амьдралд бэлтгэж байж дээ.
-Та гар урлалаа ямар материалаар хийж байна вэ?
-Янз бүрийн зүйлсээр хийж байна. Гар урлалын материал зардаг төрөлжсөн дэлгүүрүүд байдаг. Цалингаа буухаар гар урлалын материалаа цуглуулаад явах чинь бас нэг жаргал шүү дээ. Мөн гарын доорх материал, 00 цаасны гол, хүүхдүүдийн багадсан хувцас зэрэг янз бүрийн зүйл ашиглаж хийдэг. Жишээ нь 00 цаасны голыг ашиглаад цэцгийн сав хийгээд, хиймэл цэцэг суулгаад (гар утаснаасаа хийсэн зүйлсийнхээ зургийг үзүүллээ) чимэглээд зуслангийн байшингаа чимсэн. Хүүхдийн багадсан хувцсыг ашиглан зүймэл эдлэл хийдэг. Хог руу хаяж шатааж байхаар хүнд хэрэгтэй зүйлс хийгээд тавьчихдаг.
-Хийсэн зүйлсээ борлуулж амьдрал ахуйдаа нэмэрлэдэг үү?
-Би ёстой зарж борлуулж үзээгүй. Өөрийнхөө гараар хийсэн зүйлсээ найз нөхөд, ах дүүстээ бэлэглэх дуртай. Бэлэг аваад баярлаж байгаа хүнийг хараад би өөрөө нээх гоё жаргалтай болдог.
-Гар урлал хийхийн ашиг тусыг та юу гэж боддог вэ?
-Маш их гэж боддог. Наад зах нь стресстэй, сэтгэл тавгүй үед дуртай зүйлээ хийгээд суухад нэг мэдэхэд л тайвшраад сайхан болчихсон байх жишээтэй. Байнга л ийм зүйл хийхсэн, тийм юм сурахсан гэж бодож, төлөвлөж зорилготой явах сайхан. Нөгөө талаар, эдийн засагт хэмнэлттэй. Хүүхдүүдээ багад нь би дэлгүүрээс барагтай хувцас авч өгч үзээгүй. Өөрөө бүгдийг нь оёод өмсгөчихдөг байлаа. Хуучин эд зүйлсийг хаялгүй дахин ашиглаад юм хийгээд тавьчих нь хог хаягдлыг бууруулж байгаа нэг хэлбэр шүү дээ. Өөрийнхөө гараар хийсэн зүйлсийг хараад сэтгэл өег сайхан мэдрэмж төрнө. Ойр дотны хүмүүс, найз нөхдөөсөө урмын үг, магтаал сонсох ч сайхан. Дээр нь, ижил хоббитой найз нөхдийн хүрээлэл үүснэ. Бие биенээсээ суралцана. Гар урлал амьдралд өнгө нэмдэг.
Нээрээ надад “Youtube” гэдэг сайн багш бий. “Youtube”-ээс их зүйл сурдаг шүү. Өнөө цагт юм хийе, суръя, бүтээе гэвэл бүх зүйл нь бэлэн, элбэг дэлбэг сайхан болж. Охид ийм гар урлал их хийдэг болсныг анзаарсан. Юм сэтгэдэг, бүтээдэг хүн ажил дээр ч, амьдрал дээр ч алзахгүй дээ гэж боддог.
-Таны хоббийг гэрийнхэн чинь хэр дэмждэг вэ?
-Дэмжилгүй яах вэ. Хамт суугаад хийхгүй ч хийснийг минь хараад “Ямар гоё юм бэ”, “Үнэхээр сайхан болж” гэдэг урмын үг сонсох сайхан шүү дээ. Ер нь, урмын үг сонссон хүн чинь сэтгэл өөдрөг, ахиад юу хийх вэ гэж бодох жишээтэй. Манай гэрийнхнээс гадна ажлын хамт олон найз нөхөд магтана урамшуулна. Сайхан шүү дээ.
-Танай хамт олон дунд танаас жишээ авч гар урлал хийдэг хүмүүс бий юу?
-Манайхан дунд надаас уран бүсгүйчүүд олон байгаа. Манай инженер Нарангэрэл бүр урлантай байсан. Онлайнаар хичээл заадаг маш уран бүсгүй. Бас Туяа маань байна. Бид хоёр хэдэн жилийн өмнө Мартын 8-наар ТЗДС дээр гар урлал хийдэг төмөр замчин бүсгүйчүүдийн үзэсгэлэн гарахад хамт оролцож байлаа. Байгалмаа маань байна. Бид хоорондоо бие биенээсээ сурсан мэдсэнээ хуваалцана. Нийлээд суухаараа гар урлалынхаа тухай л ярилцана. Би тэднийхээ хажууд сонирхогч төдий шүү дээ /инээв/. Хамт олон маань дэмжинэ. Ямар сайндаа 00 цаасны дамар хүртэл авчирч өгөх вэ дээ. Ингэж л бие биенээ дэмждэг их сайхан хамт олонтой би их азтай хүн шүү.
Энэ ташрамд хэлэхэд манай байгууллагын удирдлагууд үнэхээр хүнийхээ төлөө сэтгэл гаргадаг, дэмждэг ойлгодог. Ажилтнуудаа урмаар тэтгэдэг сайхан хүмүүс. Хүний л амьдрал юм чинь зовлон жаргал ээлжилнэ. Өвдөнө зовно тэр бүгдийг хуваалцдаг сайхан хамт олон. Хамт олны энэ сайхан уур амьсгал цэцэгтэй зүйрлэвэл сайхан шимтэй хөрс нь. Сайн хөрсөнд сайхан цэцэг ургадаг шиг сайхан уур амьсгал дунд хүн сэтгэл өөдрөг, ажилдаа чин сэтгэлээ шингээж ажилладаг даа. Энэ ташрамд намайг урамшуулж, дэмжиж тусалдаг хамт олондоо баярлалаа. Та бүхний минь үйлс бүхэн дэлгэрч явах болтугай.
Мөн танай сонины хамт олонд амжилт хүсье. Намайг сониндоо урьсанд дахин баярлалаа.
-Амралтынхаа цагаас хугаслан бидний урилгыг хүлээн авч ярилцлага өгсөн танд баярлалаа.
Ярилцаад суухад сэтгэлийнх нь илчинд дулаацмаар эгэлхэн энэ бүсгүй өөрийн бүтээлүүдийнхээ дээжээс бидэнд дурсгаж баяртайгаар гарч одлоо. Бэлгийг нь аваад чин сэтгэлээсээ баярлаж буй хүнийг хараад өөрөө аз жаргалаар бялхдаг ийм нэгэн эгэлхэн төмөр замчин бүсгүйтэй хөөрөлдлөө.
Б.Гүнжинлхам
