2024.01.01-ний 05.10 цагт
Үнэгэн харанхуй сөхөж, үүрийн гэгээ хаяарч байх мөчид Улаанбаатар зорчигч үйлчилгээний төв буудалд 2024 оны анхны нар харах аяллын галт тэрэг уяан дээр эзнээ хүлээн дүүхэлзэх ирмэг хүлэг шиг уур савсуулан, нүргэлэн зогсох нь нэг л ер бусын...
Төмөр замчид 2024 оны хамгийн эхний цав цагаахан хуудсыг эргүүлэн, шинэ мөрнөөс “Нарны галт тэрэг” хэмээн томоор бичих шиг санагдана.
Төдхөн түмэн хэлийн хүмүүс тал талаас цуглаж, өнгө өнгийн дарцаг, тугтай аяллын группийнхэн ирцгээн, саяхан л эл хуль байсан төв буудал олны хөлд өдөр шиг дарагдав. Таних танихгүй бүгд л “Шинэ оны мэнд” хэмээн инээд алдан мэндэлцгээж, цаанаа л нэг сэтгэл тэнүүн, жаргалтай. Нарны аяллыг зорин ирсэн хүн бүхний сэтгэлд гэгээхэн хүсэл мөрөөдөл, ерөөлийн сайхан үгс бялхан байгаа гэж бодохоор гайхалтай. Зорчигчид суудлаа эзэлж, 05.40 цагт “Нарны галт тэрэг” зогсоолоос алгуурхан хөдөлж, аажмаар хурд нэмэн довтолгов. Энэ удаагийн “Нарны галт тэрэг”-нд 300 гаруй жуулчин, Монгол Улсад амьдардаг гадаадын иргэд, мөн дотоодын аялагчид, төмөр замчид гээд 400 гаруй зорчигч суусан байна. Энэ галт тэрэгний зорчигч бүрийн сэтгэлд гэгээхэн мөрөөдөл, ерөөлийн хамгийн сайхан үгс бий гэж бодохоор нэг л гайхалтай сайхан санагдаж байлаа.
Жавар исгэн довтолгох галт тэрэг хоёр цагийн дараа зорьсон газраа хүрч, Хангай зөрлөгт зорчигчдоо буулгав.
УБТЗ-ын Аялал жуулчлалын товчооны брэнд “Нарны галт тэрэг” ийнхүү 23 дахь жилдээ шинэ оны нар угтан довтолгосоор ирсэн нь энэ билээ.
Аварга том түүдгийн гал дүрэлзэж, дуу хуур, бүжиг наадам эхэлж, анхны нарыг угтах ёслолын ажиллагаа урьдын адил утга төгөлдөр эхэллээ. Уг арга хэмжээнд Замын удирдлагыг төлөөлж Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболд, Удирдлагын асуудал хариуцсан орлогч дарга Н.Энхцогт, Замын даргын ажлын албаны дарга С.Сумъяадорж, Аялал жуулчлалын товчооны дарга Ч.Мөнх-Эрдэнэ нарын албаны хүмүүс хүрэлцэн очсон байв. Замын Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболд нар харах ёслолын үйл ажиллагааг албан ёсоор нээж үг хэлсний дараагаар урлагийн тоглолт эхэллээ. Төмөр замын чуулга, Цагаан лавай чуулгын уран бүтээлчдийн дуу хуур, бүжиг, цамын ёслол өглөөний жаврыг сарниан холын жуулчдын нүдийг хужирлаж, сэтгэлийг цэнгүүлэв.
Энэ хооронд шинэ оны нар шижир туяагаа цацруулснаар тэнгэрийн хаяанаас мандав. Хурсан олон уухайлах тусам улам дээшилж, хүмүүс цай сүүний дээжээ ерөөлийн сайхан үгстэй өргөцгөөв.
Монгол түмэн амны билгээс ашдын билэг хэмээдэг. Шинэ оны эхний өдөр тэнгэр цэв цэлмэг, алтан нар дүүрэн мандсан нь ирж буй шинэ ондоо элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байхын дохио гэлцэж бурам шиг үгийг хэлэлцэн унаандаа сууцгаасан билээ.
УБТЗ-ын Аялал жуулчлалын товчооны энэхүү брэнд аяллыг гадны жуулчид ихээхэн сонирхож, жилээс жилд аялагчдын тоо нэмэгдэж байгааг тус товчооныхон онцолсон юм. Энэ удаагийн аялалд Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфани, мөн Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайт, НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчид болон АНУ-ын Элчин сайдын яам болон Энх тайвны корпусын 17 хүн зэрэг нэр хүндтэй зочид оролцсон нь уг аяллын үнэ цэнийг илтгэсэн гэхэд болно.
Мөн жуулчдын дийлэнх нь Япон Улсаас зорин ирсэн байв. Гадны жуулчдад зориулсан урлагийн бэсрэг тоглолтыг Төмөр замын чуулга, Цагаан лавай чуулгын уран бүтээлчид галт тэргэнд, ган дугуйн хэмнэл дунд толилуулсан нь холын зочдыг гайхшруулсан юм. Үндэсний хөгжим, ардын дуу бий биелгээ, хөөмийг ямар ч өсгөгч, микрофонгүйгээр дэргэдээс нь тэр дундаа галт тэргэн дотор үзэж буйдаа туйлын баяртай байгаагаа илэрхийлж байсан юм.
Ийнхүү дуутай, хууртай, ерөөл дүүрэн “Нарны галт тэрэг” ургах нарыг угтан довтолгож, үдийн нарыг дагуулан давхисаар буцаж ирлээ.